Манай улсад түүхэндээ хэд хэдэн томоохон үер болж, ард иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Түүний нэг нь өнгөрсөн зуны үер юм. Энэ нь мэдээж байгалийн давагдашгүй хүчин зүйл.
Гэхдээ хур борооны уршиг ч бий, худалч, хулгайч, хууль зөрчигчдийн уршиг ч бий. Тухайлбал, Сэлбэ, Дунд голыг үерлэхэд хүргэсэн хэд хэдэн шалтгааны нэг нь хууль бусаар голын голдирлыг өөрчилж барьсан орон сууц, олон нийтийн үйлчилгээний байгууллага. Үүний хамгийн том жишээ нь усан паркийн газарт “Акуа гарден” буюу “Авлига хороолол”-ыг барьсан явдал. Иймээс Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар голын голдиролд хамгийн их нөлөөлж буй уг барилгын хоёр блокийг нураах шийдвэр гаргасан байдаг. Энэ нь нийслэлд нүүрлэж буй “төлөвлөлтийн” үерийн эсрэг авч буй жишиг арга хэмжээ гэдгийг тухайн үед мэдэгдэж байлаа.
Тэгвэл үер болоод жил болох гэж байна. Зун айсуй. Өнгөрсөн хугацаанд үерийн голомтод ямар өөрчлөлтүүд гарсан, шийдвэр гаргагчид шийдвэрээ ажил болгож чадсан эсэхийг тодруулахаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Нэгд, эхний зорих газар өнгөрсөн зуны үерийн голомт болох Натур орчим байв. Биднийг очиход товчхондоо, энэ жил ч ойр орчмын оршин суугчид болоод ААН-үүд усанд автах эрсдэлтэй. Бүр энгийнээр бол “автана”. Учир нь, жилийн өмнө үерийн далан, хамгаалах байгууламж дутуугаас болж онцгой байдлын алба хаагчид шуудайтай шороог зөөж байв. Тиймээс үерийн уснаас хамгаалах барилга, байгууламжид зарцуулах төсвийг ч нийслэлээс нэмсэн байдаг. Гэвч өнөө жил ч ялгаагүй оршин суугчдын эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалах зориулалтын далан байгууламж баригдаагүй, хамгаалалт нэмэгдээгүй байна. Тухайлбал, авто зогсоолын түвшинд голын ус хүрэхэд хагас метрийн зай үлджээ. Тун ойрхон. Албаныхны мэдээлж буйгаар энэ онд нийт 23 байршилд үерийн далан, сувагчлалын ажил хийгдэхээр байгаа ч бодит байдал дээр ажил болсонгүй.
Түүнчлэн, өнгөрсөн зуны үерээр голын голдирлыг өөрчилж, хууль бусаар барилга байгууламж барьж, нэр нь олон нийтэд түгсэн хоёр газар бий. Нэг нь “Авлига хороолол”, нөгөөх нь “S Outlet” дэлгүүр.
Уг хоёр барилгыг нураах нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, "“S Outlet” дэлгүүрийг нурааж эхэллээ" гэх мэдээллийг албаныхан өгч байсан билээ. Тэгвэл одоогоор үерт том нөлөө үзүүлсэн тус дэлгүүрийн агуулахын барилгыг л нураагаад байгаа аж. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хараахан нураагаагүй байна.
Нураалтад ажиллаж буй компанийн ажилчдаас тодруулбал “Одоогоор нураалт эхлээгүй байна. Нийслэлээс өөрсдөө шугам, сүлжээний асуудлаа шийднэ гэсэн. Тэрний дараа л нураалт эхлэх байх. Яг одоогийн байдлаар бид барилгыг нураах бэлтгэл ажлыг л хийж байна” гэв.
Товчхондоо, үерээс өмнө, зунаас өмнө нурааж дуусгах барилга өдгөө “амь” тасалдаагүй, үерийн эрсдэл хэвээр байна. Мөн ойр орчмын иргэд ч барилгыг шуурхайлан нурааж, ойр орчмын хог хаягдлыг зөөвөрлөж дуусгахыг шаардаж байв. Учир нь, барилгын хог хаягдал нь тоос, шороог ихээр нэмж байгаа юм.
Түүнчлэн, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажилласан. Энэ үеэр тэрээр “S Outlet дэлгүүрийн талбайд нийт дөрвөн барилга байснаас өнөөдрийн байдлаар гурван барилгыг нураасан. Одоо таван давхар барилгыг нураах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан хийх, сувагчлалын ажил үргэлжилж байна” гэв.
Өвөл болохоор утаагаа санадаг гэдэг шиг зун болохоор нийслэлийн удирдлагууд үерээ санадаг юм даг уу. Бүтэн жилийн хугацаанд чимээ аниргүй байсны эцэст үер ирлээ, шуурхайлах минь гэж "хашхичих" нь хэр зохистой вэ.
Түүний хэлж буйгаар энэ сарын 15-нд нураалтын ажлыг дуусгаж, үерээс хамгаалах барилга байгууламжийг барих юм гэнэ. Гэтэл оршин суугчид аль хэдийнэ усанд автаад эхэлчихсэн байх жишээний.
Өнгөрсөн амралтын өдөр цаг агаар дулаарсны улмаас уулын цас мөс хайлж, урсаж голын устай нийлж, түрүү жилийн голомт, түрүү жилийн айлуудын ойр орчимд ус нэвчив. Бодит үнэн нь, нийслэлийн удирдлагуудын удаашралтай ажлыг нийслэлийн үер хүлээхгүй нь лавтай.
Хоёрт, нийслэлчүүдийн төдийгүй Монгол Улсын Засгийн газрын толгойг гашилгаж, Ерөнхий сайдыг хүртэл барилгын талбайд очиход хүргэсэн “Авлига хороолол”-ын барилгын ажил өнөөг хүртэл хэвийн үргэлжилж байна. Тус барилгын хоёр блокийг нийслэлээс нураахаар болсон ч "Эм Энд Жи Констракшн” ХХК ирэх намар дөрвөн блокийг нь ашиглалтад оруулж, захиалагчид түлхүүрээ гардахаар зэхэж байгаа аж.
Уг нь, үерийн дараагаар нийслэлийн удирдлагууд барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй хэмээн үзэж тог цахилгааныг тасалсан ч амжилт олоогүй. Иймд шүүхийн шийдвэр хүлээхээс өөр аргагүйд хүрсэн юм. Гэвч шүүхээс нийслэлийн нураах захирамжийг ээлж дараалан хүчингүйд тооцож, Акуа гарден ялалт байгуулсан байдаг. Ийнхүү нийслэл нь нэг ААН-дээ ялагдсанаар 1.5 сая иргэн үерт автах эрсдэлтэй болов.
Хэдийгээр нийслэлийн удирдлагууд, мэргэжилтнүүд тус компанийн барьж буй барилга нь голын хамгаалалтын бүсийг зөрчиж, голын голдирлыг өөрчилсөн. Хамгаалалтын далан гэх хашлага нь голын усыг бүрэн хаах боломжгүй гэж байгаа ч тэд биеэ өмөөрсөөр буй.
Хэрэвзээ, шүүхийн шийдвэр гарч барилгыг нураахаар болсон ч энэ хэмжээний барилгыг нураасан туршлага Монгол Улсад байхгүй. Тэгэхээр мөн л гаднын ААН-ийг шалгаруулж нураана гээд энэ зундаа амжихгүй.
Ер нь, дээр дурдсан “S Outlet" дэлгүүрийн жишээг харсан ч нийслэл, шийдвэр гаргагчдаас хамааралтай үер болоод байх шиг. Товчхондоо, энэ зун урагшгүй түшээдээс болж усанд автах нь тодорхой...