Монгол Улс усны нөөц багатай. Тэр дундаа Улаанбаатар хот усны нөөцгүй болж байгаа гэх. Иймдээ ч иргэд олон нийтийн зүгээс усны нөөцөд анхаарлаа хандуулах болсон билээ. Тэгвэл бид энэ удаад усны салбарт тулгамдаж байгаа болон зөрүүтэй ойлголтын талаар салбарын мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Оюу толгой компани үйлдвэрлэлийн усны хэрэглээний 87 хувийг буцаан ашигладаг
Оюу толгой ХК-ийн Ахлах гидрогеологич, Доктор Б.Батдэмбэрэл: Монгол орны усны хэрэглээг авч үзвэл өнөөдрийг хүртэл бид газар доорх усаар хэрэглээгээ хангаж байгаа. Яагаад газрын доорх усаар хангаад байгаа вэ гэхээр Монголд хөлдөлт, гэсэлтийн улмаас өвлийн улирал гадаргын усаар хангахад тогтворгүй байдаг. Мөн гадаргын ус маш амархан бохирддог. Тиймээс тогтвортой нөөц байж чаддаггүй. Харин хамгийн тогтвортой нөөц бол газрын доорх ус байдаг.
Сүүлийн үед газрын доорх усны нөөцийг хамгаалах, хэмнэх тал дээр ард иргэд нэлээд мэдээлэлтэй болж байна. Ялангуяа газар доорх ус бохирдохоос сэргийлэх тал дээр анхаарч байна. Хамгийн ойрын жишээг авч үзвэл Улаанбаатар хотын усны хэрэглээ бол 100 хувь газар доорх усны нөөц байдаг. Гэвч Сэлбийн голын хөндийд гэр хорооллууд байдаг. Үүнийг дагаад нүхэн жорлон бий. Нүхэн жорлонгоос болоод газар доорх ус бохирдоно. Бохирдлоос болоод ундны ус нөөц ч асуудалд орно. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ард иргэд ч гэсэн усны нөөцийг арвилан хэмнэх мэдлэгийг сошиал сувгаас авч, тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод байна.
-Иргэд газар доорх усны нөөцийг хамгийн их бохирдуулдаг салбар нь уул уурхай гэж ойлгодог шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Усны газраас гаргасан судалгааг харвал нийт хэрэглээний 31 хувийг мал аж ахуй, 25 хувийг газар тариалан, 15 хувийг уул уурхайд хэрэглэдэг. Үүнээс харвал, Монгол орны усны нөөцийг хамгийн их бохирдуулдаг, их хэрэглэдэг салбар нь уул уурхай биш гэдэг нь харагдаж байна. Уул уурхайн компаниудын хувьд усны хэрэглээ, нөөцийг Усны газар, БОАЖЯ, сав газраар дүгнэлт гаргуулдаг. Хуулийн дагуу жил бүрийн хэрэглээг тайлагнаж, тохирсон төлбөрийг төлдөг. Харин газар тариалан, мал аж ахуйн салбарт энэ чиглэлийн зохицуулалт байдаг эсэхийг мэдэхгүй байна.
-Тэгвэл уул уурхайн компаниуд яг ямар шийдлүүдийг ашиглаад усыг хэмнэж, арвилаад байгаа юм бэ?
-Уул уурхайн компаниуд, тэр дундаа манай Оюу толгой компани үйлдвэрлэлийнхээ усны хэрэглээний 87 хувийг буцаан ашиглаж байгаа. Энэ нь усны нөөцийг хэмнэх томоохон хөшүүрэг болж байна. Мөн ахуйн усны хэрэглээнийхээ 98 хувийг цэвэршүүлж, дахин үйлдвэртэй ашиглаж байгаа.
Түүчнлэн, Оюу толгой компани нь дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад усны хэрэглээгээрээ гурав дахин бага байна.
Бадрах Энержи ХХК ураны олборлолтоо эхлүүлэхэд 1600 ажилтан хэрэгтэй. Бадрах Энержи ХХК-ийн гол үйл ажиллагаа нь юу вэ гэхээр газар доорх усаа уусган баяжуулж байгаа ажил. Тэгэхээр тэрийг нь хянах шаардлагатай гидрогеологич асар олноороо хэрэгтэй байна. Гэтэл Монголд алга...
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн гидрогеологийн багш, Доктор: Б.Наранчимэг: Дэлхийн нийт усны нөөцийн 97 хувь нь далайн ус, бид хэрэглэж чадахгүй. Харин цэвэр ус нь гурван хувь. Энэ гурван хувийн хэрэглэх боломжтой усны 60 хувь нь газрын доор байгаа. Гадаргын усыг бид түгээмэл хэрэглэж чаддаггүй. Манай улсын тухайд хараахан газрын доорх усны нөөцөө тогтоож дуусаагүй байгаа. Нийт бүс нутгийнхаа 15 хувьд нь гидрогеологийн зураглал хийсэн. Төв суурин газар, уул уурхайн бүс нутагт баталгаат хэрэглэх боломжтой нөөцөө тогтоосон учраас цэвэр усны нөөц нь харьцангуй бага харагдаад байна. Түүнчлэн, Монгол Улсын нийт усны нөөцийн 30 нь газрын доорх усны нөөц, 70 хувь нь гадаргын усны нөөц гэж үздэг. Тэр 70 хувийнх нь 70 хувь нь Хөвсгөл нуурын ус. Бид Хөвсгөл нуурын усыг хэрэглэх боломжгүй шүү дээ. Тиймээс нөөц гэж үзэхэд хэцүү. Иймд газрын доорх усаа судлаад, нөөцөө ахиулах шаардлагатай. Нөөцөө нэмэгдүүлэхийн тулд газар доорх худаг өрөмдөх ёстой. Худаг өрөмдөхөд маш их төсөв мөнгө шаардлагатай.
Гидрогеологич мэргэжилтэй хүн юу хийдэг вэ гэхээр газрын доорх усны нөөцийг тооцохоос гадна бохирдлыг тооцож, унданд болон үйлдвэрт хэрэглэж болох эсэхийг тогтоодог. Мөн ашиглалтын цооногуудын урт хугацааны ашиглалтыг хянадаг.
Усны салбарынхан гэдэг мөртлөө усны салбар нь дотроо маш олон хуваагддаг. Эмч нар дээр жишээ авбал шүд өвдлөө гээд зүрхний эмч дээр очиж болохгүй шүү дээ. Түүнтэй адил гидрогеологич хүн газар доорх усыг судалдаг. Хүмүүс гидрогеологи гэдэг үгийг мэддэггүй. Энэ үгийг мэддэг хүн байна уу гээд 100 хүнээс судалгаа авахад 1-2 хүн сонсож байсан байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийг мэддэг, сонирхдог хүн байхгүй байна. Ер нь ус байхгүй бол бид яах вэ, усгүй хэд хонож чадах вэ гэдэг нь асар чухал мөртлөө усыг судалдаг, нөөцийг нь тогтоодог хүнийг төдийлөн мэддэггүй гэсэн үг.
Хүмүүс яагаад мэдэхгүй байна вэ гэдгийг дахиад судлаад үзвэл ШУТИС л ганцхан гидрогеологич мэргэжилтнийг бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдал ч юм уу, янз бүрийн хүчин зүйлээс болоод байгалийн шинжлэх ухааныг сонирхдог хүн байхгүй болчихсон. ШУТИС, МУИС-д гидрогеологич мэргэжлээр суралцах хүүхдийн тоо жилд 4-5 хүүхэд болж багасч байна. Үүнээс болж юу тулгарах вэ гэхээр уул уурхайн компаниуд усны нөөцийг зөв ашиглаж байна уу гэдгийг хянадаг мэргэжилтнүүд байхгүй болчхож байгаа гэсэн үг. Дээрээс нь шинэ усны нөөцийг тогтоох мэргэжилтнүүд Монголд байхгүй болчихсон. Одоогоор гайгүй ч гэсэн арван жилийн дараа бид усны нөөц судлах хүнгүй болох учир энэ мэргэжлийг иргэдэд таниулах нь ач холбогдолтой.
-Цөөхөн хүүхэд гидрогеологич мэргэжлийг сонгож байгаагаас гадна, тэд бүгд мэргэжлээрээ ажлын байранд гарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Яг бүгд ажиллаж чадаж байгаа болов уу?
-Сүүлийн үед дөрвөн хүүхэд орж байгаа болохоос 20, 30 хүүхэдтэй үе байсан. Геологи, уул уурхайн салбар мандан бадарч байсан үе гэсэн үг л дээ. Мөн сүүлийн үед хуультай холбоотойгоор геологийн хайгуул хийгдэхээ байсан, ашиглалтын лиценз олгогдохоо больсон тул гидрогеологич, геологич мэргэжилтэй хүн цөөрч байна.
Энэ жил гэхэд 10 хүүхдийн ажлын байр байна, зун яаралтай хээрийн ажилтай байна гэхэд манай сургууль жилдээ дөрвөн хүүхэд л төгсөж байна. Тэгэхээр эрэлтээ хангаж чадахгүй байна л гэж ойлгож болно.
Жишээлбэл, Бадрах Энержи ХХК байгаа шүү дээ. Тэр компани ураны олборлолт хийгээд эхлэх юм бол 1600 ажилтан хэрэгтэй. Бадрах Энержи ХХК-ийн гол үйл ажиллагаа нь юу вэ гэхээр газар доорх усаа уусган баяжуулж байгаа ажил. Тэгэхээр тэрийг нь хянах шаардлагатай гидрогеологич асар олноороо хэрэгтэй байна. Бид хангаж чадахгүй болохоор тэр компани хүний нөөцөө хаанаас яаж хангах вэ гэдэг асуудалд орж байна.
Усны салбарт мэргэжилтнүүд хомсдож байна...
Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Басбаатар: Бүх зүйлийн эх үүсвэр нь ус. Боловсон хүчин бол манай салбарын тулгамдсан асуудал. Өнөөдөр усны салбарт мэргэжилтнүүд хомсдож байгаа. Тухайн мэргэжилтнийг үнэлэх зах зээлийн үнэлгээ байхгүй байна. Ер нь усны мэргэжилтэн хомсдож байгааг дан ганц гидрогеологи гэж хэлэхгүй. Өнгөрсөн жилийн усны өдрөөр хүний нөөцийн талаар ярьж байсан. Нэг жилд долоохон оюутан төгссөн гэдэг бол маш харамсалтай. Манай гидрогеологичдын холбоо нийгэм болон гишүүдэд үйлчилдэг учраас эрхзүйн зохицуулалтын талаар ярьж байна. Тухайлбал, хайгуулын бүх шатад гидрогеологич ажиллах ёстой гэдэг хууль, түүнийг дагаж мөрдөх журмуудад нөлөөлөл үзүүлж, гидрогеологич, усныхныгаа ажилтай байлгах тал дээр түлхүү ажиллаж байна.