Манай улсын тулгамдсан асуудал болох сэтгэзүйн асуудлын талаар Клиникийн профессор, Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр насныхан ямар нэг байдлаар асуудалд ордог боллоо. Ингэхдээ нэгнийгээ дээрэлхэж, гадуурхах нь элбэг байна. Үүнийг сэтгэлзүйн талаас авч үзвэл яг юу нь ийм үйлдэл хийхэд хүргээд байгаа юм болоо?
-Том утгаар нь яривал хүн төрөлхтний үүсэл, түүхтэй холбож ярих болчхоод байна. Тиймээс жижиг хүрээнд авч үзье. Мэдээж үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт байж болохгүй. Сэтгэлзүйн хувьд хамгийн товчоор авч үзвэл энэ нь хувь хүний сэтгэлзүйн хүчирхийлэлтэй шууд холбоотой.
-Ер нь, хүчирхийлэгч, дээрэлхэгч хүн цаанаасаа төрдөг юм уу, аажимдаа тийм хүн болдог юм уу?
-Хүн бүр яг тийм л хүн болмоор байна гэж болдоггүй. Тэр хүнийг хэн нэгэн тийм болгодог. Гэхдээ тэр хэн нэгэн нь дийлэнх тохиолдолд эцэг эх нь байдаг. Тэгэхээр хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн эрэгтэй/эмэгтэй хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэгч болох хандлагатай байдаг. Яагаад гэвэл тэдний аав, ээж нь өөрөө ч бас хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн байдаг. Хүчирхийлэл гэдэг бол асуудлыг шийдэх нэг арга байдаг. Тиймээс хүүхэд асуудлыг хүчирхийллээр шийддэг юм байна гэдэг программтай болдог. Тэгэхээр ялт ч үгүй тэр бол гэр бүлийн хүрээнээс улбаатай асуудал байгаа юм.
-Зөвхөн гэр бүл гэж үү. Нийгэм биш үү?
-Суурь нь гэр бүл. Суурь нь зөв тавигдсан байвал хэчнээн хүчирхийлэлтэй муухай нийгэмд амьдарсан ч зөв л явна. Учир нь өнөөдөр 30+ насныхан 1990-ээд оны жинхэнэ хүчирхийлэлтэй нийгэмд төрж, өссөн байгаа шүү дээ. Гэтэл одоо байдал ямар байна. Нийгэм нь өөрөө хүчирхийлэлтэй, ямар ч хууль байхгүй байсан. Дээрээс нь нийгэмд байгаа хүн бүрийг хүчирхийлэгч гэж хэлж болохгүй. Маш цөөхөн хувь нь л хүчирхийлэгч байдаг. Ер нь, өв тэгш гэр бүлд өссөн хүүхэд ямархуу хүмүүжил, төлөвшилтэй байна вэ гээд судалгаа авч үзвэл хүчирхийлэгч дунд нь байж болох ч маш цөөн хувийг л эзэлнэ. Дийлэнх нь хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхдүүд байдаг. Мэдээж нийгэм нөлөөлнө. Гэхдээ суурь нь сул хүүхдүүдэд л нөлөөлж хүчирхийлэгч болгодог.
-Тэр нь сул байгаа юм бол яаж чангаруулж, чанаржуулах уу?
-Гэр бүл нь хүчирхийлэлтэй хэвээр байгаад л байх юм бол тухайн хүүхдийн хүчирхийлэгч болох магадлал нэмэгдэнэ. Эсвэл 180 градус эргэж энхийг эрхэмлэгч, хэт туйлширсан, хэт хатуу хүн болох магадлалтай. Хэт зөв хүн байх гээд байна гэсэн үг.
Нийгэм гэдэг бол өөрөө хийсвэр ойлголт. Нийгмийг хүмүүс бүрдүүлдэг. Тэр нийгэмд амьдарч, оршиж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь тухайн хүнийг хүчирхийлэгч болгодог буюу эргээд тэр хүнийг хүчирхийлж, дарамталж, зодож болно. Тэр л асуудал. Магадгүй багаасаа суурь нь буруу байвал хүнийг уруу татаж болно. Эсвэл ямар нэг байдлаар тухайн хүн сэтгэлзүйн маш хүчтэй цохилтод орж гэмтэл авсны улмаас хүчирхийлэгч болж болно. Энэ мэт хүчирхийлэгч болох замнал нэлээд олон янз байдаг.
-Монгол хүн болж өсөхөд уламжлалаа мэддэг байх ёстой, монгол хэлээ сайн эзэмшсэн байх ёстой, ер нь зөв сэтгэлгээтэй, хүнийг хайрладаг, энэрдэг байлгая гэвэл хүүхдэд ийм зүйлсийг ойлгуулж, мэдүүлэх ёстой гэдэг зүйл байгаа юу?
-Байлгүй яах вэ, тэр чинь хүний төлөвшлийн суурь шүү дээ. Хамгийн түрүүнд хүүхдийг аав ээж, ах эгч нар нь хайрладаг байх хэрэгтэй. Хайрлуулж өссөн хүн бусдыг хайрлаж чаддаг. Хүнийг хайрладаг хүн хэзээ ч хүчирхийлэгч болдоггүй. Хоёрт, аав ээж, өвөө эмээ нар нь нийлж байгаад хүүхдэд амьдрах ухааныг, асуудлыг шийдэх, даван туулах чадварыг эзэмшүүлэх ёстой. Наад зах нь хоолыг ингэж хийдэг юм, дэлгүүрээс ингэж юм авдаг юм, хүнтэй ингэж харилцдаг юм, асуудал гарвал ингэж шийддэг юм, шаардлагатай бол өөрийгөө хамгаалдаг юм, бусдад ингэж нөлөөлдөг юм, өөрийнхөө хүссэнээр сайхан амьдрахын тулд ингэж боловсрол эзэмших ёстой, түүнийхээ төлөө ингэж сууж, тууштай байж чаддаг байх ёстой гээд тодорхой чадваруудыг аав, ээж нар суулгах шаардлагатай.
-Энэ бүх асуудал дээр гэр бүл, нийгмээс гадна сошиал медиа нөлөөлөөд байна гэж харагддаг болоо. Таны бодол?
-Тийм, сошиал үүнд асар нөлөөтэй. Гэхдээ нөгөө л сэтгэлзүйн хувьд сул хүмүүст нөлөөтэй. Харамсалтай нь, манайхны дийлэнх нь сэтгэлзүйн хувьд сул тал руугаа байдаг. Сэтгэлзүйн хувьд хүчтэй хүмүүс хэзээ ч хэн нэгнээс хамаардаггүй. Яагаад гэхээр өөрсдийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлтэй байдаг тул нөлөөнд барагтай бол автахгүй. Харин сул хүмүүс өөрийн үзэл бодол, үнэт зүйлгүйгээс болж бусдын нөлөөнд автах магадлал өндөр байдаг. Бусдыг даган дуурайх, хүсэл эрмэлзэл, шаардлага өндөр байдаг учраас өөртөө итгэлгүй гэдэг ч юм уу, айдастай байгаа юм.
Гэтэл сошиал чинь өөрөө их хийсвэр ертөнц шүү дээ. Бодит юм тэнд маш бага байхад хэн нэгнийг/улс төрчийг ч юм уу/ нийгмээрээ муулах юм бол дагах инстинктийнхээ дагаад л муулж байдаг. Магадгүй ямар нэг зүйлийг хэт гоёчлоод эхэлбэл дахиад л дагах инстинктээрээ магтаж эхэлдэг. Ер нь, нийгмийн сэтгэлзүйн хамгийн гол нэг ойлголт бол бусдыг даган дуурайх.
Сошиал дээр хэн нэгэн гоё харагдах юм бол өөрийгөө дутуугаар мэдэрч эхэлнэ. Наад зах нь би царай муутай юм байна, санхүүгийн хувьд тааруу юм байна, би олны танил болоогүй юм байна, би өөртөө итгэлгүй юм байна гээд сошиалаас болж өөртөө дургүйлхдэг. Эсвэл сошиалд би гоё дүр төрхтэй болно. Үүнийг бүтээнэ гээд байгаагаа “photoshop, canva” ашиглаад дүр бүтээхээр бусад нь дагах нь бий. Тэгэхээр нөгөө хүн маань өөрийгөө хиймэл байдлаар од болчихсон гээд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар мэдэрнэ, өөрөөрөө бахархана, онгирно, хөөрнө, эго нь ихэснэ. Үүний хажуугаар өөрийнхөө мөн чанарыг алдана.
-Сошиал ийм нөлөөтэй юм бол сошиал хэрэглээ өндөртэй манай улсад 5-10 жилийн дараа хэр даамжирч, ямар нөлөөг үзүүлэх бол?
-Нийгмийн хөгжил явдгаараа л явна. Жингийн цуваа явж л байдаг. Жингэр нохой хуцаж л байдаг гэдэг шүү дээ. Яагаад гэвэл нийгмийн хөгжлийн үндсэн хуулийнхаа дагуу нийгэм хөгжинө. Мэдээж хүн бүр нийгмийн нэг эрэг, шурга гэдэг утгаараа нөлөөлнө. Гэвч нийгмийн хөгжлийг масс дагадаг болохоос түүчээлэгч нь биш байдаг. Түүчээлэгч нь хэн байдаг вэ гэхээр өөрийн үнэлэмж өндөртэй, амьдрах, хөгжүүлэх суурьтай, чадвартай хүмүүс байдаг. Тийм хүмүүс нийгмийг хөгжүүлж байдаг болохоор сошиалын ямар нэг нөлөөнөөс ангид байгаа. Магадгүй тэдэнд бодит амьдрал дээр хийх ажил, сурах зүйл, хөгжих хүсэл тэмүүлэл маш их байдаг учир сонирхдоггүй, тоодоггүй байж мэднэ.
Монгол хүн гэхээс илүү хүн гэдэг утгаараа ярих нь зүйтэй байх. Хэчнээн хүчтэй хүн байсан ч гэсэн хүүхэд нь гэнэт нас барвал яах вэ. Малчин хүнд өөрийн мал нь хүүхдээс өөрцгүй болчихсон байдаг. Тэр нь ганц биш хэдэн зуугаараа байгаа шүү дээ. Тэгэхээр малчин хүн хүчтэй ч хүн л байхгүй юу. Тэр хүнд жаргал, зовлон, ядрах, гутрах, хямрах бүх зүйл бий шүү дээ. Насаараа өсгөсөн, бараг аав ээжээс нь өвлөж ирсэн, амьдралынх нь нэг хэсэг болчихсон хэдэн мал нь хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа хиараад байхгүй болох юм бол яах вэ. Их зудны дараа малчид амиа хорлож байсан тохиодол бий. Тэгэхээр ямар ч хүнд сэтгэлзүйн зөвлөгөө, засал хэрэгтэй.
Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар
-Нэг үеэ бодоход сэтгэлзүйн асуудлыг асуудал мөн гэж хүлээн авдаг, үүнийг ярьдаг болсон нь давуу тал. Гэсэн ч нөгөө талд сэтгэлзүйн асуудалтай байгаа нь өөрөө залуусын “гангараа” шахуу болчхож. Үүнийг та юу гэж хардаг вэ. Магадгүй энэ нь даамжирч жинхэнэ утгаараа сэтгэлзүйн асуудал болох боломжтой юу?
-Үүнийг янз бүрээр тайлбарлаж болно. Ерөнхийдөө зуун бүрд амьдарч байгаа хүмүүсийнх нь сэтгэлзүйн онцлог өөр, өөр байдаг. Тухайлбал, ХХ зуун бол тэр чигтээ хүчирхийлэл, хувьсгалын зуун байсан. ХХI зуун бол хохирогчийн сэтгэлзүй давамгайлсан зураглал илүүтэй харагддаг. Яагаад гэвэл хохирогч байх юм бол давуу талууд бий болоод байна шүү дээ. Бусад хүмүүс өөрийг нь ойлгоно, дэмжинэ, хайрлана, хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр бусдаар ойлгуулж, хайрлуулж, халамжлуулж байгаа мэдрэмжийг авснаар сэтгэлзүйн хувьд сул хүмүүс тоглолт хийж эхэлдэг. Хохирогчийн дүрд тоглож байна гэсэн үг л дээ. Харин хүчтэй хүмүүс бол огт тэгдэггүй. Учир нь хүчтэй хүмүүс хэнийг ч хохироохгүй, өөрөө ч хохирохгүй асуудлыг хамгийн оновчтой байдлаар өөрсдөө шийддэг.
-Даамжирч удаан “жүжиглэснээр” эмгэг үүсгэх үү?
-Эмгэг суурьтай байх юм бол хохирогчийн сэтгэлзүйтэй дүрд тоглож байгаад сэтгэл гутралд орох магадлалтай.
-Гутрал чинь цаашаа хүндрэх эрсдэлтэй гэсэн үг биз дээ?
-Сэтгэлзүйн өвчин шүү дээ. Эхлээд гутрах тохиол байж болно. Дараагаар нь сэтгэл гутрах өвчтэй болж болно. Гэхдээ ингэх магадлал маш бага. Яагаад гэвэл дийлэнх хүн тухайн үедээ жаахан тоглож байгаад л больчихно. Цаг хугацаа, нас, амьдрал нь яваад өөрчлөгдөж байгаа болохоор дүрээсээ гарна шүү дээ. Насны хувьд авч үзвэл хохирогчийн сэтгэлзүйтэй хүмүүс голдуу 20, +-25 залуучууд байгаа. +-30, +-40 настай хүмүүс хохирогчийн сэтгэлзүйтэй байна уу. Амьдралын өөр үе, туршлага, хэв маягтай учраас тэд тэгэхгүй. Хүн бүхэн шилжилтийн насыг тойрдоггүй гэдэг шиг шилжилтийн насанд ч хүн бүр янз бүр байдаг шүү дээ.
-Манайхан дийлэнх нь сэтгэлзүйн хувьд сул байх гээд байдаг гэж байна. Гэтэл саяхан хөдөө орон нутгийн иргэд зудад малаа алдсан учир сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөр ажиллана гэдэг мэдээлэл тархахад иргэд малчид, монголчууд сэтгэлийн хат сайтай, бараг сэтгэлзүйчдэд зөвлөгөө өгнө гэх зүйлийг яриад байгаа. Монголчууд тийм сэтгэлийн хаттай хүмүүс хэрэг үү?
-Монгол хүн гэхээс илүү хүн гэдэг утгаараа ярих нь зүйтэй байх. Хэчнээн хүчтэй хүн байсан ч гэсэн хүүхэд нь гэнэт нас барвал яах вэ. Малчин хүнд өөрийн мал нь хүүхдээс өөрцгүй болчихсон байдаг. Тэр нь ганц биш хэдэн зуугаараа байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж ойлгож байгаа, тэгж бичиж байгаа хүмүүс хэзээ ч малчин хүний сэтгэлзүйг мэдэхгүй л гэсэн үг. Малчин хүн хүчтэй ч хүн л байхгүй юу. Тэр хүнд жаргал, зовлон, ядрах, гутрах, хямрах бүх зүйл бий шүү дээ. Насаараа өсгөсөн, бараг аав ээжээс нь өвлөж ирсэн, амьдралынх нь нэг хэсэг болчихсон хэдэн мал нь хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа хиараад байхгүй болох юм бол яах вэ. Сэтгэлзүйн хувьд, эдийн засгийн хувьд, амьдралын хэв маягийн хувьд, үнэт зүйлийн хувьд энэ чинь гамшиг шүү дээ. 2009, 2010 оны зудын үеэр тодорхой хэмжээний малчид сэтгэлзүйн асуудлаас болж амиа хорлож байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тухайн үед орон нутгаар явж байлаа. Өнөөдөр тухайн үеийг бодвол сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, засал хийх хүний тоо харьцангуй олон болсон. Гэхдээ энэ жилийн хувьд 2009, 2010 оныхоос илүү хүнд болж байна. Тэгэхээр ямар ч хүнд сэтгэлзүйн зөвлөгөө, засал хэрэгтэй байдаг юм.
-Янз бүрийн судалгаанууд их гарч байгаа шүү дээ. Тухайлбал, дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэдэг ч юм уу. Энэ тоо ихдээ орно биз дээ. Гэтэл манай улсын хувьд төдийлөн үүнийг анзаарч, анхаардаггүй тал бий?
-Дөрвөн хүн тутмын нэг нь асуудалтай гэдэг бол үндэслэлтэй. Наад зах нь стресстлээ. Энэ асуудал мөн. Сэтгэл гутрах тохиол гэж байдаг. Эдийн засгийн хямралд орсон, гэр бүлийн асуудалтай, маргаантай үед сэтгэл гутарсан ч асуудал шийдэгдэх юм бол хэвийн болчихдог байдлыг сэтгэл гутрах тохиол гээд байгаа юм. Энэ бол тулгамдсан асуудал мөн ч өвчний хувьд өөр. Статистик тоон мэдээллийн хувьд ч өөр. Гутрал гэхэд хүн амын 5-10 хувь гэдэг ч юм уу тоо өөр гарна.
-Тэгвэл таны хувьд нийгмийн сэтгэл санаа ямархуу байна гэж харж байна. Нийгэм нэг л энхэл, донхол бүгд асуудалтай байна гээд байна шүү дээ?
-Ер нь, нийгэм эрүүлжиж байгаа. Нийгмийн сэтгэлзүй ч хөгжиж байгаа. Миний хувьд гурван төрийн нүүрийг үзсэн. Социализмын үед маш сайхан, амгалан тайван, жаргалтай байсан. 1990 оны сүүл, сүүлийн 30 жил бол гамшиг байсан. Архидалт, хүчирхийлэл, эдийн засгийн асуудал, шударга бус үйлдэл гээд бүгд. Тэр үеийн Улаанбаатар хот ямар байлаа. Одоо ямар болчхоод байгаа билээ. Энэ чинь л одоогийн нийгмийн стрессийг бий болгосон хүчин зүйлийн нэг.
5-10 жилийн өмнө Цагаан сараар гудамжаар дүүрэн согтуу хүмүүс байдаг байсан. Энэ жил байв уу. Цагаан сарын үеэр ч хэрүүлтэй байдаг байсан бол энэ жил байв уу. Өнөөдрийн залуучуудын архины хэрэглээ ямар байна. Ерөнхийдөө татгалзаж байна. Залуучуудын амбиц дэлхийн хэмжээнд байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй тэр хэрээр л хөгжиж, эрүүлжиж байгаа.