Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Малайзын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэгт С.Батболдын оффшор компани холбогдсон баримтыг танилцууллаа

Малайзын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэгт С.Батболдын оффшор компани холбогдсон баримтыг танилцууллаа
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 14
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак эрх мэдлээ урвуулан ашиглаж тус улсын баялгийн сан болох “1MDB” компаниас 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлж татвар төлөгчдийн хөрөнгийг шамшигдуулсан, авлига авч, мөнгө угаасан хэрэгт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.
Малайзын Дээд шүүх 2022 онд Нажиб Разакыг эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, олон нийтийн итгэлийн эвдсэн, авлига авсан хэрэгт гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ял оноосон. Тэрээр одоо шоронд ялаа эдэлж байгаа бөгөөд “1MDB” компанийн шинэ удирдлагуудын хүсэлтээр шүүх хурлыг дахин хийж байгаа юм.
Куала Лампур хотноо болж байгаа "1MDB"-д холбогдох шүүх хурал мягмар гаригт Малайзын баялгийн сангийн зөвлөхүүдийн зөвлөлийн ерөнхийлөгч асан Лоув Тэк Жод холбогдох авлига, мөнгө угаах гэмт хэргийн талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан. Тэрээр “1MDB” компаниас 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө завшсан хэргийн гол зохион байгуулагч гэж тооцогддог бөгөөд 2018 онд эх орноосоо оргон зайлсан байдаг.
Тэгвэл Малайзын Дээд шүүхэд Лоув Тэк Жод холбогдох хэргийн баримтуудыг танилцуулах үеэр шинжээч Анжела Баркхаус “1MDB” компанийн охин компани болох “SRC International” данснаас 2011 оны арванхоёрдугаар сард 14.9 сая ам.долларын гүйлгээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшор компанид шилжүүлсэн талаарх дансны гүйлгээний баримтуудыг танилцуулсан байна.
Оффшор дахь хөрөнгийг мөшгих чиглэлээр мэргэшсэн Их Баританийн санхүүгийн шинжээч Анжела Баркхаусын танилцуулснаар 2011 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр “SRC International” компанийн “BSI Bank”-данснаас “Muraset Limited” компани руу 14.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн.
Их Британийн Виржинийн Арлуудад бүртгэлтэй “Muraset Limited” компани нь 2010 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхойгүй. Шинжээч Анжела Баркхаус “Muraset Limited” компанийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн Виржинийн Арлуудад бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан эзэмшдэг гэж танилцуулсан юм.
Шинжээч Анжела Баркхаус Малайзын Дээд шүүхийн сонсголд “Muraset Limited” компанийн данснаас 14.9 сая ам.долларын гүйлгээг хэрхэн зарцуулсан болохыг данс хөөх аргаар мөшгихөд:
  • "Dash Uranbileg" гэх хүний дансанд 2 сая ам.доллар
  • Сү.Батболдын хүү болох Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн дансанд 40 мянган ам.доллар
  • Сү.Батболдын төлөөний хүн гэж танилцуулсан “Muraset Limited” компанийн захирал Чон Чу Юний дансанд 4.5 сая ам.доллар
  • Чон Чу Юний гэр бүлийн хүн болох Ким Хак Сионы дансанд 1.4 сая ам.доллар
  • Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг тус бүр Виржинийн арлуудад бүртгэлтэй “Infinite Properties Limited” компанид 4.54 сая ам.доллар, “Bophut Investments Limited” компанид 2.5 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн байсан гэж танилцуулсан байна.
    Малайзын Дээд шүүхэд дүгнэлт танилцуулсан шинжээч, дата аналист Анжела Баркхаус нь санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "Quantuma" компанийн Кайманы арлууд дахь салбарын тэргүүн бөгөөд санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, авлига, мөнгө угаах, оффшор дахь хөрөнгийг мөшгих, гадаадад гуйвуулсан хөрөнгийг шилжүүлж авах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн аж.
    Эх сурвалж: New Straits Times
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн