Open iToim app
Улс төр | 5 мин уншина

ХУУЛЬЧИД: Н.Номтойбаяр нэр дэвших эрхтэй, эрхгүй

ХУУЛЬЧИД: Н.Номтойбаяр нэр дэвших эрхтэй, эрхгүй
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 3
Сонгуулийн ерөнхий хороо “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Учир нь түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл Н.Номтойбаярын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 23.5.1 заалт нь сонгуульд нэр дэвших эрхийг хаасан эсэх талаар хуульчдаас тодрууллаа.
undefined
Б.Гүнбилэг: Н.Номтойбаярыг хэлмэгдүүлж байна
Хуульч Б.Гүнбилэг: Н.Номтойбаярыг хэлмэгдүүлж байна. Захын хуульчаас асуухад ингэж хэлнэ. Учир нь Н.Номтойбаяр Эрүүгийн хуулийн 23.5.1 гэдэг заалтаар ял авсан юм байна. Энэ зүйл анги бол авлига, албан тушаалын хэрэгт огт хамаарахгүй. Сонгуулийн ерөнхий хороо үүнийг маш сайн мэдэж байгаа. Гэтэл Цагдаагийн бичиг дээр хамаарах ч юм шиг, хамаарахгүй ч юм шиг бөөрөнхий тайлбар өгсөн. Тэгэхээр СЕХ цагдаагийн бичгийг өлгөж аваад шийдвэр гаргачихлаа. Цагдаагийн бичгийг гаргаж өгч байгаа хүн дээрээс тушаал аваад л гаргаж өгч байгаа. Энэ асуудлаар бүр Цэцийн шийдвэр гарч байсан.
Төрийн албаны тухай хуульд төрийн албанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг ажилд авахгүй гэж заасан. Шүүх 22 дугаар бүлгээр ял авсан хүнийг төрийн албанд авахгүй бусад зүйл заалтаар шийтгэгдсэн бол авдаг. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Албан тушаалдаа хайхрамжгүй хандсан гэдэг авлигатай огт хамаагүй. Хайхрамжгүй хандсаныг үндэслэн сонгогдох эрхийг хаах ямар ч боломжгүй. Хууль байхгүй л болж байна. Одоо энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөд 30 хононо. 30 хонохоор сонгууль дуусчихна.
undefined
Б.Мэргэн: Албан тушаалдаа хайнга хандсан зүйл анги авлига, албан тушаалын хэрэгтэй ямар ч хамаагүй
Хуульч Б.Мэргэн: Төрийн албаны тухай хууль дээр Авлига албан тушаалын хэргээр ял шийтгэгдсэн бол төрийн албанд ажиллаж болохгүй гэж заасан. Харин албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн бол төрийн албанд ажилд орохоор бол АТГ-аас лавлагаа авдаг.
Нэгд, Сонгуулийн тухай хуульд байгаа авлига албан тушаалын гэмт хэрэгт хамаарах уу, үгүй юү гээд харахаар хамаарахгүй байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлигын эсрэг 13 хэрэг байгаа. Энэ гэмт хэргүүд тухайн төрийн албан хаагч өөрөө мэдэж, санаатайгаар үйлддэг гэмт хэрэг. 23 дугаар бүлэг бол нийтийн албаны эсрэг гэмт хэрэг. Энэ бүлгийн гэмт хэргүүдийг харахаар авлига албан тушаалын гэмт хэрэг гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Тухайлбал, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэж байгаа. Цагдаа, мэргэжлийн хяналт, татварын байцаагч гэх мэт албан тушаалтнууд хуулиа биелүүлэхийг шаардахад эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг төрийн албан тушаалтан үйлдэхгүй шүү дээ. Энгийн иргэн ч хийж болохоор. Тэгэхээр бүлгийг нь харахаар авлига албан тушаалын хэрэг гэж харагдахааргүй хэргүүд байгаа. Хэрвээ албан тушаалдаа хайнга хандсан хэрэг авлигын хэрэг байсан бол 22 дугаар бүлэг рүү оруулах байсан. Хоёрт, хайнга хандсан хэрэг бол тухайн албан тушаалтан мэдсээр байж хүсэж үйлддэг хэрэг биш. Өөрөөр хэлбэл, санаатай бус болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Улсын дээд шүүх ч гэсэн шийдсэн хэргүүд дээрээ ийм байдлаар тайлбар бичсэн байдаг.
Гуравт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр ямар гэмт хэргийг ямар байгууллага шалгах вэ гэдгийг харьяаллыг нь жагсаагаад бичсэн байдаг. Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийг хэргүүдийг л шалгана гэж заасан. Харин 23.5-д байгаа хайнга хандах гэмт хэргийг Цагдаагийн байгууллага шалгана гэж заасан. Хэрвээ хууль тогтоогч анхнаасаа хайнга хандахыг авлигын гэмт хэрэг гэж үзэж байсан бол АТГ-аар шалгуулна. Тэгэхээр хууль тогтоогч буюу УИХ өөрөө хуулиа батлахдаа хайнга хандах хэрэг авлига албан тушаалын хэрэг биш гэж үзсэн учраас Цагдаагийн байгууллагад харьяалуулсан.
Дөрөвт, Сонгуулийн хуулиар Цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авна гээд заачихсан. Гэтэл Цагдаагийн байгууллага ийм ял эдэлж байсан байна, эсвэл ял эдэлж байгаагүй юм байна гэдэг тодорхойлолт л гаргаж өгөх ёстой.
Түүнээс Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуульд заасан энэ гэмт хэрэг ийм гэмт хэрэг юм, үүнийг ингэж ойлгоно гэж хууль тайлбарлах ямар ч эрх байхгүй. УИХ хуулиа батлаад ганцхан Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй байхад хаа хамаагүй Цагдаагийн байгууллага хууль тайлбарлаж болохгүй. СЕХ ч гэсэн Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй болохоос тайлбарлах ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн бүх сонгуулиар хууль тайлбарлаж байгаа. Хууль нь ойлгомжгүй гарчихаар намууд нь хэрэглэх гэхээр ойлголтын зөрүүнүүд гараад байдаг. Таван хуульч суугаад таван өөр янзаар тайлбарлахаар хуулиуд бичээд байгаа. Аргаа бараад СЕХ-ноос үүнийг яаж хэрэглэх вэ гэж асуухаар бүр дүрдээ ороод Сонгуулийн хуулийг тайлбарладаг болсон. Тэгээд тэр тайлбарынх нь дагуу л явдаг. Шүүх дээр очоод яривал СЕХ-ны тэр тайлбар ямар ч хамаагүй. СЕХ нь хууль тайлбарладаг байсан бол одоо цагдаа нь хууль тайлбарладаг болчихсон.
undefined
П.Эрхэмбаяр: Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх, эсвэл улс төрийн зорилгоор Сонгуулийн тухай хуулийг хэрэглэж, тайлбарлаж болохгүй

Хуульч П.Эрхэмбаяр: Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Нөгөө талд хэнийг дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гэдэг хориглох заалт Сонгуулийн тухай хуульд бий. Нэр дэвшигч Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр байгаа бол нэр дэвшигчээр бүртгэхүй. Харин байхгүй бол бүртгэнэ. 23 дугаар бүлгийн буюу нийтийн эрх ашгийн эсрэг гэмт хэргээр ял шийтгүүлж байсан учраас нэр дэвшигчээр бүртгэх ёстой байсан. Хайнга хандана гэдэг авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн гэсэн үг биш. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх, эсвэл улс төрийн зорилгоор Сонгуулийн тухай хуулийг хэрэглэж, тайлбарлаж болохгүй. Тэр хүн шүүхээс авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл авсан уу, үгүй юү гэдгээр Улсын дээд шүүх заавал тодорхойлолт гаргаж өгөх ёстой. Түүнээс хайнга хандсан гэдэг зүйл ангиар ял авсан байна гэж хэлмэгдүүлж, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй. Төрийн захиргааны байгууллагууд ингэж хууль зөрчиж, ажиллаж болохгүй. Дараа нь үүнийг шалгавал гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Монголын төрийн эрх барьж буй нам төрийн захиргааны, төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг байгууллагуудаараа дамжуулж, нөлөөлж хэнийг бүртгэх, хэнийг бүртгэхгүй байх чиглэл өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэгжүүлж огт болохгүй.

undefined
Ө.Эрдэнэ-Очир: Н.Номтойбаярын ял нэр дэвшүүлэхгүй байх бүлэгт хамаарахгүй
Хуульч Ө.Эрдэнэ-Очир: 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар авлигын гэмт хэрэг гэж шинэ бүлэг хийсэн. Энэ бүлэгт заасан гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлаж байгаа. Н.Номтойбаярын ял шийтгүүлсэн гээд байгаа хайнга хандах гэмт хэрэг авлигын хэрэгт байхгүй. Харин нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэдэг бүлэгт бий. Тэгэхээр би бол ЦЕГ тайлбараа буруу өгсөн үү ямар ч байсан сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бүлэгт хамаарахгүй гэж үзэж байна.
 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн