Блүүмбэргийн шилдэг 500 тэрбумтны жагсаалтаас харахад, дэлхийн хамгийн баян хүмүүс өнгөрсөн нэг жилийн хугацаанд улам баяжжээ. Жагсаалтад багтсан тэрбумтнуудын 77 орчим хувь нь хөрөнгөө улам нэмэгдүүлсэн бол цөөн хэсэг нь тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн байна.
Жагсаалтыг Х-ийн эзэн Илон Маск 235 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн хэвээр байна. Илон Маск 2021 оны дундуур Амазоны эзэн Жефф Безосыг суудлаас нь буулгаж, тэр цагаас хойш дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлсээр байгаа юм. Энэ жил Маскийн хөрөнгө ойролцоогоор 98 тэрбум ам.доллароор өссөнийг “Bloomberg” мэдээлжээ.
Шинэчилсэн жагсаалтаар Безос 178 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд 2023 онд хөрөнгө нь 179 тэрбум ам.долларт хүрсэн LVMH (Moët Hennessy Louis Vuitton) компанийн гүйцэтгэх захирал Бернард Арнаултаас ч илүү хөрөнгөтэй байна.
Маскийн гол өрсөлдөгч болох Мета компанийн эзэн Марк Зукерберг 2023 онд хөрөнгийн хоёр дахь том өсөлтийг үзүүлсэн бөгөөд түүний хөрөнгө бараг 83 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Хөрөнгөөрөө тэргүүлж буй 15 тэрбумтнаас хөрөнгө нь багассан нь Энэтхэгийн тэрбумтан, “Adani” группийн дарга Гаутам Адани бөгөөд 36.3 тэрбум ам.доллароор буурч, 84.3 тэрбум долларт хүрчээ. Бизнесмэнийг корпорацын түүхэн дэх хамгийн том луйвар хийсэн болон хувьцааны залилан хийсэн гэж буруутгагдаад байгаа ч тус компани бүх мэдэгдлийг эрс няцаасан.