Нэр дэвшигчид | 2 мин уншина

Г.Сайханбаяр: Нэрээ татах хуулийн үндэслэл байхгүй, сурталчилгаагаа үргэлжлүүлнэ

Г.Сайханбаяр: Нэрээ татах хуулийн үндэслэл байхгүй, сурталчилгаагаа үргэлжлүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 18
УИХ-ын 2024 оны сонгуулийн I  тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр  Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа халдсан хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлж, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлэв.
Нэр дэвшигч Г.Сайханбаяр: Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь эрсэдсэн явдалд, талийгаачийн ар гэр, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсч байна.
Миний бие өөрийнхөө ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн аллага, улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэдгээ мэдэгдэж байна. Мөн С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай улс төрийн гүтгэлэг явуулсан асуудлаар хаа байгаа газарт нь очиж уулзана гэж бодож байна.
Эцэст нь, улс төрийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт нэр дэвшигчдэд ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-МАН-ын удирдлагууд таныг нэр дэвшүүлэхгүй, нэрийг чин татлаа гэсэн шүү дээ?
-Нэр татах асуудал чинь хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгд, нэр дэвшигч амь насаа алдсан тохиолдолд. Хоёрт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд. Тиймээс нэр дэвшигчийг татах асуудал яригдахгүй. Нам болон ямарваа нэг байгууллага нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл байхгүй юм.
-Тэгэхээр цаашид сурталчилгаагаа үргэлжлүүлээд, сонгуульдаа оролцоно гэсэн үг үү?
-Сонгуулийн сурталчилгаандаа оролцож, өрсөлдөх ажлаа үргэлжлүүлээд явна гэж бодож байна. Эрдэнэт хүний амь эрсэдсэн учраас монгол хүний жудаг, ёс зүйг эрхэмлэн сурталчилгаагаа түр зогсоогоод байна л даа.
-Нам чинь тантай холбогдоогүй нэрийг чинь татна гэж мэдэгдсэн хэрэг үү?
-Нам бол надтай холбогдсон. Үүссэн асуудлыг ярилцсан. Би бол улс төрийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч. Нэр дэвшигчийн бүрэн эрх халдашгүй байгаа. Гэтэл миний бүрэн эрхэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт буруутгаж байгаа нь өөрөө хууль бус шүү дээ. Тиймээс би өнөөдөр мэдээлэл хийж байна.
-Танай намаас албан ёсоор нэр дэвшигчээс татна нь гэж нам мэдэгдэл хийсэн шүү дээ?
-Наад асуудлаа намын удирдлагаас асуугаарай.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн