Дэлхийн Глаукомын холбоо(Global glaucoma institute)-ноос жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн Глаукомыг сэрэмжлүүлэх долоо” хоног гуравдугаар сарын 10-16-ны хооронд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуултай ярилцлаа.
-Монгол улсын хэмжээнд нүдний ямар ямар өвчлөлүүд түгээмэл тохиолдож байна вэ?
-Монгол Улс дахь нүдний хараа алдах, сул хараа үүсгэдэг тэргүүлэх таван өвчнийг авч үзвэл 2013 оны судалгаагаар 50 дээш насны хүн амын дунд нүдний болорцайх, “глауком” буюу нүдний даралт ихсэх өвчин хамгийн түгээмэл оношлогддог. Дэлхийн хэмжээнд 80 сая гаруй хүн глауком өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. Одоогоор Монгол Улсад глауком өвчний талаарх дэлгэрэнгүй тоо баримтыг гаргах судалгаа хийгдэж байна.
-Энэ “Глауком” өвчин нь ямар байдлаар илэрдэг вэ. Удамшдаг уу?
-Глауком нь төрөлхийн болон олдмол байдлаар илэрдэг. Төрөлхийн нүдний даралт нь нярай үед илэрдэг. Нярайн нүдний шингэн дамжуулах, гадагшлах зам нь чөлөөлөгдөөгүй учраас төрөлхийн нүдний даралт үүсдэг. Харин насанд хүрэгчдийн нүдний даралт ихсэх өвчин удамших хандлагатай байдаг. Эмэгтэй хүнд илүү давамгайлах хандлага ажиглагддаг. Тиймээс ээж аав нь нүдний даралт ихсэх өвчинтэй, удамд нь тийм хүн байдаг бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.
-Нүдний даралт ихсэх өвчих дунджаар хэдэн насанд түгээмэл тохиолддог вэ?
-Наснаас үл хамааран нүдний даралт өвчин үүсэх эрсдэл бий. Ялангуяа, залуу хүмүүст нүдний хавсарсан эмгэгээс болоод нүдний даралт ихэсдэг. Үүнд, нүдний гэмтлүүд, болор цайх, нүдний эмгэгүүд, үрэвсэлт өвчин, бусад эрхтэн системийн өвчин, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг багтдаг.
-Өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эмчлэх боломжтой юу?
-Нүдний даралт ихсэх өвчний үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна. Эмчилгээний хувьд эрт үед оношлогдсон бол эмийн болон лазер мэс заслын аргаар эмчилдэг.
-Хүний нүдний даралт хэвийн үедээ хэд байх ёстой вэ?
-Хэмжигч багажнаасаа шалтгаалаад 9-21, 18-26 байдаг. Олон удаагийн судалгаанаас үзэхэд Монгол хүний нүдний даралт 17 дээш байвал эрсдэлтэй гэж үздэг.
-Иргэд дур мэдэн нүдний дусаалга, тос зэргийг хэрэглэдэг. Энэ нь нүдний даралт үүсэхэд нөлөөлөх үү?
-Мэдээж нөлөөлнө. Нүдний дусаалга нь стеройдын гаралтай учраас удаан хугацаагаар хэрэглэвэл нүдний даралт үүсэж хараагаа алдах нөхцөл байдал үүсч болзошгүй. Иймд аль болох дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
-Эрт үедээ оношлогдон эмчилгээ хийлгэсний дараагаар сэдрэх тохиолдол гарах уу?
-Нэг эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрнэ гэсэн үг биш. Нүдний дотоод даралт гэдэг зүйлийг хэвийн барьж, харааны мэдрэл тэр даралтад тэсвэртэй байснаар хараагаа авч үлдэнэ. Тийм учраас байнгын эмчилгээ, хяналтад байх шаардлагатай.
-Нүдний даралтын оношлогоог хаана хаана хийдэг вэ?
-21 аймаг, ёсөн дүүрэг, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийгдэж байна. Иргэд “Дэлхийн Глаукомыг сэрэмжлүүлэх долоо” хоногийн хүрээнд дүүргийн эмнэлэгтээ хандаж өдөр бүр 15.00-18.00 цагийн хооронд цаг авалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. Ердийн өдрүүдэд цаг авч үйлчлүүлдэг.