НҮБ-ын Хүн амын сан 2020 онд “Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” судалгааг хийсэн. Судалгаагаар Монголд дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн улмаас жилд нийт 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар)-тэй дүйцэх хэмжээний алдагдал гарч буйг тогтоосон байна.
Монголд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн ноцтой зөрчил ихээр гардаг. Судалгаагаар хамтрагчтай байсан 15-49 насны эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан бол 31.2 хувь нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртөж байжээ. Түүнчлэн, 15 наснаасаа хойш эмэгтэйчүүдийн 14 хувь нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан байна. Тэгвэл Монгол Улсад хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр авч байгаа үйл ажиллагааны нийт зардал (үйлчилгээний урсгал зардал) 24 тэрбум 167.9 сая төгрөг байгаа нь судалгааны үр дүнгээр гарсан байна. Судалгааны гол үр дүнгүүдийг танилцуулбал:
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монгол улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг үр дагавар учруулж байна. Тооцоо судалгаанаас үзэхэд хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар) болж байна. Үүнд:
Хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр авч байгаа үйл ажиллагааны нийт зардал (үйлчилгээний урсгал зардал) 24 тэрбум 167.9 сая төгрөг (9.9 сая ам.доллар).
Ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэй хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гарах нийт хохирлын өртөг 577 тэрбум төгрөг (237 сая ам.доллар) байгаа нь өнөөгийн үйлчилгээнд зарцуулж байгаа зардлаас бараг 24 дахин их байна.
Үл үзэгдэх зардал хэмээн нэрлэгддэг хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал Монголд дотны хамтрагчийн хүчирхийллээс үүдэлтэй нийт хохирлын өртгийн 90 хувийг эзэлж байна.
Хүчирхийлэлд өртсөний улмаас хохирогчийн хувьд алдсан орлого 18 тэрбум 517.4 сая төгрөг (7.6 сая ам.доллар).
Цалин хөлсгүйгээр ажилладаг өрхийн хөдөлмөр, асаргаа сувилгааны ажлын алдагдал 11 тэрбум 275 сая төгрөг (4.6 сая ам.доллар).
Хувь хүнээс гарсан зардал 6 тэрбум 592.8 сая төгрөг (2.7 сая ам.доллар) байна.
Үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо: Үйлчлүүлэгчдийн тоо өнөөгийнхөөс 75 хувиар өссөн тохиолдолд үүнд шаардагдах хөрөнгө нь эс үйлдэхүйгээс үүдэлтэй хохирлын өртөг буюу хүчирхийлэлд өртсөний улмаас гарах зардлын дөнгөж 7.3 хувьтай тэнцэх хэмжээгээр л нэмэгдэнэ. Иймд хөрөнгө нөөц нэг их үрэлгүйгээр Гэр бүлийн бүх хохирогчдод хүрч үйлчлэхийн тулд үйлчилгээг үлэмж хэмжээгээр өргөжүүлэх боломжтой болохыг судалгааны дүн харуулж байна.
Энэхүү судалгаа нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлого шийдвэр, бодит алхмуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодитой тоо мэдээллийг бий болгох, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой НҮБ-ын хүн амын сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй дөрвөн жилийн үйл ажиллагааны хүрээнд хийсэн юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь олон нийтийн дунд төдийлөн яригдаад байдаггүй хүнд сэдэв төдийгүй иргэд энэ асуудлаар мэдлэг ойлголт дутмаг байсаар байгаа энэ үед хүчирхийллийг таслан зогсооход үнэ зөв, бодитой тоо мэдээлэл амин чухал байгаа юм. Энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд болон шийдвэр гаргагчид хүчирхийллийн нөхцөл байдлыг харуулсан тоо мэдээллийн тусламжтайгаар оновчтой, зөв шийдэл, арга замыг тодорхойлж чадна. Өдрөөс өдөрт газар авч буй гэр бүлийн хүчирхийлэл болон түүнээс үүдэлтэйгээр хувь хүн, өрх гэр, цаашлаад улс орны нийгэм эдийн засагт учирч буй эдийн засгийн хохирлын өртгийг бууруулахын тулд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг энэхүү судалгаа онцолж байна.