“Мөнхжин” харшил, хүүхдийн эмнэлгийн эмч Н.Байгалмаатай харшил өвчний талаар ярилцлаа. -Харшил юунаас үүсдэг вэ. Одоо бараг хүн бүхэн л харшилтай болжээ? -Ямар нэгэн гаднын бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэж нэрлэдэг. Харшил ерөнхийдөө хэт мэдрэг байдлаас үүсдэг. XXI дүгээр зууныг харшлын зуун гэж нэрлэдэг. Бид өмнө нь байгаль ахуйтайгаа ойр, байгалийн гаралтай хоол хүнс, жимс ногоо түлхүү хэрэглэдэг байсан. Тэр цагт харшил гэдэг зүйл харьцангуй бага байсан. Одоо бол агаарын бохирдол, стресс ихтэй болсон. Хоол хүнс нь ч хэтэрхий гурил голчилдог, сахарлаг хүнс ихээр хэрэглэхээс гадна антибиотикийн хэрэглээ маш өндөр болсон. Антибиотикийг ихээр хэрэглэхэд хүний ходоод гэдэсний ашигтай бактерийн хэмжээ багасаж байдаг. Түүнээс болоод харшлын урвалыг дарангуйлдаг, дархаа сайжруулдаг, эмгэг төрөгч бактерийг устгадаг, витамин нийлэгжүүлдэг олон чухал үүрэгтэй ходоод гэдэсний ашигтай бактериа устгаж байдаг. Үүнээс болж харшил үүсэх эхлэл тавигддаг гэж хэлж болно. Сахар ихтэй хүнс, дэлгүүрийн талх, боов боорцог гээд ямар ч минералгүй, ислэггүй зүйлсийг хэрэглэх нь ходоод гэдэсний ашигтай бактери, эсийг үхүүлж байдаг. Дээр дурдсан минералгүй, ислэггүй хол хүнсийг хэрэглэснээс шалтгаалж ходоод гэдэсний замаас эхлэлтэй харшлын өвчин улам ихсэж байгаа. Астма өвчний 80 хувь нь 0-5 насандаа үүсдэг. Халуураагүй хэр нь цээж нь шуугиад дахин дахин ханиад хүрээд хатгаа болоод, эмнэлэгт хэвтээд эмнэлгээр олон дахин явах тусам л антибиотик хийлгэж, ашигтай бактериа устгаж, улам л өвчлөмтгий болж байдаг. Мөн түүнчлэн харшлыг нэмэгдэхэд ахуйн болон химийн бодис их нөлөөлдөг.