Open iToim app
Улс төр | 7 мин уншина

Аймгуудыг давуу тал, нөөц боломжоор нь БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ бодлогыг хэлэлцүүлж эхэллээ

Аймгуудыг давуу тал, нөөц боломжоор нь БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ бодлогыг хэлэлцүүлж эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 18
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг хоёрдугаар сарын 1, 2-нд зохион байгуулна. Энэ хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024"-ийг бүс, бүсээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр баруун бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Баруун бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хувааж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн тойргийг ч энэ зургаан бүсэд хуваахаар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулсан. Тиймээс улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нэг аймаг бус бүс рүү чиглэх бөгөөд форумаас гарсан үр дүн, хэлэлцүүлгийг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгах, ойлголт, чиглэл авах боломжтой.
Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн дараах зургаан бүсэд хуваасан.
1. Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Бүсийн төв: Чойбалсан
2. Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
Бүсийн төв: Даланзадгад
3. Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай)
Бүсийн төв: Баянхонгор
4. Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс)
Бүсийн төв: Ховд
5. Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан)
Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл
6.Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар) Бүсийн төв: Улаанбаатар
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг ирэх гуравдугаар сард УИХ-д өргөн барьж, батлуулна. 30 жил хэрэгжих тус үзэл баримтлалд иргэн, улс төрийн намууд, орон нутгийн удирдлагууд, бизнесийн төлөөллийн үгийг сонсож, саналыг нь тусгах юм. Тиймээс “Монголын хөгжлийн форум”-ыг бүс бүсээр зохион байгуулах бөгөөд баруун бүсийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцож бус оролцогчдын байр суурийг хүргэж байна.
Б.Батбаатар: Хаврын чуулганаар Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батална
undefined
Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар: Аймгуудын нөөцийг хэрхэн харж байгаа вэ гэдэг эрдэмтдийн болоод аймгийг удирдаж байгаа хүмүүсийн саналыг сонсож байна. Өмнө нь ганцхан аймгаа харж байсан бол арай томоор харъя, баруун талынхаа нийт нөөцөө яръя. Аймаг бүхэн өөрийн гэсэн боомттой байхыг хүсдэг. Гэхдээ аль боомтоор гарвал цаад гадаад зах зээлтэй холбогдох вэ гэдгээ ярилцах юм.
Өмнө нь аймгийнхаа 120 мянган хүний аж амьдралыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг ярьдаг байсан бол одоо эдийн засгийн хувьд дөрвөн аймгаа хардаг болно. Хаврын чуулганаар Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батална. 30 жил хэрэгжих үзэл баримтлалд санал авах зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг хийж байна.
Баруун аймгууд аялал жуулчлалаараа явах ёстой гэж эрдэмтэд хэлдэг. Жишээлбэл, Алтанбулаг Замын-Үүд 1100 км-ээр хоёр улсын хооронд худалдаа явж байгаа. Харин баруун аймагт 200 км. Тэндээ чөлөөт бүсээ хөгжүүлэх боломжтой гэж бодож байна.
Мөн энэ жилийн Их хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн зургаан хэлбэрт хуваасан. Үүнээс улс төрийн намууд намынхаа мөрийн хөтөлбөрт юу тусгаж болох вэ, ард иргэд юу хүсэж байна, судлаачид юу хэлж байна вэ гэдгийг хараад тусгах боломжтой. Бодлогын өрсөлдөөн болно гэж байгаа шүү дээ. Тиймээс мөрийн хөтөлбөртөө тусгах саналуудаа эндээс олж харах байх.
Д.Эрдэнэбаяр: Бүс нутгуудыг нөөц, нөөцөөр нь ялгаж хөгжүүлэх нь эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой
undefined
Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Тиймээс олон нийтийн хэлэлцүүлэг хийж, санал бодлыг тусгах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Бүс тус бүрээр хэлэлцүүлэг хийж улс төрийн намуудын төлөөлөл, олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, орон нутгийн саналыг тусгаж гуравдугаар сард Их хуралд өргөн барина.
Монгол Улс маш том газар нутагтай, олон төрлийн өөр өөр нөөцүүд бүс нутгуудад байгаа. Үүнийг дан ганц макро эдийн засгийн бодлогоор ашиглах гээд байх нь учир дутагдалтай байна гэж эрдэмтэд үздэг. Тухайн улсад байгаа бүс нутгуудыг нөөц, нөөцөөр нь ялгаж хөгжүүлэх нь эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой. Манай улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог. Хүн ам цөөн, дэд бүтэц сул учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтыг том орон зайд үр өгөөжтэйгөөр төсөвлөх шаардлагатай байгаа.
Баруун, зүүн бүс дээр бид худалдааг хөнгөвчлөх, орон зайн оновчтой тээвэр логистикийг төлөвлөх, боомт хотуудыг хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа. Тиймээс баруун зүүн бүсэд боомт хот, хуурай боомт, хил орчмын худалдаа эдийн засгийг дагасан, аялал жуулчлалын хил дамнасан эдийн засгийг хөгжүүлэх гээд өөр өөр ялгаатай төлөвлөлтүүд гарч байгаа. Ингэснээрээ манай улсын эдийн засаг илүү эрчимтэй хардан хөгжих, тэр бүсэд байгаа иргэн аж ахуйн нэгж бүсдээ ажиллаж амьдрах боломж бүрдэнэ.
З.Нарантуяа: Сонгуульд ялахын тулд ард түмнээ ч хуураад улсынхаа хөрөнгийг үрээд яваад байж болохгүй
undefined
АН-ын Стратеги, бодлог судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа: Улсын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, дэд бүтцийн хөгжил гэж төлөвлөж ирсэн хуучин хандлагаа өөрчлөөд бүс нутгийн хөгжлийг хөгжүүлэх шаардлагатай. Дотоод нөөц, газар зүйн давуу тал дээрээ тулгуурлаж, төлөвлөлтөө урт хугацаагаар хийе гэдэг үнэхээр Монгол Улсын эрх ашиг. Өнөөдрийн манай эдийн засаг, байгалийн баялгаа ашиглаж байгаа байдал нь оновчтой, шинжлэх ухааны үндэстэй, алсыг харсан төлөвлөлт, зорилтгүй байсантай холбоотой. Тиймээс ч бид олж байгаа орлого, нөөцөө үргүй зүйлд зарцуулж ирсэн.
Бүх улс орон хөгжлийн чиг конвенцтой байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогын 15 баримт бичиг гаргасан байдаг. Сонгуулиар ялсан нам бүхэн солиод байдаг. Тэгэхээр улсын хөгжил ямар чигт явах, 10,20 жилийн дараа улсаа ямар болгох вэ гэдэг тодорхой нэгдсэн бодлогын баримт бичиг байхгүй явж ирсэн гэсэн үг. Тиймээс одоо юманд өөрөөр хандах болсон. Улс төрийн намууд ч бодитой, шинжлэх ухаанч хандахгүй бол сонгуульд ялахын тулд ард түмнээ ч хуураад улсынхаа хөрөнгийг үрээд яваад байж болохгүй. Үүн дээр АН, МАН миний хийх гэж байгаа юм гээд байх ямар ч хэрэггүй. Энэ бол Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг. Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэдэг асуудал учраас ажил хэрэгч, шинжлэх ухаанчаар урт хугацааны бодлого дээрээ нэгдэх ёстой.
2024 оны сонгуулиар улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр сонгогчдоо хуурах гэсэн, хоосон амлалт өгсөн битгий байгаасай гэж бодож байна. Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө судалгаа шинжилгээг өнгөрсөн жил эхлүүлсэн. Одоо судалгаагаа хийж дуусаад мөрийн хөтөлбөрөө бичих шатандаа явж байгаа энэ үед ерөнхий агуулгаа өнөөдрийн ярьж байгаа шиг бүх төсөв нөөцөө үргүй зарахгүй, экспортоо нэг салбараас хамааралтай байлгахгүй, олсон мөнгөө халамж болгож тараахгүй байх дээр гол зорилтоо тавьж байгаа. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгээр нийт улсын эрх ашиг, хөгжлийн асуудлыг ярьж байгаа учраас улс төрийн намууд бүгд ажил хэрэгчээр оролцож, нэгдээсэй. Бодлогоо хэрэгжүүлэх арга хэлбэр нь мэдээж өөр байж магадгүй. Хамгийн оновчтой арга хэлбэр, үр дүнтэй хөгжлийн бодлого дээрээ нэгдээсэй.
Д.Гантулга: Бүсчилж хөгжүүлснээр бодлогын намууд бий болно
undefined
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: Бид өнгөрсөн 30 гаруй жил өөрсөд дээрээ туршилт хийсээр байгаад ирлээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2001 онд батлаад цаас болгоод далд хийчихсэн. Харин өнөөдөр сонгуулийн тойргоо томруулаад ялангуяа том тойрогт нэр дэвших улстөрчид, улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө хөгжлийн агуулгыг тусгах зайлшгүй шаардлагатай болж байгаа нь зөв чиглэл рүүгээ орж магадгүй гэсэн хүлээлт байна. Гэхдээ мэдээж өнөөдөр дөнгөж эхэлж байна. Бодит байдал, хэрэгжилт дээрээ очоод юу болох вэ гэдгийг цаг хугацаа харуулах байх.
Манай улс цөөн хүн амтай учраас маш жижиг зах зээлтэй. Мөн бүсчлээд тухайн бүсэд орж байгаа аймгуудынхаа давуу талаар хөгжүүлнэ. Тухайлбал, баруун бүсийн тухайд төвийн шугамаас гадна урд хойд хоёр хөршийн хооронд эдийн засгийн коридороор төмөр зам явахаар яригдаж байгаа. Мөн гурван аймаг дамжсан Ховд гол дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал байна. Энэ бүхэн нэг аймгийн асуудал биш. Бүсчилж хөгжүүлснээр ийм асуудлуудаа шийдэх, эдийн засгийн хувьд урагшлах боломж илүү бүрдэнэ. Тойргоо томруулснаар улстөрчид нь жалга довын юмаа ярьдаг, нэг аймгийн айл өрхөд болсон болоогүй юм тарааж өгөөд сонгогдоод байдаг байдал арилна. Баруун таван аймгийн хөгжлийн асуудлыг ярина. Ингэснээр яриад байдаг бодлогын намууд бий болно. Нэг үгээр бүсчилж хөгжүүлснээр эдийн засгийн хөгжил улс төрийн бодлого уялдана.
Говийн бүсийг уул уурхай, хүнд үйлдвэрээр хөгжүүлэх, хойд бүсэд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх, байгалийг онгон дагшин хэвээр нь хадгалах, төвийн бүсэд хүнсний үйлдвэрээ дэмжсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, баруун, зүүн бүсэд ОХУ, БНХАУ-ыг холбосон коридор дээр түшиглэн хил дамнасан эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөлтүүд гарч байгаа аж.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн