Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөн асар их ахиц дэвшил гаргасан ч энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Өдөр бүр 100 мянга орчим зорчигч онгоцоор нисэж, 1.5 тэрбум машин зам дээр гарч, тоолж баршгүй олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрүүдээс гарч байгаагийн улмаас дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт эрс өссөн.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан тайланд нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд 0.9 хувиар нэмэгдэж, бүх цаг үеийн дээд хэмжээ буюу 36.8 Гт хүрчээ. Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр тээврийн хэрэгслийн утаа, химийн үйлдвэрлэлийн түлш, нүүрсний цахилгаан станц, байшинг халаах байгалийн хийн хэрэглээ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр бөгөөд улмаар эдгээр нь дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлдөг нь батлагдсан.
Сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон корпорацууд бохирдлыг хянах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авсаар байгаа ч төдийлөн сайн үр дүн харагдахгүй байгаа аж.
Дэлхийн хамгийн бохирдолтой орнуудын жагсаалтыг дараах улс орнууд тэргүүлж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр угандачууд агаарын бохирдлоос болж нас барах магадлал Кени улсын иргэдээс хоёр дахин их байна. IQAir-ийн мэдээлснээр тус улсын PM2.5-ийн агууламж 39.6 мкг/м³ байна.
“Lifewater”-ийн мэдээлснээр Этиоп улсын 62 сая гаруй хүн усны хямралд нэрвэгдэж байгаа нь усны хямралд өртөж буй дэлхийн нийт хүмүүсийн 7.5 хувьтай тэнцэж байна.
Суданд зэвсэгт мөргөлдөөн, газрын доройтол, ой мод, агаар, усны бохирдлын улмаас байгаль орчны хямрал нүүрлэж байна. Тус улс PM2.5 44.6 мкг/м3 агууламжаараа дэлхийн хамгийн бохирдолтой орнуудын нэг юм.
2023 оны Агаар болон амьдралын чанарын индексийн дагуу Бангладешийн оршин суугчид бохирдлын улмаас дундаж наслалт нь 6.8 жилээр буурах магадлалтай байна. Тус улс ДЭМБ-ын агаарын бохирдлын 5 мкг/м³ стандартыг хангасан тохиолдолд үүнийг өөрчлөх боломжтой байна. Одоогийн байдлаар Бангладеш 65.8 мкг/м3 PM2.5 агууламжтай байгаа нь агаарын чанарын үзүүлэлтээрээ хамгийн их бохирдолтой улсын жагсаалтын тавдугаарт бичигдэж байна .
Руанда бол усны чанараараа дэлхийн хамгийн их бохирдолтой орнуудын аравдугаарт ордог бөгөөд агаарын бохирдлоор 13-р байранд ордог. Шороон шуурга, ой хээрийн түймэр, галт уулын дэлбэрэлт зэрэг нь тус улсын байгаль орчны сорилтод нөлөөлж буй гол хүчин зүйлүүд юм.
Энэтхэг улс агаарын чанараараа хамгийн аюултай орнуудын тоонд ордог. 2023 оны гуравдугаар сарын байдлаар Өмнөд болон Төв Азийн хамгийн их агаарын бохирдолтой 15 хотын 12 нь Энэтхэгийн хот байв. Тус улс PM2.5-ын агууламж 53.3 мкг/м³ бөгөөд усны чанарын хувьд ч тийм ч сайн биш.
Нигери бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг юм. Усны чанарын үзүүлэлтээр тус улс 100 онооноос ердөө 4.9 оноо авч, дэлхийн хамгийн бохир устой орнуудын жагсаалтын хоёрдугаарт буюу Чад улсын дараа ордог.
Пакистан бол дэлхийн хамгийн бохирдолтой гурав дахь орон юм. Энэ нь агаар дахь бохирдуулагч бодисын өндөр агууламжтай холбоотой юм. IQAir-ийн мэдээлснээр тус улсад PM2.5-ийн агууламж 70.9 мкг/м³ байна. Хамгийн том хотуудынх нь нэг болох Лахорыг 2022 онд дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор зарласан. Тус улсын ус мөн бохирдол ихтэй. Тус улс ундны ус, ариун цэврийн байгууламжийн EPI оноогоор 100 онооноос 17.4 оноо авчээ.
Буркина Фасогийн иргэдийн нийт өвчлөлийн 8.5 хувь нь дотоод орчны бохирдолтой холбоотой байдаг. Тус улс нь EPI-ийн дагуу чанар хамгийн муу орнуудын жагсаалтын дөрөвт жагсдаг.
Чад бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс юм. Тус улс агаарын бохирдлоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Мөн усны чанараараа хамгийн их бохирдсон орны тоонд ордог.
Харин Монгол Улсын хувьд уг жагсаалтын 25 дугаарт бичигджээ.
Монгол Улсад PM2.5-ын жилийн агууламж 29.5 мкг/м3 байгаа нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс тав дахин их байна. Монгол Улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын тоонд багтаж байгаагийн гол шалтгаан нь нүүрсний хэрэглээ юм.