Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

BBC: Монголын өөрчлөгдөж буй дүр төрх

BBC: Монголын өөрчлөгдөж буй дүр төрх
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 6
Сэтгэл хөдөлгөм хурдан морины уралдаан, эртний нүүдэлчдийн соёл, орчин үеийн нийслэл, зочломтгой зан чанар, уудам тал нутагтай Монгол Улс адал явдалт дурлагсдыг улам ихээр татсаар байна. Саяхан ВВС-ийн "Аялал жуулчлалын шоу" нэвтрүүлгийн нэвтрүүлэгт хөтлөгч Люси Хеджес тус улсад айлчилж, Улаанбаатарын эрч хүчтэй хотын амьдрал болон тал нутгийн уламжлалт хэмнэлийн аль алиныг нь мэдэрсэн байна. Түүний Монголын талаар бичсэн нийтлэлийг тоймлон хүргэе.
Баруун талаараа Алтайн уулс, өмнө талаараа говь тал нутаг зонхилдог, далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том үндэстэн нь түүхийн хувьд олон талт байдлын илэрхийлэл. Оросын цэргүүд Монголын хувьсгалчдад эзлэн түрэмгийлэгч Хятадуудыг хөөн гаргахад тусалсны дараа Монгол Улс 1924 онд тусгаар тогтнолоо зарлаж, Улаанбаатарыг улсын нийслэлээр сонгосон. 1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн бөгөөд сүүлийн 24 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдэж, 1.7 сая болжээ. Гэсэн хэдий ч энэхүү хурдацтай хотжилт, өсөлтийг үл харгалзан тус улс олон мянган жилийн турш уугуул иргэдийн нүүдэлчин амьдралын хэв маягаараа алдартай хэвээр байна.
МЭ III зуунаас хойш Монголын тал нутгийн оршин суугчид мал маллаж, газар нутгаа даган амьдарсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн монголчуудын 40 орчим хувь нь нүүдэлчин. Тус улсын нийт хүн амын гуравны нэг орчим нь гэр хэмээх уламжлалт орон сууцанд амьдарсаар байгаа бөгөөд  хурдан буулгаж, шинэ байршилд нүүлгэх боломжтой. Харин одоо цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хотжилт, эрс тэс цаг агаарын хослол нь энэхүү эртний амьдралын хэв маягт заналхийлж байна.
Монголын нийслэл Улаанбаатар хурдацтай хөгжиж, цаг агаарын байдал өөрчлөгдөж байгаа хэдий ч олон хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлсээр байна. Монголд аялал жуулчлал нэмэгдэж байгаа бөгөөд олон хүн энэхүү эртний соёлыг, мөн тус улсын цаст уулс, өргөн уудам элсэн манхан, эцэс төгсгөлгүй мэт санагдах тал хээр нутгийг мэдрэхийг хүсэж байна. Ховордсон тахь амьдардаг Хустайн байгалийн цогцолборт газар, Гурван сайханы байгалийн цогцолбор газрын гайхалтай хадны тогтоц зэрэг хэд хэдэн байгалийн цогцолборт газар нь  нийслэлтэй ойрхон байдаг. Ууланд авирах аяллыг Алтайн нуруунд хийх боломжтой бөгөөд тэмээгээр элсэн цөлөөр явах юм уу, тал газраар морьтой явган аялал хийх боломжтой. Улаанбаатар хотод Чойжин ламын сүм музей, Төв Гандантэгчэнлин хийд зэрэг олон сайхан сүм хийдүүд байдаг. VIII Богд хааны өргөө байсан Богд хааны өвлийн ордон музей, Монголын үндэсний музей зэрэг алдартай музейд Монголын түүх, уламжлалт ахуйг харуулсан үнэт олдворууд хадгалагдаж байдаг.
Мөн жуулчид нийслэлийн захын "Гэр хороолол"-оор зочилсноор монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдрэх боломжтой. Тус бүс нутагт урьд нь нүүдэлчин байсан 900 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний олонх нь анх удаа хотод амьдарч байна. Тус нутгийн оршин суугчдад тулгарч буй нийгэм, улс төр, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготой ашгийн бус байгууллага болох GerHub нь гэр бүлүүдэд олон нийтийн аялал хийх, уламжлалт гар урлалыг жуулчдад борлуулах замаар өөрсдийгөө тэжээх шинэ арга замыг олоход нь тусалдаг. GerHub-ийн нийгмийн инновацийн удирдагч Дариа Азбаяр "Гэр хорооллын иргэд орон сууцанд амьдрахыг хүсдэг гэсэн буруу ойлголт их байдаг” гэв.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн