Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, нийтдээ 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ импортын гурилын татварыг чөлөөлж, импортын цементийн татварыг 20-оос тав хүртэл буулгажээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын хурлаар Гурил тэжээлийн импортын татварыг тэглэх хууль батлагдсантай холбоотой журам батлагдсан байсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн байгаа. Хуультай холбоотойгоор Засгийн газраас тогтоол баталлаа. Энэ тогтоол нь импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтад төрөл зүйл нэмэх тогтоол юм. Тэгвэл энэ жагсаалтад улаанбуудайн гурил, малын тэжээлийг багтааж баталлаа.
Ингэснээр тавдугаар сарын 1-ээс эхлэн бүх боомтоор гурил, тэжээл татваргүйгээр орж ирэх нөхцөл хангагдлаа. Мөн Засгийн газраас УИХ-д найман зүйл заалт бүхий үүрэг өгсөн. Жишээлбэл,
Нэгд, дотоодын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, дотоодын гурил, тэжээлийн хэм хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар өөрөө зохицуулалт хийж байх эрхээ авсан.
Хоёрт, дотоодын улаанбуудайн гурил үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор жил бүр стратегийн нөөцөд 100 мянган тонн хүртэлх улаанбуудайг худалдаж авч байна.
Гуравт, улаанбуудай тариалагчид улаанбуудайгаа хадгалах сав, агуулах байдаггүйн улмаас гурилын үйлдвэрүүдэд өгөхөөс өөр арга байдаггүй. Нэгэнт ачиж очсон улаанбуудайг ямар үнээр авах нь тухайн үйлдвэрүүдийн өөрийн сонголт байдаг. Тэгвэл төр төрийн мэдэлд байгаа 182 мянган тонныг хадгалах зориулалт бүхий агуулахыг ашиглуулах нөхцөл бүрдүүлэхийг ХХАА-н сайдад үүрэг болголоо.
Дөрөвт, улаанбуудай тариаланчдад боломжийг бий болгож өгөх үүднээс дотоодын хэрэгцээг хангаад илүүдэл улаанбуудайг экспортод гаргах боломжийг нээж өгч байгаа. Зөвхөн манай өмнөд хөрш гэхэд жилд 12 сая тонн улаанбуудай импортоор авдаг. Тэгэхээр тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан улаанбуудай тариалалт хийх хэрэгтэй. 100,200 мянган тонноор хэмжигдэхгүй цаашид Монгол Улсын газар тариалангийн салбар илүү хөгжиж олон сая тонноор үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэж байгаа.
Ингээд Засгийн газрын тогтоол батлагдлаа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж импортын улаанбуудайн гурилд квот тогтоохгүй, хугацаа заахгүй гэдэг шийдвэр гарсан. Тиймээс тавдугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлээд импортын татвар тэглэгдлээ.
Мөн ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор Орон сууцжуулалтын хуулийн төслийг боловсруулж, өргөн барих үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүнийг дагаад барилгын салбарт үнийн хөөргөдөл явагдах эрсдэлтэй гэз Засгийн газар үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдад тодорхой үүрэг өгч байгаа.
Барилгын компаниудыг барилгын үнийг хөөрөгдүүлэхгүй байх тал дээр анхаарч, яриа хэлэлцээр хийх үүрэг өгсөн. Түүнчлэн, барилгын салбарт үнэ буурах боломжийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн үнийг бууруулах тогтоолыг хэлэлцэж баталлаа. Өнөөдөр импортын цемент 20 хувийн татвартай байгаа бол тогтоолоор таван хувь болгож тогтлоо.