Тойм | 4 мин уншина

ТОЙМ: Баривчилгаанд дарагдсан нэр дэвшигчийн сонсголгүй томилгоонууд

ТОЙМ: Баривчилгаанд дарагдсан нэр дэвшигчийн сонсголгүй томилгоонууд
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 2
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хуулийн гурван томоохон байгууллагын удирдагуудын томилгоог хийлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гурван гишүүний оронд шинэ хүмүүсийг томиллоо. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий аудиторыг шинээр томилов. Харин дээрх томилгоо хуульд нийцэж явсан уу гэдэг нь зарим үйл явдалд дарагдаж анхаарлын гадна орхигдлоо.
undefined
  1. УИХ хоёр дахь удаагаа Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг сонсгол явуулалгүй томиллоо. 2021 оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 29.1.1 зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан. 2023 оны есдүгээр сард болсон Цэцийн дунд суудлын хуралдаанаас "Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоогоор сонсгол явуулах нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ дүгнэлтийг хүлээн аваагүй. Харин Цэц өнөөг хүртэл эл асуудлыг их суудлын хуралдаанаараа хэлэлцээгүй, эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Энэ тодорхойгүй байдлыг ашиглан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч нарыг сонсголгүйгээр, иргэд олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөхгүй томилсоор байна.
    • УИХ-аас санал болгосноор Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов.
    Үндсэн хуулийн цэцийн гишүүний гол шалгуур бол хууль эрх зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх бөгөөд эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байх юм. Мэдээж санал болгож нэр дэвшүүлсэн институтууд дээрх шаардлагыг хангасан хүмүүсийг оруулж ирсэн ч чухам Үндсэн хуулийн эрх зүй, хараат бусаар ажиллаж чадах эсэхэд бүрэн дүүрэн хариулт өгөөгүй. Гишүүд ч энэ талаар асуулт асууж, хариулт авалгүй томиллоо.
Ерөнхий прокурорын орлогч О.Машбат
Ерөнхий прокурорын орлогч О.Машбат
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор О.Маштбатыг томилуулах санал оруулж, УИХ дэмжив. О.Машбатын хувьд 43 настай, хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
    Тэрээр 2015-2020 онд прокуророор ажиллаж байгаад 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. 2024 оны 01 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Түүнийг Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасан “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцолсон.
Ерөнхий аудитор Д.Загдав
Ерөнхий аудитор Д.Загдав
  1. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд Улсын ерөнхий аудиторт нэр дэвшигчтэй холбогдуулан томилгооны сонсгол явуулна гэж заасан. Гэтэл УИХ өөрийнхөө баталсан хуулийг өөрөө зөрчиж, Ерөнхий аудиторыг сонсгол явуулахгүйгээр томилов. Түүнчлэн, нэр дэвшүүлэн томилсон Д.Загджав нь Ерөнхий аудитороор томилох зарим шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Ерөнхий аудиторын шаардлагад хангаагүй хүнийг санал болгон томилуулав.
    Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч нь:
    • Эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;
    • Төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;
    • Сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;
    • Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг Д.Загдав бүрэн хангаагүйг анкетаас нь харж болно.
      Ерөнхий аудитороор ихэвчлэн эдийн засаг, санхүүгээр мэргэшин ажилласан хүмүүсийг томилж ирсэн. Харин Д.Загджавын хувьд цэрэг хүчний чиглэлээр түлхүү ажилласан, сүүлд бүр Ерөнхийлөгчөөс бригадын генерал цол хүртсэн удаатай.
      Д.Загджавын хувьд "сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвтэй үйл ажиллагаа явуулаагүй байх" гэсэн шаардлагыг хангаагүй. Учир нь тэрээр МАН -ын гишүүн бөгөөд 2017-2020 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд, 2020-2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажилласан. Дэд сайд бол улс төрийн албан тушаал гэдгийг бид мэднэ. Хоёрт, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байх үед цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул 2022 оны 11 сарын 2-нд түүнийг чөлөөлж байсан. Харин 2023 оны сүүлээр түүнийг Ерөнхий Аудиторын орлогчоор томилж, үргэлжлүүлэн томилгооны сонсголгүйгээр, албан тушаалын шаардлага хангасан эсэхийг үл харгалзан Ерөнхий аудитороор томиллоо.
Үндсэндээ өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын баривчилгааны дуулианд дээрх томилгоонууд дарагдав. Олон нийтийн анхаарал суларсан үед УИХ сонгуулиас урьдаж зарим хүнийг хэл амгүй албан тушаалд томилж амжив. Гол нь УИХ нэг гараараа хууль батлаад нөгөө гараараа түүнийгээ үгүйсгэж, хэрэгжүүлэхгүйгээр хууль бус томилгоо хийсэн нь харамсалтай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн