Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Ч.Өнөрбаян: Монгол хэл мөхөх аюултай хэлний тоонд ороогүй байна

Ч.Өнөрбаян: Монгол хэл мөхөх аюултай хэлний тоонд ороогүй байна
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 17
Монгол хэл, бичигт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн доктор, профессор Ц.Өнөрбаянтай цөөн хором ярилцлаа.
-Монгол хэлийг юу юугүй устаж, үгүйрлээ гэх яриа явдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол хэл бол дэлхийн хүн төрөлхтний харилцааны чухал хэлнүүдийн нэг хэвээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар монгол хэл мөхөх аюултай хэлний тоонд ороогүй байна. Яагаад гэхээр Монголын утга зохиолын хэл нь монгол хэлний суурь шүү дээ. Хэл бол монголчуудын оюун сэтгэлгээг тээж яваа гайхамшигтай зүйл. Ер нь аливаа хэлийг мөхөл рүү түлхэхэд нөлөөлдөг цөөн тоот үндэстний хэлийг хамгаалах ёстой. Мөн монгол хэлний өнөөгийн дархлаа суларч байгаа юм биш. Харин монгол хэлний дархлаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа үзэгдлүүд байна.
-Тухайлбал?
-Олон бичиг үсэг хэрэглэснээрээ бид бахархах нь гол биш. Харин монгол буюу үндэсний бичгээ бид магтаж сайшаах нь голлоод, хэрэглээгээ чухал гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний орчин хязгаарлагдмал байгаа. Монгол хэлний хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх заалтыг хоёрдмол санаагүйгээр хэрэгжүүлэхийг бүх шатанд санал болгож байна. Кирилл бичгийг 80-аад жил хэрэглэчхээд ад үзэх, гадуурхах биш боловсролын албан ёсны бичиг хэмээн тууштай зөв хэрэглэх нь зүйтэй. Тодорхой нэг хэлийг бусад хэлтэй харьцуулж баян ядуу, хөгжсөн, хөлжөөгүй, чухал, чухал биш гэж үнэлж болохгүй. Англи хэл дэлхийн иргэний хэл, монгол хэл зөвхөн монгол үндэстний хэл гэж хэлээр нь ялгаварлан гадуурхах сэтгэлгээ цухалзаж эхэллээ. Гадаад хэл сурах, сургахыг хэн ч эсэргүүцээгүй. Харин эхлээд монгол хэл, соёл, сэтгэлгээтэй болоод дараа нь дэлхийн боловсрол эзэмших нь чухал гэж үзэж байна.
-Үгийн сангийн талаар яривал?
-Яг тэдэн хүн гэж баримжаалчихаж болдоггүй юм. Өдөр тутмын, албан ёсны хэрэглээнд, сонин нийтлэлийн хэрэглээнд хэрэглэдэг үгийн тоо, ердийн өдөр тутамд хэрэглэдэг үгийн тоо гээд ярих юм бол тэд гээд хэлж болохгүй байна. Манай агуу их соён гэгээрүүлэгч Бямбын Ринчен гуай монгол хэл гурван сая орчим үгтэй, сая орчим үгтэй гээд янз бүрээр хэлдэг байсан. Гэхдээ монгол хэл бол ямар ч байсан хөндий цээжинд орох төдий нэвтрүүлэх чадвартай, хөгжим мэт гайхамшигтай хэл гээд биччихсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн их уншиж байж, их харилцаж байж хэлний үгийн сан баяжна. Мөн бүхий л гадаад, дотоод ойлголтыг монгол хэлээр илэрхийлэх боломж байгаа. Түүнийг бүрэн ашиглаж чадахгүй байна.
-Хүүхдийн сурах бичиг дээр маш олон шүүмж байдаг шүү дээ. Та сурах бичиг дээр яригддаг алдаа, дутагдлын талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Мэдээж сурах бичиг дээр шүүмжлэлүүд их бий. Ер нь сургалтын орчинд ололт ч байгаа, алдаа дутагдал ч бий. Гэхдээ боловсролын агуулга маш хурдан өөрчлөгдөж, тогтвортой биш байгаа нь хүмүүсийн боловсролд, ялангуяа эх хэлний боловсролд их нөлөөтэй байна. Сурах бичиг гэхэд хоёр жил болоод л өөрчлөгдөж, хаягдаж байгаа чинь боловсролын агуулга тогтворгүй байгаатай холбоотой. Тиймээс л тогтвортой болгох хэрэгтэй байна. Сурах бичгийн тухай ярих юм бол бүх төрлийн сурах бичгийг ярих хэрэгтэй. Зөвхөн монгол хэл, уран зохиолын багшийн сурах бичиг биш бүх сурах бичгийн хэл найруулгад хяналт тавихгүй бол хэл найруулга дутагдалтай байна. Түүнээс болж унших чадварын дэлхийн чанарт хүрэхгүй байгаа.
-Заах арга, багш нарын ур чадварын тухай та юуг хэлэх вэ?
-Заах арга, ур чадварын хувьд орчин үеийн хөгжлийн хандлагаар ихээр өөрчлөгдөж байх ёстой шүү дээ. Бүтээлч болж байх ёстой, хүүхэд төвтэй, хүүхдийн хэл яриа, эрдэм мэдлэгийг сайжруулах дэлхийн боловсролын чиг хандлага руу ойртуулах шаардлагатай. Тэгэхээр заах ур чадвар шилжилтийн үе шатад байна. Хуучин бол багш төвтэй, мэдлэг олгодог сургалт байсан бол өнөөдөр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг сургалтын арга руу шилжихэд дутагдал байна. Энэ бол боловсролын түвшин дутуу байхад нөлөөлж байх хүчин зүйл мөн. Гэхдээ шийдвэрлэх нөлөө биш шүү. Учир нь цахим орчны хэрэглээ ихсэж байгаагаас болж ном уншихаа больчхоод байна. Хүмүүсийн унших чадварт анхаармаар байна. Юм уншихгүй болоод ирэхээр л толгой ажиллахгүй болчихоод байгаа юм. Зөвхөн харж цээжилж, мэддэг хэмжээнд хүрсэн байна.
-2025 оноос хос бичигтэн болно гэж байгаа. ЕБС-д монгол бичгийн хичээл орж байгаа ч хүүхдүүд уншиж, бичиж чадахгүй байна. Иргэд ч ялгаагүй. Тэгэхээр бид энэ тал дээр хэрхэн анхаарах юм бэ?
-Тэр маш чухал асуудал. Яагаад гэхээр монгол бичиг монголчуудын оюуны өв соёлын нэг. Тиймээс монгол хүн бүхэн монгол бичгээ хэрэглэх шаардлагатай. Гэхдээ манай улсад зөвхөн сургалтад монгол бичгийг заагаад гараад хэрэглэх орчин маш бага байна. Иймд сургууль, сургалтын орчноос гараад ном, сонин уншдаг орчинг бүрдүүлэх бүх талаар анхаарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр дунд сургууль заагаад л өнгөрөх юм бол хэрэглээгүй болно. Хэрэглээ сул байвал чадвар сул болно гэсэн үг шүү дээ. 2025 оноос үе шаттайгаар шилжүүлнэ гэж байгаа ч уншдаг ном зохиол алга байна. Энэ их чухал зүйл.
-Танд баярлалаа.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн