Тайландын нийслэл Бангкок хотноо Парисын олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд нийт 132 орны 578 боксчин оролцсоноос 33 улсын 51 тамирчин хүч, хурд, авхаалж самбаагаараа шалгарч “Парис 2024”-т оролцох урилгаа хүлээж авав. Ирланд дөрвөн эрх, Энэтхэг, Испани, Казахстан тус бүр гурван эрх авснаар энэ тэмцээнээс хамгийн олон эрх авсан улсуудыг тэргүүлжээ. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ багийн эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөв. Ямар тамирчид олимпын эрхийн төлөө тулалдсаныг өмнө нь мэдээлсэн учраас дахин дурдах нь илүүц биз. Нийт 12 тамирчнаас эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал ганцаараа Парисыг зорих тийзээ гардлаа. Манай тамирчин гурван тулаан хийж энэхүү эрхийн эзэн болсон юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн хашир мастер Г.Ган-Эрдэнэ. Ингээд олимп, дэлхийн аваргатай, 76 жилийн баялаг түүхтэй Монголын эрэгтэй боксчид анх удаа 1972 оны Мюнхений олимпод оролцсоноос хойш (Социалист орнууд бойкотлосон 1984 оны олимпыг эс тооцвол) 12 олимп тасралтгүй оролцсон буухиа тасрахаар болж байна. Олимпын эрхээр оролцуулдаг болсон 1992 оны Барселоны олимпоос хойш Монголын эрэгтэй боксчид энэхүү наадмыг өнжиж байсан тохиолдол үгүй билээ. Харин 2012 оноос олимпийн программд эмэгтэй боксчдыг оролцуулах болсноор 2020 оны Токиогийн олимпод манай М.Мягмаржаргал эрхээ авч оролцон Монголын эмэгтэй боксчдын олимпийн салхийг хагалсан түүхтэйГанцхан эрх