Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд “Исэгахама” дэвжээний бөх Такэрүфүжи 13-2 гэсэн амжилтаар түрүүлэв.
Тэрээр нэгдүгээр сард жюүрёод түрүүлэн, Харү башёд анх удаа макүүчид дэвшин барилдсан юм. Түүний хувьд 110 жилийн дараа макүүчид дэвшсэн анхны башёдаа түрүүлсэн амжилтыг давтлаа. Мөн мэргэжлийн сүмод орсоор 10 башё барилдаад макүүчид түрүүлсэн анхны бөх болов. Үүнээс гадна 24 жилийн дараа макүүчигийн түрүүг гурван тусгай шагналтай хамтад нь хүртсэн гурав дахь бөх боллоо.
Өөр нэг содон үйл явдал нь сүмогийн магэ үс нь ургаж гүйцээгүй бөх макүүчи зиндаанд түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн анхны тохиолдол гэнэ. Макүүчид хоёр дахь башёдоо зодоглож буй Оносато хоёр тусгай шагналын эзэн болов. Манай бөхчүүдээс озэки Хоошёорюү С.Бямбасүрэн 11 даваатай башёг дуусгалаа. Харин озэки Киришима сүүлийн өдөр давснаар таван даваатай Хаврын тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр ирэх башёд цол хамгаалах барилдаан хийх биз. Тэгвэл маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар качигоши хийхэд ганцхан даваа дутлаа.
Харин Жюүрёо зиндаанд монгол бөхчүүд онцгой байлаа. Тамашохо Э.Энхманлай макигоши болсныг эс тооцвол бүгд тавин хувийн амжилтаа үзүүлэв. Ингэхдээ Миторюү Б.Төрболд 12 даваатайгаар түрүүллээ. Тэрбээр өмнө нь уг зиндаанд 2021 оны долдугаар сард түрүүлж байв. Ийнхүү жюүрёод хоёр дахь түрүүгээ авч байна. Түүнчлэн жюүрёогийн барууны дөрвөөс барилдсан Оошёоүма П.Дэлгэрбаяр 11 даваатай башёг дуусгалаа. Ингэснээр Миторюү, Оошёоүма нар тавдугаар сард макүүчид барилдах болзлоо хангав.
Бүх Японы оюутны ёкозүна болж мэргэжлийн сүмогийн замналаа макүшитагийн 15-аас эхлүүлсэн “Ономацү” дэвжээний бөх Онокацү Б.Чойжилсүрэн мэргэжлийн сүмод гурван башё барилдаж, Монголын 39 дахь сэкитори цолтон боллоо. Түүний хувьд Хаврын башёд макүшитагийн барууны хоёроос барилдаж, таван даваатай тэмцээнээ өндөрлүүлснээр тавдугаар сард жюүрёо руу дэвшихээр болжээ. Тэгвэл улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох зургаан даваатай башёг дуусгаснаар чансаагаа нэлээд ахиулах нь.
З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-4 /өнжсөн/
З-О Киришима Б.Лхагвасүрэн 5-10
Б-О Хоошёорюү С.Бямбасүрэн 11-4
Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-8
Б-15 Рога А.Амарсанаа 7-8
Б-2 Миторюү Б.Төрболд 12-3
Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 11-4
Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 9-6
Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 10-5
Б-9 Тамашохо Э.Энхманлай 6-9
Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 5-2
Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 3-4
З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-5
З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4
Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 4-3
З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 6-1
Б-29 Казэноүми Ц.Билгүүн 3-4
З-46 Араүма Б.Төртогтох 3-4
Б-1 Токисома Б.Анхбаяр 3-4
З-15 Саданохикари Д.Наранцогт 3-4
Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-2