Сонгууль хаяанд ирж, улс төр жинхэнэ утгаараа халж эхлээд байна. Энэхүү халалтыг дагаад өнөөх л эрх мэдлийн хуваарилалт ийш, тийшээ эргэж байна хэмээн төрийн ордноос эхтэй мессеж хөвөрч хаа сайгүй ямар нэгэн томоохон үйл явдлыг таамаглахаар хүлээцгээдэг нь жам. ...Эрх баригч намын Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёрын хагарал хэрээс хэтэрч гэнэ, том ах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь тэр талд нь гарч, энэ талд нь нүүр өгч гэнэ гэцгээгээд л...
Гэвч энэ бүхэн өнгөрсөн сонгуулийн үеэр ч явж л байсан хуучин хов жив. Хамгийн гол нь энэ хов жив хэзээ ч хуучрахгүй өнгөө ч хувиргаж шальсан юмгүй амь бөхтэйгөөр хөвөрсөөр байгаа нь хоёрдугаар ээлжийнхний л мөрөөдөл төдийхөн. Өнөөдрийн ноёлогч гурван даргаа гучин янзаар хувирган мессеж шидээд ч агуулга нь өнөөх л хүсэмжит утгаасаа хол очиж салахгүй үргэлжилсээр байгаа. Хүсэмжит гэдэг нь энэ гурван толгой хагаралдан муудалцвал ноёрхолд нь ан цав гарч өөрсдөд нь өндийх сиймхий олдоно л гэсэн ганцхан зорилготой. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг улстөрч болгоны дотор намын дарга, Ерөнхий сайдын сэнтий зүүд нойронд нь багтаастай байдаг гэдэг яриа бий. Иймээс л нэг фракц хэдий ч дээрх даргаа унахад өөрийн ээлж ирнэ хэмээн өнгийж байдаг нь улстөрчийн тавилан.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газартаа авчирч “гал тогоогоо” хариуцуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа, Д.Амарбаясгалан намын гал тогоогоо хариуцан хоёр талд зүтгэж байснаа сонгууль угтсан тоглолтоо хүчитгэхээр албан ёсоор төвлөрсөн гэсэн үг. Төрийн шийдвэрүүд, халамж, цалин тэтгэвэр гээд сонгуулийн өмнө сонгогчдын саналыг намдаа авчрах бүхий л шийдвэрүүдийг энэ хоёр эрхэм толгой мэдэн гаргаж буй. Иймэрхүү улс төрийн ашигтай шийдвэрүүд гаргахад намын даргад зоригтой хань хэрэгтэй байсан тул генсекээ засаг руугаа татсан гэдэг.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын тухайд У.Хүрэлсүхийг намын генсек байхаас сайн дүү нар нь байсан бөгөөд доор нь намынхаа хэлтсийн даргаар зэрэг томилогдон ажиллаж байсан журмын нөхөд. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хамтрал хов жив төдийхнөөр хагаран унаад байхаар хэврэг биш.