Сүүлийн өдрүүдэд иргэд олон нийтийн зүгээс хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байна гэх шүүмжийг хэлээд буй. Тэр дундаа иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэт өссөн гэж шүүмжилж байна. Иймээс бид сүүлийн нэг жилийн хугацаанд гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ ямар хэмжээгээр өссөнийг хүргэж байна.
Сүүлийн нэг жил буюу 2023 оны мөн үетэй гурилны үнийг харьцуулан авч үзэхэд 143-650 төгрөгөөр нэмэгджээ. Ингэхдээ хамгийн ихээр өссөн нь иргэдийн хэлж заншсанаар дээдийн дээд гурил кг тутамдаа 650 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн жил дизель түлшний үнэ өсөж, олдоц багассантай холбоотой тариаланчдад тодорхой дарамт болсныг холбож болох юм.
2023 оны мөн үеийн гурилны үнийг 2024 онтой харьцуулсан нь
Тэгвэл хүнсний гол нэрийн бараа буюу хэрэглээний сагсанд байх талхны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар авч үзвэл 230- 350 төгрөгөөр өсчээ. Тухайлбал, хөх тарианы талх өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд анх үнэ нь 80 төгрөгөөр, зүсээгүй талх долдугаар сард 300 төгрөгөөр, зүссэн талх дөрөвдүгээр сард 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үүнээс хойш аль аль нь тогтмол байгааг дараах графикаас харж болох юм. Мөн тус графикаас талх нэг өсөхдөө 80-300 төгрөгөөр өсдөг гэх зүйг ч харах боломжтой.
Хэрэглээний сагс гэж үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно хэмээн ҮСХ-ны даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн A/71 тоот тушаалын хавсралтаар баталсан “Хэрэглээний үнийн индекс” тооцох аргачлалд заажээ.
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны үр дүнгээр өрхийн нийт төсөвт 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг авч үздэг.
Харин Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээ гэж ӨНЭЗС-ны үр дүнд 0.2 хувийг эзлээгүй ч, тухайн бүлэг, дэд бүлгийн хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй орох шаардлагатай гэж үзсэн бараа, үйлчилгээг ойлгодог.
Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бус зориулалтаар худалдаж авсан бараа, үйлчилгээг сонгоно. Сагсан дахь бараа, үйлчилгээнүүд нь шинж чанар, төрөл, хэлбэрээрээ тодорхой бүлэг, дэд бүлгүүдэд хуваагдана. Жишээлбэл, зүссэн талх гэсэн нэр төрөл нь хүнсний барааны талх, нарийн боов хэсэгт ангилна.
Эдгээрээс авч үзвэл гурилны үнэ өсөх эсэх нь дизель түлштэй тодорхой хэмжээнд хамаарал холбоотой байгаа бол гурилан бүтээгдэхүүний үнэ гурилны үнэтэй шууд болон шууд бусаар холбоотой байгаа юм. Өмнө бидний мэдээлж байснаар бензиний үнэ 20-80 төгрөгөөр нэмэгдэхэд талхны үнэ 100-250 төгрөгөөр нэмэгддэг гэх тоо мэдээлэл үүнд ч ажиглагдаж буй.