Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

IntelliNews: Зудын улмаас Монголд 16 сая мал хорогдохоор байна

IntelliNews: Зудын улмаас Монголд 16 сая мал хорогдохоор байна
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 25
Монгол Улс зудад 16 сая толгой малаа алдах эрсдэлтэй тооцоо судалгаа гарсныг “IntelliNews” мэдээлжээ. 
Тус агентлаг энэ талаарх урьдчилсан мэдээг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гуравдугаар сарын 20-нд танилцуулсан мэдээллээс эшилсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Монгол Улсын УОК-ын мэдээлснээр цаг агаарын гамшигт өртөн хорогдсон малын тоо 4.7 сая даваад байна. Энэ хавар 2010 онд тохиолдсон зудын улмаас 10.3 сая толгой мал хорогдож, Монгол Улсын хүн амын 28 хувь нь хохирсноос илүү нөлөөлөл үзүүлнэ гэж таамаглаж байгаа аж. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Зүүн Азийн төлөөлөгчдийн тэргүүн Ольга Жумаева зудад нэрвэгдсэн орон нутгаар явах  үеэрээ "Зүрх шимшрүүлэх дүр зурагтай тулгарсан, хаа сайгүй үхсэн амьтдын овоолго үүссэн байсан. Зудын цар хүрээ улам дордож байна. Хүмүүнлэгийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна” хэмээсэн.
Цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас Монгол орноор -30 хэм хүртэл хүйтэрч, малын бэлчээрийн талбайг гүн цас, мөс дарж, нийт малчин өрхийн дөрөвний гурав нь зудад өртсөн талаар албаныхан мэдээллээ. Таван хошуу мал нь гол хэрэглээ нь болдог малчдын амьжиргаанд ноцтой аюул нүүрлээд байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) хандив өргөх уриалга гаргажээ. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “МУЗН зудын хямралыг даван туулахын тулд хүнсний хомсдол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал, амьжиргааг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй малчин өрхүүдэд анхаарч байгаа. Хүмүүнлэгийн хариу арга хэмжээний хүрээнд  нэн шаардлагатай байгаа 5100 малчин өрхөд  малын хөнжил гэх мэт амин чухал хангамжийг тараасан” гэжээ.
Харин Жумаева  “Олон малчин өрх эрдэнэт малаа алдахаас эхлээд санхүүгийн хүндрэл, нөөц бололцооны  хязгаарлагдмал байдал, мөн сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэндэд асар их дарамт шахалт үзүүлэх олон тэмцлийн гэрч болж байна.  Монголд малын хорогдол нэмэгджээ, нөөц хомсдож, олон зуун мянган хүний ​​нөхцөл байдал доройтож байгаа нь яаралтай тусламж хэрэгтэй байгааг харуулж байна” гэжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн