Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах “Эрүүл Монгол” үндэсний хөдөлгөөн юм. Тэгвэл тус хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан гардан ажиллаж байгаа.
Хөдөлгөөн эхэлснээс хойш 6000 орчим ахмад настан, 15000 хүүхдэд үзлэг оношлоогоо хийсэн бол 4056 хүнд шүдний үзлэг хийж, явуулын эмнэлэг нь 20 гаруй аймаг, сумдын иргэдэд үзлэг оношлоогоо хийжээ. “Эрүүл Монгол” хөтөлбөрийг 10 жилээр төлөвлөсөн. Тэгвэл эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байгаа бөгөөд үзлэгт хамрагдсан хүүхдүүд хагалгаанд орж, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалагдаж буй. Тодруулбал, зургаан настай хүүхдийн зүрхний төрмөл болон олдмол гажгуудыг илрүүлэх ажлыг хийгээд явж байна. Эхний ээлжид Архангай, Увс аймаг, Хан-Уул дүүрэгт хийж, 6000 орчим зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 30 хүүхэд яаралтай мэс засалд орох эрсдэлтэй байгааг тогтоожээ. Мөн 300 гаруй хүүхдээс зүрхний төрмөл болон олдмол эмгэг илэрч эмчийн хяналтад орж байна. Ингэж багаас нь илрүүлж арга хэмжээ аваагүйгээс болж огцом ачааллаас үүдэлтэйгээр зүрх нь зогсож нас барах тохиолдол их гардаг. Иргэд өвдөхөөсөө өмнө бус өвдсөнийхөө дараа эмнэлэгт ханддаг нь өөрт нь ч, эмнэлгийн салбарт ч хүндрэл дагуулдаг. Тиймээс иргэдээ өвдөхөөс нь өмнө оношлох нь “Эрүүл Монгол” хөдөлгөөний гол зорилго билээ.
Цаашдаа улсын хэмжээнд бүх зургаан настай хүүхдийн зүрхийг оношлодог тогтолцоог бий болгохоор зорьж байгаа талаараа Т.Мөнхсайхан зөвлөх ярьсан. Жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа 70 мянган хүүхдэд зүрхний оношлоогоо эмчилгээг хийж чадах юм бол багаар бодоход 700 хүүхдийн амь насыг аврах, 600-700 хүүхдийг зүрх судасны эмчийн хяналтад эрт оруулж чадна. Тэрээр хэлэхдээ “Хүүхдүүдэд есөн настайд нь мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үзлэг хийдэг болгож чадвал ерөнхий боловсролын сургуулиа эрүүл төгсдөг механизм бий болно. Үүний тулд аймаг, дүүрэгт ямар байх вэ гэдэг хувилбаруудаа бодож тооцож алдаа оноогоо дэнсэлж улсын хэмжээний бодлого болгох юм бол хүн ардын эрүүл мэндийг бага зардлаар өндөр үр дүнтэй хамгаалж чадна. Миний гол зорилго бол монгол хүн хаана байгаагаас үл хамаараад тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй авах ёстой. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа монгол хүний өвчлөлийг богино хугацаанд 10 хувиар бууруулах юмсан гэж зорьж, түүнийхээ төлөө чадах бүхнээ дайчилж байна” гэсэн юм.
"Эрүүл монгол хүн" хөтөлбөр бол эрүүл үндэстэн болох эхлэл буюу нийгмийн интервенц бодлого юм. Яаж өвчлүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэх ёстой.
Өвчлөлөөс гадна манай иргэдийн архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь судалгаагаар батлагддаг. Жилдээ нас барж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь архи, тамхины хэрэглээнээс болж байна. Тиймээс “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгыг хоёр жилд хоёр градусаар бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Үндсэн хэрэглээний 38 градусыг 2023 онд 36-аас дээш градустай согтууруулах ундааны онцгой албан татвар огцом нэмэгдсэн. Ингэснээр бизнесийн зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдаж эхэлнэ. Манай улс 2022 оны эхний найман сард 16 сая литр архи борлуулж байсан бол 2023 оны эхний найман сард 14 сая литр болж 12.5 хувиар буурсан. Яг бодитоор буурсан уу гээд хэрэглээнээс үүдэлтэй нийгмийн нөлөөллөө харвал согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 15 хувиар багассан байх жишээтэй. Энэ бол бодит үр дүн.
Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлийн нэг тамхи. Янжуур, электрон аль аль нь сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын тамхины хэрэглээ 32 дахин нэмэгдсэн. Эрэгтэйчүүдийн 70-80 хувь нь тамхи татдаг бол эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг гэж байсан ч сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Гэтэл тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт татдаггүй хүмүүсийнхээс 10 насаар бага байгаа юм. Энэ бол тамхинд донтох эмгэг. Тамхинд донтох эмгэгийн тоо жил бүр огцом нэмэгдээд байгаа. Хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдчихоод байхад бид цогц бодлогын барга хэмжээ авахгүй байж болохгүй. Электрон тамхи хэрэглээнд нэвтэрснээс хойш тамхины хэрэглээ маш их залуужиж өсөр насныхан татаж байна. Электрон тамхин хор багатай, янжуур тамхи илүү хортой гэсэн зүйл байхгүй. Хоёулаа л адил хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй.