Open iToim app
Нийтлэл | 5 мин уншина

Шаварт унасан шарын эзэн ба М.Бадарчийн допингийн маргаан

Шаварт унасан шарын эзэн ба М.Бадарчийн допингийн маргаан
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 1
Удаан хугацаанд бөх сонирхогчид төдийгүй олны анхаарлыг татаж байсан улсын арслан М.Бадарчийн допингийн хэрэг маргаан нэг талдаа гарч байх шиг. Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх Давж заалдах комиссын хуралдаанд нэхэмжлэгч талаас М.Бадарч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчид, хариуцагч талаас хариуцагч талаас Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо, түүний салбар бөхийн комисс, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын /МОНАДА/ төлөөлөгчид болон өмгөөлөгч нар оролцож, хоёр өдөр үргэлжлэв. Эцсийн шийдвэрийг хурал даргалагч Г.Батзаяа танилцуулсан юм. Түүний мэдэгдлийг товчилбол, нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис биед нь хэрхэн орсноо нотолж чадаагүй. Тиймээс допингийн зөрчил болохыг тогтоосон. Гэхдээ нөгөө талаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо тамирчны эрхийг хамгаалж, түүний тайлбар сонсож, хамтарч ажиллах санал тавиагүй гэж үзжээ. Улмаар М.Бадарчид хэн хориотой бодисыг санал болгосон, хэрхэн олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах боломжтойг хэлсэн юм. Ингээд эцсийн шийдвэр гаргахад долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ хооронд М.Бадарч ямар нэгэн тайлбар хэлээгүй тохиолдолд барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийтгэл хэвээр үлдэх бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах ёстой. Харин Ерөнхийлөгчийн зүгээс цол хураах болон нөхөн олгох зарлиг гаргаснаар энэ хэрэг маргаан эцэс болно.
МОНАДА гэх байгууллага хүчин төгөлдөр байж, стандартын шаардлага хангах ёстой гэсэн том сануулга боллоо. Энэ нь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд ч хамааралтай. Алдаагаа засахгүй бол дараагийн удаа бөхчүүдээс допинг илрэхэд дахиад л арбитрт ханддаг жишиг тогтож, хугацаа алдах нь. Тэдний буруутай, хариуцлагагүй, мэргэжлийн бус үйл ажиллагаанаас болж, олон бөхчүүд нэр хүндээрээ хохирсон удаатай. Шинжилгээ авах үйл явцаасаа эхлээд сорьцыг илгээх, зарлах, шийтгэл оногдуулах гээд бүхий л шатандаа алдаа дутагдал гаргаж, эцэст нь өөрсдөө арбитрын өмнө буруутав. Өөрөөр хэлбэл, М.Бадарчаас допинг илэрсэн нь л үнэн болохоос шинжилгээ авах үйл явцаасаа эхлээд бүх тал дээр МОНАДА, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс буруутан боллоо.
“М.Бадарчийн шинжилгээ авах олон улсын дүрэм стандарт алдагдсан гэдэг гомдол бодитой байна” гэдэг өгүүлбэр дээрх хоёр байгууллагын алдааг тод томруунаар харуулж байгаа юм. Хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа нэхэмжлэгч улсын арслан М.Бадарчаас асуусан асуулт, хариултыг тоймлон хүргэе.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Шинжилгээгээр танаас хориглосон бодис илэрсэн. Та хүлээн зөвшөөрч байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Би ийм бодис байдаг гэдгийг мэдэхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та энэ бодис байдаг гэдгийг мэдэхгүй юм байна. Гэхдээ таны биеэс илэрсэн.
Улсын арслан М.Бадарч: Би үүнийг гайхаж байгаа.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Танд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрийн Б шинжилгээний хариуг мэйлээр ирүүлсэн гэж мэдүүлсэн. Танд мэйлээр ирүүлсэн үү?
Улсын арслан М.Бадарч: Надад мэйлээр өгсөн юм байхгүй. Надад мэйл байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Есдүгээр сарын 26-ны өдрийн хурлыг хэлэх гэж тань руу хоёр удаа залгасан гэсэн. Та яагаад авч чадаагүй вэ?
Улсын арслан М.Бадарч: Би дугаар залгасан бол авах байсан. Өмнөх өдөр нь Даваасүрэн өмгөөлөгч хороон дээр дуудвал заавал очно шүү гэж хэлсэн. Хурал эхлэхээс хоёр минутын өмнө Өсөх-Ирээдүй харцага залгасан. Өмнө нь мэдэгдээгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Шинжилгээ өгөхөд хэн нэгэн танд хөндлөнгөөс ус, ундаа өгсөн үү?
Улсын арслан М.Бадарч: Халуун савтай цай ирэх тохиолдол байна. Түүнд хардалт байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Танд энэ төрлийн бодис санаандгүй аргаар орсон байж болох уу?
Улсын арслан М.Бадарч: Үүнийг би тайлбарлах боломжгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Таны идэж уух юманд байсан уу?
Улсын арслан М.Бадарч: Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Танд таамаг байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Хардалт уу. Хувь хүний дотор хардалт байгаа. Тухайн үед тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон. Тамирчин хүн өөртөө эргэлзээтэй байсан бол мөнгийг аваад хэвтэнэ. Тэр хүмүүсийг гэсэн хардлага бий. Хүмүүсийн нэр дурдмааргүй байна.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та тэр хүмүүсийг хардаж байгаа юу. Таны маргааныг шийдвэрлэх гэж байгаа учраас үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Та тэднийг хардаж байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Тийм. Би тэднийг хардаж байгаа.
Нэг иймэрхүү яриа болсон. Эндээс дүгнэвэл М.Бадарч арслан өөрөө допингийн талаар анхан шатны мэдэгдэхүүнгүй аж. Технологи хөгжсөн өнөө цагт допингийн тухай мэдээллийг ямар ч хэлбэрээр авч болно. Харин тэр үүнийг хүсдэггүй бололтой. Магадгүй санаатайгаар допинг хэрэглэсэн гэх хардалт ч төрүүлж мэдэхээр. Тэр наадамд түрүүлэхдээ үнэхээр онцгой байсныг хүн бүр харсан. Хөлс гаргалгүй түрүү, үзүүрт шалгарсан. Түүний улсын аварга О.Хангай л бага зэрэг тогтоож барилдсаныг наадамчид харсан. М.Бадарч арслангаас допинг илэрсэн нь үнэн. Гэхдээ тэр үнэнд гүйцэтгэхээрээ 800 саяар даваа наймаалцах санал тавьсан хүмүүс рүү өөрийн алдаагаа бухах гэж оролдлоо. Түүнд тавын даваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх өвдөг шороодсон байдаг. Эндээс харвал Б.Баянмөнх арслан түүнээс 800 саяар начин цол худалдаж авах санал тавьсан гэх өнцөг харагдана. Гэхдээ Б.Баянмөнх бус Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс энэ мөнгийг гаргаж таарна. Нутгийн зөвлөл гэхээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, “Ховд” дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг, “Ховд” дэвжээний дасгалжуулагч Ц.Мягмарсүрэн гэх мэтээр нэр хөвөрнө. Улсын арслан М.Бадарч нэр зарлахыг хүсээгүй ч цаагуураа Ховдынхныг хардаж буйгаа нуусангүй. Түүний хэлснээр бол даваа наймаалцаагүй учраас Ховдынхон МОНАДА-д 800 сая төгрөгөөсөө төлбөр төлж, М.Бадарчаас допинг илрүүлэх ажиллагаа явуулсан болох гээд байгаа юм.
Арбитрын хуралд М.Бадарч арслангийн төлөөлөгчөөр оролцсон спортын сэтгүүлч С.Шижирбатын өөрийн цахим хуудастаа оруулсан постоос ч харахад Ховдынхныг хардаж байгаа нь илт. Харин үүнд Ховдынхон ямар хариу барихыг хүлээх үлдлээ. Товчхондоо бол МОНАДА-гийн гаргасан процессын олон алдааг улсын арслан М.Бадарч завших оролдлого хийгээд бүтэлгүйтлээ. Түүнээс допинг илэрсэн нь үнэн. Илрэх илрэхдээ эмийн бүртгэлээс хасагдсан. Тэр өөрийгөө нотолж чадаагүй нь үнэн. Нөгөө талаар МОНАДА, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон алдаа, зөрчил гаргасан нь ч үнэн. Эцсийн дүндээ үүнийг хэн ч өөрчлөхийг хүсээгүй бөгөөд хүсдэггүй байсан. Харин М.Бадарчийн нэхэмжлэлтэй хурал дээрх хоёр байгууллагыг алдаагаа засаж, залруулахыг тодоос тод санууллаа.
Үүнээс хойш допинг хэрэглэсэн бөхчүүдэд завших боломж олгож болохгүйг энэхүү хурал сануулав. Начны найрааны тухайд жил бүр л яригддаг. Мөнгөн дүн нь хийсвэрээр яригддаг ч даваа наймаалцдаг тохиолдол тэртээ, тэргүй гаарсан. Улсын наадам гэлтгүй сумын наадамд хүртэл даваа наймаалцдагийг монголчууд мэднэ. Үнэхээр нэр бүхий хүмүүс түүнд 800 саяыг санал болгосон нь үнэн бол нэртэй, устай нь зарлах л хэрэгтэй. Ингэж байж начны найрааг таслан зогсооход бөх хүний хувьд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн