Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ-аас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгатай донтох эмгэгийн талаар цөөн хором ярилцлаа. -Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэгчдийн ихэнх нь ямар зүйлд донтсон байдаг вэ?
-СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх олонх буюу 95 орчим хувь нь архи, тамхинаас шалтгаалсан эмгэгтэй. Ер нь бүхий л төрлийн донтох эмгэгүүдийн хамгийн түгээмэл нь архинд донтох эмгэг байдаг. Дараа нь мансууруулах бодистой холбоотой эмгэг орж байна. Мөн мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотойгоор ирж эмчлүүлж буй хүмүүсийн давтамж жил ирэх тусам нэмэгдсээр байна.
-Залуучуудад ямар төрлийн донтолт илүү их тохиолдож байна?
-Сүүлийн үед тулгамдсан асуудал бол цахим мөрийтэй тоглоом боллоо. 2020 онд цахим мөрийтэй тоглоомд донтсон эмгэгээр СЭМҮТ-д гурван тохиолдол эмчлүүлж, зөвлөгөө авч байсан бол 2023 онд 101 болж нэмэгдсэн. Цахим мөрийтэй тоглоомд донтох эмгэг маш хурдтайгаар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор их хэмжээний өрөнд орсноос болж сэтгэл гутралд орох, түгших, гэр бүл салалт зэрэг олон асуудал үүсэж байна. Иймд цаашдаа цахим мөрийтэй тоглоомын эсрэг чиглэсэн ажлуудыг хийх шаардлагатай үүсэж байна.
-Бага насны хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хамаарал, донтолтын тохиолдол хэр их байдаг вэ?
-Гар утас, интернэт хэрэглээний улмаас бага насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хамааралтай болж байна. Оюутан, сурагчид хангалттай нойр авахгүй байгаагаас болоод ядрах, анхаарал төвлөрөлт буурах, хичээлдээ сонирхолгүй болох зэрэг нь анхаарал хандуулах ёстой асуудал болж байна. Мөн тамхины хэрэглээ, электрон тамхины хэрэглээ хавтгайрч байна.
Гар утасны зохисгүй хэрэглээнээс болж нүдээ цавчих, ээрч гацах, ээлжийн ажил хийдэг хүнтэй адил ядрах, нүдний доогуур хөхөрч, эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавихгүй байна гэдгийг багш нар хэлдэг. Эдгээр нь цаашлаад олон архаг өвчний суурийг бэлдэж байдаг сөрөг нөлөөтэй. Аль ч насны хүн унтаж амрах, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийдэг байхыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Амьдралын хэв маягаас болоод багаасаа жин нэмэх, таргалах, чихрийн шижин, зүрх судасны эмгэг, цаашлаад хавдрын суурь тавигдана. Тийм учраас хүн болгон, өрх гэр болгон манай амьдралын хэв маяг ямар байна, миний хүүхэд яаж, юу үзэж, сонсож цаг заваа өнгөрөөж байна гэдгийг хянаж байх нь зүйтэй.
-Донтох эмгэгийн үед ямар эмчилгээ хийдэг талаар мэдээлэл өгөөч?
-Дээр дурдсан эмгэгүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх асуудал зөвхөн СЭМҮТ-ийн асуудал биш. Өрх, аймаг, дүүргийн эмч нарынхаа чадавхыг нэмэгдүүлж, тухайн хүн оршин байгаа газраа зөвлөгөө мэдээлэл авч донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, нөгөө талаас асуудал бага байх үед нь зөвлөгөө, мэдээллээр хангаж, эмчлэх, чиглүүлэх шаардлага гарч байгаа. Үнэхээр донтох эмгэг үүсчихсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагад хандаж, хэвтэх эмчлүүлж тусламж үйлчилгээ авах шаардлагатай. Ер нь болгоны эмчилгээний суурь нь сэтгэл заслын эмчилгээ байдаг. Шаардлагатай бол эмэн эмчилгээг хавсарч хийдэг.
Донтох эмгэгээс сэргийлэхийн тул юун түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Техник технологийн дэвшлээс холдох аргагүй. Тийм учраас яаж зөв зохистой хэрэглэх тал руу анхаарах ёстой болж байна. Ер нь ямар ч төрлийн донтох эмгэг үүсэхээс өмнө хянах бүрэн боломжтой байдаг.