АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Зургаан хоногийн дараа эхлэх тус тэмцээнд 103 орны 620 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Олимпын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцоно.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдах юм. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нарыг зодоглуулахаар мэдүүлэг өгчээ.
Уг тэмцээн манайхны хувьд хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарын хэнийг олимпод илгээхээ уг тэмцээнээр шийдвэрлэнэ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 81, 90, эмэгтэйчүүдийн 63, 70, -78 кг-ийн жингийн тамирчид олимпын эрхийн бүсэд орж чадах уу, үгүй юү гэдэгт чухал нөлөө үзүүлнэ. -100 кг-д дэлхийн медальтан болох гол найдваруудын нэг Б.Гончигсүрэн Душанбегийн “Их дуулга”-ын үеэр авсан гэмтлийнхээ улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна.
Тиймээс манай баг эрэгтэйчүүдийн гурван жинг хоёр тамирчин илгээхээр болсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дүрмийн дагуу дэлхийн чансааны топ 100-д багтсан тамирчид өрсөлдөх боломжтой. Тэмцээн зургаан өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр буюу тавдугаар сарын 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаантай. Харин 20-нд эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг, 21-нд 63, 81 кг, 22-нд 70, -78, 90 кг, 23-нд +78 ,-100,+100 кг, 24-нд холимог багийн ДАШТ болох хуваарь гарчээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд албан ёсны онцгой эрхтэйгээр С1 телевиз шууд дамжуулан үзүүлнэ.