“Хотон ястны генд нь бий биелгээ оршдог. Заагаагүй байхад сураад явдаг онцлогтой. Бий биелгээ биелэхэд өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмжийг авдаг. Бие минь хэдий ядарсан байсан ч хуурын аялгуу сонсоод бие хөнгөрөөд явчихдаг. Хэл хуур амьтай. Бий биелгээ хийж байхад уул, ус баясдаг. Иймдээ ч бүх юмны энерги, эрчим байдаг болов уу гэж боддог” хэмээн ярих хүн бол Д.Балган юм. Тэрээр Увс аймгийн тариалан сумын уугуул 13 дахь үеийн өвлөн уламжлагч, Хотон угсаатны Шаавай овгийн хүн. Дөрвөн настайгаа бий биелгээ биелсэн бөгөөд өдгөө 70 нас хүрэх гэж яваа.
Бий биелгээч Д.Балган “Монгол соёлыг монголчууд бид л авч үлдэхгүй бол өөр хэн ч авч үлдэхгүй. Бий биелгээ бол монгол дархлааг бий болгох вакцин. Түүхээ мэдэх хэрэгтэй. Би монгол хүн гээд цээжээ дэлдээд байдаг. Толгой нь хоосон бол яах вэ. Бий биелгээ нь хүний биеийн эрүүл мэндэд маш тустай. Гурван минут биелгээ хийснээр 15 минутын дасгал хийсэнтэй тэнцдэг. Түүнчлэн, гар, хөл, цээж гээд бүх биеийг жигд хөгжүүлдэг. Бий биелгээг судлах тусам Монголын өв соёл хэзээ ч тасрахгүй мөнхөд үргэлжилнэ. Бий биелгээг үе уламжлан авч явна гэдэг хүмүүжлийн нэг хэлбэр юм. Биелгээ дагаад хөгжмийн, хувцасны соёл, хөдөлмөр, ёс зүйн төлөвшил явдаг. Биелгээ биелдэг хүүхэд багаасаа хаттай, илүү их зүйлийг ойлгодог, үндэстнээ гэсэн хоногшилттой болдог. Одоо бид дангааршиж, угсаатныхаа ёс уламжлалаа хадгалан үлдмээр байна. Шавь нар маань гадаад болон дотоодод бий. Франц, Өвөрмонгол нийлсэн 20 гаруй шавьтай. Мөн Өмнөговь, Дундговь аймагт 2013 онд гиннесийн амжилтад бүртгүүлэхээр сургалт явуулсан. Үүнд хоёр аймгийн 2000 гаруй хүүхэд хамрагдсан. Бий биелгээг авч үлдэж буй залуус шантрахгүйгээр залхуурахгүйгээр сурах хэрэгтэй” гэсэн юм.
Түүний үр хүүхдүүд, ач зээ нар хотон ястны соёл, бий биелгээг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Тухайлбал, том хүү Б.Чулуунбаатар нь Увс аймагтаа амьдарч үр хүүхдүүддээ ааваасаа сурсан өвөө уламжлуулаад явж байна. Хоёр охин болох Б.Бүзмаа, Б.Цэнгэл нараас гарсан зээ нар бүгд биелж байна. Ардын язгуур урлагийн Алтай хамтлагт Б.Гүрбазар, Б.Ганзориг, Б.Золжаргал нар ажиллаж өөрсдийн сурсан өвөөрөө хамтлагийнхаа уран бүтээлүүдийг баяжуулан одоог хүртэл ажиллаж байгаа гэнэ.