Open iToim app
Спорт | 4 мин уншина

Монголын бокст “цус сэлбэх” цаг болжээ

Монголын бокст “цус сэлбэх” цаг болжээ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 3
Тайландын нийслэл Бангкок хотноо Парисын олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн боллоо.
Энэ тэмцээнд нийт 132 орны 578 боксчин оролцсоноос 33 улсын 51 тамирчин хүч, хурд, авхаалж самбаагаараа шалгарч “Парис 2024”-т оролцох урилгаа хүлээж авав. Ирланд дөрвөн эрх, Энэтхэг, Испани, Казахстан тус бүр гурван эрх авснаар энэ тэмцээнээс хамгийн олон эрх авсан улсуудыг тэргүүлжээ. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ багийн эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөв. Ямар тамирчид олимпын эрхийн төлөө тулалдсаныг өмнө нь мэдээлсэн учраас дахин дурдах нь илүүц биз.
Нийт 12 тамирчнаас эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал ганцаараа Парисыг зорих тийзээ гардлаа. Манай тамирчин гурван тулаан хийж энэхүү эрхийн эзэн болсон юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн хашир мастер Г.Ган-Эрдэнэ. Ингээд олимп, дэлхийн аваргатай, 76 жилийн баялаг түүхтэй Монголын эрэгтэй боксчид анх удаа 1972 оны Мюнхений олимпод оролцсоноос хойш (Социалист орнууд бойкотлосон 1984 оны олимпыг эс тооцвол) 12 олимп тасралтгүй оролцсон буухиа тасрахаар болж байна. Олимпын эрхээр оролцуулдаг болсон 1992 оны Барселоны олимпоос хойш Монголын эрэгтэй боксчид энэхүү наадмыг өнжиж байсан тохиолдол үгүй билээ. Харин 2012 оноос олимпийн программд эмэгтэй боксчдыг оролцуулах болсноор 2020 оны Токиогийн олимпод манай М.Мягмаржаргал эрхээ авч оролцон Монголын эмэгтэй боксчдын олимпийн  салхийг хагалсан түүхтэй
Ганцхан эрх
Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд оролцсон Монголын 12 тамирчнаас гол найдлага тавьсан таван боксчин байлаа. Тодруулбал, М.Энхжаргал, Э.Цэндбаатар, Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Т.Болортуул. Тэднээс М.Энхжаргал үүргээ биелүүлсэн бол бусад нь чадсангүй. Г.Ган-Эрдэнэ олимпын эрхэд ойртож ирсэн ч дэлхийн медальтай америк эрийн ширүүн дайралтад аргагүй хүчин мөхөстлөө. Гэхдээ тэр бүх чадлаа дайчилсан. Тэгвэл монголчуудын хамгийн их итгэл хүлээлгэж байсан Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт ялагдсанаар Парисыг зорих эрхгүй болсон. Түүний хувьд мэргэжлийн боксоос түр завсарлага авч, олимпын наадамд оролцохын тулд сонирхогчийн бокстоо эргэн ирсэн. Монголын боксын холбоо түүний гаргасан хүсэлтийг хүлээн авснаар сорил тэмцээн зохион байгуулсан. Олимпын эрхийн тэмцээнээс өмнө тэр мэргэжлийн рингэнд ээлжит тулаанаа хийж, ялалт байгуулаад ирсэн нь монголчуудад бүр ч их итгэл төрүүлэв.
Харамсалтай нь, Болгарын тамирчны эсрэг юу ч хийж чадсангүй. Урт мөчтэй, өндөр хүнтэй хэрхэн тулалдах аргаа олсонгүй. Дасгалжуулагч нар юу зөвлөснийг мэдэхгүй ч тэдний зөвлөгөө байндаа туссангүй. Тэмцээний дараа Э.Цэндбаатар ард түмнээсээ уучлалт гуйж, итгэлийг нь алдлаа гэв. Түүний мэдэгдлийн дараа аливаа тэмцээнд ялагдахаараа сошиал хуудсаар дамжуулан уучлалт гуйдаг гажиг жишгээ болих хэрэгтэй мэт санагдав. Т.Болортуулын хувьд найдвар тавьж байсан таван боксчины нэг ч тэрбээр ээж болоод удалгүй рингэнд гарч байгааг бодолцох нь зүйн хэрэг. Тэр сайн байсан. Түүнд формоо бүрэн олоход дахиад жаахан хугацаа хэрэгтэй байжээ. Харин Х.Энх-Амарын тулаан нэг л болсонгүй. Тэр хангалттай туршлагатай, чадвартай. Гагцхүү тухайн өдөр “буруу хөл” дээрээ боссон бололтой.
Б.Чинзоригийн эрх Тайландын боксчинд шилжив
Б.Чинзориг Ханжоугийн Азийн наадмын аварга болж, олимпын эрхээ авсан ч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Түүний шинжилгээний сорьцоос Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн жагсаалтад бүртгэлтэй метадиеноны метаболит гэх бодис илэрсэн. Б.Чинзориг ч олон улсын спортын арбитрт гомдол гаргахаа мэдэгдсэн. Харамсалтай нь, амжилтад хүрээгүй бололтой. Олон улсын боксын холбооноос саяхан олимпын эрх авсан эхний ээлжийн тамирчдын нэрсийг зарлахдаа Б.Чинзоригийг оролцох боломжгүй гэж үзжээ. Түүний эрхийг Тайландын тамирчин Бунжон Синсири авчээ. Уг нь өнөө цагийн Монголын боксын шигшээ багийн №1 тамирчин нь Б.Чинзориг байлаа. Гэвч тэр допингтой нэр холбогдсоноор Парисын олимпыг өнжиж байна. Хэрвээ ийм зүйл болоогүй тэр Парист төрийн далбаагаа мандуулах тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох юм.
Шинэчлэлт хийх цаг болжээ...
Бокс бол Монголын топ дөрвөн спортын нэг. Олимп болон дэлхийн аваргатай спортын төрөл топ байхаас яах билээ. Гэвч энэ удаа топ төрлийн түвшинд байж чадсангүй. Хариуцлагагүй албан тушаалтнаас болж нэг тэмцээнээ салхинд хийсгэсэн. Магадгүй тэр тэмцээнээс эрэгтэйчүүд эрх авах ч байсан юм билүү. Тийм боломж ч хангалттай байв. Харин хариуцлага алдсан хүн Тайландад холбооны сүүдэр мэт дагаж явах юм. Ц.Батнасан гэх хүнд Монголын боксын холбоо өртэй юү. Түүнд хариуцлага тооцох ёстой атал юу ч болоогүй мэт явж байна. Ер нь Монголын боксын холбоонд шинэчлэлийн салхи оруулах шаардлага гарч байх шиг. Үүний эхлэл нь П.Сэрдамба, Д.Отгондалай нар болж байна. П.Сэрдамба холбооны “гал тогоо”-ны ажлыг аваад удаагүй. Өөрөө тамирчин байсан учраас хэрхэн ажиллахыг ирэх дөрвөн жилийн циклд харах үлдлээ. Харин Д.Отгондалай боксын шигшээд дасгалжуулагчаар очсон ч албажаагүй. Тэр рингнээс буугаад удаагүй, халуун мэдрэмж дээрээ байгаа хүн. Тиймээс дасгалжуулагчийн албанд жинхэлж, шинэ ажилд томилоод үзэхэд гэмгүй мэт. Тэгвэл Эрдэнэбаяр, О.Батхүү нарын арга барил хоцрогдсон бололтой. Тэдэнд мэдрэмж алга. Тамирчдаа мэдэрч, оновчтой зөвлөгөө өгч чадахгүй байгаа нь Бангкокийн тэмцээнээс харагдах шиг. Дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд шинэ салхи оруулах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Олон улсын хэмжээний мастер Н.Шинэбаяр тэргүүтэй халуун мэдрэмж дээрээ байгаа залуусыг дасгалжуулагчийн албанд авбал ямар вэ. Парисын олимпын дараа салхи сэвэлзүүлэхгүй бол болохгүй нь ээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн