Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

С.Наранцогт: Өртэй компани ногдол ашиг тараавал дампуурна

С.Наранцогт: Өртэй компани ногдол ашиг тараавал дампуурна
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 16
УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг ард иргэдэд бүрэн эзэмшүүлэх тухай тогтоолыг төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ тогтоолыг баталснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх, цаашлаад тогтоол баталснаас хойш төрж байгаа Монголын иргэн бүрд, Монгол Улсын харьяат болсон иргэдэд Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэх замаар нийт хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх юм. Түүнчлэн, хувьцаа эзэмшигчдэд жил бүр компанийн ногдол ашгаас хуваарилах утга ч багтсан.
Мөн уг хуулийн төсөлтэй зэрэгцэн Эрдэнэс Тавантолгой ХК-н 1072 хувьцааг эзэмшигчдэд 2022, 2023 оны ногдол ашгийг хуваарилах асуудал хөндөгдөж эхэллээ. Дээрх тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүд Эрдэнэс Тавантолгой ногдол ашиг хуваарилах боломжтой эсэхийг тодруулсан.
Энэ асуудалд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн толгой компани Эрдэнэс Монгол группийн захирал С.Наранцогт дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Хоёр төрлийн асуудал байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэгд, газрын баялгийн үр өгөөжийг ард иргэд, ирээдүйдээ тэгш хүрээмжтэй хуваарилах тухай юм. Энэ бол Баялгийн сангийн хууль дээр тодорхой туссан байгаа. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа хуваарилах асуудал нь 2010 онд 39-р тогтоол гаргаад тодорхой хэсгийг нь хувьчилчихсан асуудал. Нэг талдаа давуу эрхийн хувьцаа өгсөн хэрнээ нөгөө талдаа байхгүй байгаа юм. Одоо энгийн хувьцаа болгож бүртгэж байгаагаар бодитойгоор хувьцаа болж хувирах нөхцөл бүрдэж байгаа юм.
Хоёрт, ногдол ашиг хуваарилах асуудал байгаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан аудитаар эцэслэгдээгүй байна. Тэгэхээр яг таг тоо хэлэхэд эрт байна. Урьдчилсан тооцоогоор 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гарах болов уу. Үүний тодорхой хувийг хувьцаа хэлбэрт шилжүүлэхээр нэг хүнд 200 мянган төгрөг хуваарилагдах болов уу. Гэхдээ Компанийн тухай хуулийн 47.1.1-д зааснаар ногдол ашиг хуваарилсны дараа компани төлбөрийн чадвартай байх ёстой. Энэ асуудлыг тал талаас нь бодолцож үзэж байна.
Хувьцаа эзэмшигчид, ард иргэдэд ногдол ашиг хуваарилах нь зүйтэй гэж үзвэл Эрдэнэс Тавантолгой ХК-д үүсэх санхүүгийн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх тухай тодорхой заалтыг мөн оруулж ирж байгаа. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой дээр 4.6 их наяд төгрөгийн компаниуд хоорондын өр төлбөр үүсчихсэн байгаа. Энэ төлбөртэй суутган тооцвол компани төрд ногдох хувьцаанд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй, өмнөх төр засгийн шийдвэрээр гаргасан өр төлбөрийг шийдвэрлэх ёстой. Цааш цаашдын ногдол ашиг хуваарилахад чухал зүйл болно. Тиймээс тогтоолд компани цэвэр ашгийн хэд хувийг ногдол ашигт, хэдэн хувийг өр төлбөрт хуваарилахыг тодорхой болгох заалт оруулж байгаа.
Хэрвээ гуравдугаар заалтыг оруулахгүйгээр иргэдэд шууд ногдол ашиг хуваарилбал энэ компанийн үйл ажиллагаа, санхүү доголдоно, дампуурна. Тиймээс өр төлбөрийн асуудлыг тооцож байж иргэдэд ногдол ашгийг тооцох тухай заалтыг оруулсан" гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн