Монголын үндэсний бөхийн холбоо, Премьер спортс нэтворктой хамтран зохион байгуулж буй “Пепси” үндэсний алтан цомын төлөөх барилдааны дундуур нэгэн сонирхолтой эвентийг явуулахаар болсон билээ.
Энэ сарын 16-нд болох тов гарсан “Бүх оддын барилдаан”-ыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Долоо хоногийн турш үзэгчдийн дунд санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан 14 бөхийг барилдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өчигдөр санал хураалт албан ёсоор дуусч, “Бүх оддын барилдаан”-д зодоглох 14 бөхийн нэр тодорлоо.
14 бөхийг улсын аварга О.Хангай 17590 саналаар хол тасархай тэргүүлсэн бол уран барилдаант улам өрнөх харцага Б.Зоригтбаатар, амаргүй начин Д.Амарсайхан нар эхний гуравт багтжээ. Түүнчлэн, бяр ихтэй Б.Бат-Өлзий, цол дагаж бяр нэмэгдсэн ч сүүлийн үед бөх сонирхогчдын шүүмжлэлд өртөөд буй гарди Ц.Бямба-Отгон, Завхан нутгаас төрөн гарсан энэ цагийн шилдгүүдийн нэг заан Б.Лхагвагэрэл, шуундаа бяртай манлай заан Б.Пүрэвсайхан, өндөр харцага О.Мөнх-Эрдэнэ, өнөө цагт барилдаж буй бөхчүүдийн манлай даян аварга Н.Батсуурь, жудаг төгс аварга П.Бүрэнтөгс, өмсөх мэхээр гангардаг уран барилдаант арслан Р.Пүрэвдагва, улсын харцага С.Сүхбат, бие жижиг ч бэлчээр томтой харцага Г.Ганхуяг, унах нь ч, давах нь ч уран “Чоно” хочит Э.Сумъяабат нар үзэгчдээс хамгийн олон санал авч “Бүх оддын барилдаан”-д зодоглохоор болов.
Уг барилдаанд зодоглож буй хамгийн өндөр эрэмбэтэй бөхчүүд болох даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар багаа ахална. Тэд багаа бүрдүүлэхдээ NBA-гийн драфтлах зарчмаар ээлжилж бөхчүүдээ сонгох юм.