“Монгол Улсын нийт гадаад өрийг тооцох аргачлал”-ыг сэтгүүлчдэд Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Энэ үеэр Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх гадаад өрийн сүүлийн үеийн статистик мэдээллийг танилцууллаа.
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2023 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар байна. Үүнийг улсаар нь ангилж үзвэл 38 хувь буюу хамгийн өндөр зээлийг Нидерланд улсын хөрөнгө оруулагч нараас авчээ.
Засгийн газар 2012-2023 онд олон улсын зах зээлээс нийт 6.6 тэрбум ам.долларын бонд арилжсан. Үүнээс 4.8 тэрбум бондыг эргүүлсэн төлснөөр нэрлэсэн дүнгээр 2.6 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн үлдэгдэл хүлээгдэж байна.
Харин хадгаламжийн байгууллага, бусад сектор болон шууд хөрөнгө оруулалтын гадаад өрийн үлдэгдэл 24.2 тэрбум ам.доллар байна.
Гадаад өрийн үлдэгдлийг салбараар нь ангилж харвал, Уул уурхайн салбар 75 хувь буюу 18.1 тэрбум ам.доллар, банк, санхүүгийн болон даатгалын 11 хувь буюу 2.6 тэрбум ам.долларын өртэй байна.
Гадаад өрийн үлдэгдлийг бууруулахад төлбөрийн тэнцэл чухал үүрэгтэй. Төлбөртэй тэнцэл алдагдалгүй байхад эрдэс бүтээгдэхүүний үнэ, нүүрсний экспортын биет хэмжээ ихээхэн хамааралтай.
Оны эцсийн байдлаар төлбөрийн тэнцлийн статистикийг харвал урсгал дансны тэнцэл 481 сая ам.доллар байгаа бөгөөд үйлчилгээний салбар алдагдалтай байна. Тодруулбал, Монгол Улсын аялал жуулчлалын хүрээнд төвлөрсөн орлого тэрбум ам.доллар давж нэмэгдсэн ч, нөгөө талаар гадаадад аялах, суралцах, эмчилгээ хийлгэх зэрэг Монголоос гарах урсгалын зардал илүү өндөр гарчээ.