Open iToim app
Парламент | 7 мин уншина

СОНСГОЛ: Бид бүтэхгүй, ЭТТ ХК-ийг гаднын сайн менежментийн багт өг гэв

СОНСГОЛ: Бид бүтэхгүй, ЭТТ ХК-ийг гаднын сайн менежментийн багт өг гэв
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 22
16:00 цаг
Дараагийн асуудал болох Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээний талаар авч хэлэлцлээ.
Шинжээчийн  дүгнэлт:
  • Тавантолгой түлш ХХК-ийн салбарын захирал Д.Ганзориг 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангахад үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлэл танилцуулсан.  
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйл. 45.1. "Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна" гэсэн заалтыг зөрчиж, Түлш худалдан авах, Түлш болон нүүрс тээвэрлэх ажлыг тендер шалгаруулалтаар зохион байгуулаагүй байна.
  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах журам 5.5.6 "Ажлын алба нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зохих журам, маягт (загвар)-ын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах арга хэмжээг хэрэгжүүлэх" гэж заасан чиг үүргийг зөрчсөн байна.
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК нь ЭТТ-2022/518 гэрээний дагуу нийт 6,62 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нүүрс нийлүүлсэн байх ба байгуулсан гэрээний хүрээнд "Эрдэнэ Тавантолгой" ХК, "Тавантолгой түлш" ХХК, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч уг гэрээг дүгнэх шаардлагатай байна.
"Хонгконг Хандө" ХХК- тай байгуулсан гэрээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь ЭТТ-2022/518 тоот гэрээ, "Тавантолгой түлш" ХХК нь "Хагас коксон Түлш тээвэрлэх гэрээ"-г н"Хонгконг Хандө" ХХК- тай байгуулсан. 2020.07.07-нд, байгуулсан TT-2022/518 тоот гэрээнд: - "Хонгконг Хонде" ХХК нь 400,000 тн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100,000 тн нунтаг кокс нийлүүлнэ:
 - ЭТТ ХК нь түлш нийлүүлэх цэгээс хамаарч 1 тн шахмал түлш : 1.4-1.74 тн коксжих нүүрс харьцаатайгаар нийлүүлэх;
- ЭТТ ХК нь уурхайн амнаас БНХАУ-ын нэрлэсэн боомт хүртэлх нүүрс тээврийг хариуцах. "Хонгконг Ханда" ХХК нь түлшийг БНХАУ дахь тээвэр болон нэрлэсэн боомтод хүргэх, нэрлэсэн боомтоос Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр хүртэлх тээврийг ЭТТ ХК хариуцах ба "Хонгконг Хөндө" ХХК тээврийн хөлсийг төлсөн тохиолдолд хатуу коксжих нүүрсээр төлөх
- "Хонгконг Хөндө" ХХК нь зөвхөн БНХАУ-ын хилийн дотоод боомт дээрх хатуу коксжих нүүрсний гаалийн мэдүүлгийг хариуцах.
- Бусад нүүрс импортлохтой холбоотой гарсан бух татвар хураамжийг ЭТТ ХК хариуцна.
Үүний дараа шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авлаа
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга  Б.Алтанзул:  “Админерал” ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бид тодорхой хэмжээнд дэм болж ажиллах гэсэн юм гэдгийг Эрчим хүчний яам дээр танилцуулга хийсэн. Тухайлбал, хагас кокс гэдэг түлш байна. Үүнийг хэрэглэх боломж байна. Бээжин хот ашигласан гэдэг талаар ярьсан. Тэгээд энэ асуудлуудыг хэлэлцэж, судлагдаад, туршилтаар явсан. Энэ компани бол бидний гарц  шийдлийг аргад дэмжлэг үзүүлсэн гэж миний хувьд ойлгодог.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Монгол Улсын Засгийн газрын хуралдаан дээр Улаанбаатар хотын айл өрхүүдийг шахмал түлшээр 100 хувь хангаж хүрэхгүй гэж яагаад хэлсэн юм.
Тавантолгой түлш ХХК-ийн салбарын захирал Д.Ганзориг: Энэ бол ташаа мэдээлэл байна. Би энэ салбарын ажил хийх хугацаандаа Засгийн газрын хуралдаан байтугай ажлын хэсгийн хуралдаанд ч сууж үзээгүй.
Түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар дээр Улаанбаатар хотын хэмжээнд хангахад хүчин чадал хүрэхгүй, гаднаас авах шаардлагатай гэж танилцуулага хийгдсэн нь үнэн үү. Хоёрт, Хонгког Хөндө гэж компани хаанаас гарч ирсэн юм. Гуравт, ЭТТ-2022/518 гэрээ хийх санал гарсан юм. Үндэсний хорооноос гарсан шийдвэр гээд байгаа атлаа бичиг нь байхгүй.  Тэгэхээр эх үүсвэр нь хэн юм бэ, хэн хороог ахлаж байсан юм бэ?
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:  Засгийн газар дээр шахмал түлшний нөөцтэй холбоотой асуудал хөндөгдөөгүй. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо бол Засгийн газраас дарга нь томилогдоод солигдож байгаа. Миний дараагаар Д.Амарбаясгалан, Б.Чойжилсүрэн сайд ажиллаж байсан. Эдгээр сайдууд өмнө нь явж байсан процессыг үргэлжлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 2019-2023 онд сайжруулсан шахмал түлш буюу богино хугацаатай төлөвлөгөөг гаргасан байдаг. Хагас коксын асуудал яагаад хөндөгдсөн бэ гэхээр утаатай холбоотой асуудалтай холбоотой. 2019-2020 он үнэхээр утаагүй байсан. Яагаад одоо ийм утаатай болчхов гэдэг асуудал хөндөгдсөн. Үүн дээр утааг бууруулах  нь техник, технологийн дэвшилтэй холбоотой тул сайжруулсан шахмал түлшийг солих ёстой юм байна гэж үзсэн. Дараагийн үе шат нь юу вэ гэхэд 2024 оноос ЭТТ хагас коксыг нэвтрүүлэхээр ажиллаж байсан юм билээ. Энэ асуудалтайгаар холбогдуулан  2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулга хийж,  хуралдаанаар хагас коксын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г шалгах үүргийг Н.Тавинбэх сайдад өгсөн байдаг.
Түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Би ЭТТ-2022/518 гэсэн гэрээг хэн хийсэн юм бэ гэж асуугаад байгаа юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Ойлголтын зөрүү байх шиг байна. Сайжруулсан шахмал түлшний гэрээний тухай би мэдэхгүй байна.
•     •     •
Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тавь дахь өдрөө үргэжилж байна. Тэгвэл сонсголын үдээс хойшхи хуралдаан 14:00 цагт эхэлж, Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК-тай холбоотой асуудлаар Түр хорооноос Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дууджээ. Учир нь, түүнийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад уг компанийг үүсгэн байгуулж, IPO гаргах зориулалттай байсан юм.
Шинжээчийн дүгнэлт:
  • Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК-г Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани хэлбэрээр байгуулсан. Ингэж байгуулахдаа 300 сая төгрөгийн санхүүжилттэй байхаар төлөвлөсөн.
  • Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш 1.2 сая тонн буюу 102 тэрбум төгрөгийн уулын ажлыг гүйцэтгэсэн.
  • Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК-г  10 сарын дараа буюу Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор татан буулгасан.
Уг асуудалтай холбоотойгоор түр хорооны гишүүд асуулт авч, хариулт авлаа.
Нийслэлийн Засаг дарга, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: Ер нь, Тавантолгойн бүлэг ордыг  цаашид авч явах шийдлийг Засгийн газарт танилцуулж байлаа. Энэ хүрээнд нэгд, өөрөө буюу ЭТТ ХК одоогийн явж байгаагаараа явах. Хоёрт, стратегийн түншлэлтэй хамтрах. Гуравт, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч нээлттэй, засаглал сайтай компани болж, хөрөнгө оруулалт татах хэлбэрийн ажлыг хийж байсан. Бидний хувьд өөрөөрөө явах нь эрсдэл өндөр юм байна. Хоёрт, стратегийн түншлэлийн хувьд улс төрөө дийлэхгүй. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүнээс болж огцорсон түүхтэй. Харин олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх санаачилга дэмжигдэж байсан юм. Бидний тухайд охин компани байгуулж, Зүүн Цанхийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар нийт 20 гаруй  эрх зүйн актийг гаргаж байсан.
Ер нь, зүүн Цанхийн хэсгийг олон улсын бирж дээр гаргаснаар хэд хэдэн давуу тал бий болох байсан. Нэгд, оффтейк гэрээ байхгүй болох байсан. Оффтейк гэрээ гэдэг бол компанийн хувьд өр гэсэн үг. Тэгвэл ОУ-ын хөрөнгийн бирж дээр гарснаар өр үүсэхгүй, доод тал нь 1.4 тэрбум долларын саналуудыг андеррайтер банкууд бидэнд өгч байсан. Мөн Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК-г байгуулаад ОУ-ын хөрөнгийн бирж дээр гарах ажлын 90 орчим хувь нь хийгдчихсэн байсан.  Мэдээж 2020 онд ковидын хүндрэлтэй нөхцөл байдал гарсан. Хоёрт, компанийн засаглалыг сайжруулахын тулд маш их улс төрийн эсэргүүцэл дундуур явж байсан. Энэ төслийг явуулахгүй байх цаад ашиг сонирхол нь нүүрсний хулгайтай холбоотой. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээс дамжин борлуулалтын далд ашгийг дэмжиж, ашиг сонирхлоо хадгалах гэсэн үүднээс ОУ-ын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг зогсоосон.
Түр хорооны гишүүн Т.Доржханд: Хэрэв бид IPO хийчихсэн бол оффтейк гэрээ гэдэг зүйл гарахгүй байсан. Оффтейк гэрээний агуулга нь маш олон төслүүдийг нууцалж байгаад хийчихсэн байдаг. ЭТТ ХК-тай хамаатай, хамааралгүй элдэв төрлийн санхүүжилтийг авч байна. Үр дүнд нь 3.2 их наяд төгрөгийн өртэй компани үүсчихээд байна. Тэгээд бүх алдагдлыг нуруу нь дээрээ үүрч байгаа саалийн үнээ нь ЭТТ болоод байна. Хэзээ үр ашигтай явах вэ гэвэл хувийн сектор дээр очиж байж л ашигтай болно. Өнөөдөр хүртэл 34 хувийг нь ард иргэддээ өгч, ногдол ашиг олгоно гээд байна. 11 жилийн өмнөх Чалкогийн асуудлыг давтаж байгаа юм. Ийм байдлаар ЭТТ ХК чинь явахгүй. Таны хувьд IPO хийх гээд нэлээд явсан байх. Асуудал хариуцсан сайд байсны хувьд энэ бүтэх үү?
Нийслэлийн Засаг дарга, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: Яг өнөөдрийн үүссэн нөхцөл байдал дээр хөрөнгө оруулалт татах, ОУ-ын зах зээлээс хөрөнгө төвлөрүүлэх ямар ч боломжгүй. ЭТТ ХК-д маш олон ачааллыг автоматаар бий болгосон. Дамжуулах хоолой болон бусад төсвийн асуудлаар явах зохицуулалтыг ЭТТ ХК-аас явуулснаас болж өр төлбөрийн асуудал замаа алдсан.  Бидний харж байсан өнцгөөр бол 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахыг бодсон. Одоогоор иргэдэд 1072 ширхэг хувьцаа өгч цаасан хэлбэрээр байлгаад байна. Үүний үнэлгээ нь улс төрийн үнэлгээ. Цаашид гаднын сайн менежментийн багт ЭТТ ХК-г өгч цэгцлэхгүй л бол бидний явж байгаа нөхцөл бүтэхгүй. Ер нь, цаашид ЭТТ ХК-ийг эдийн засгийн эргэлтэд оруулж IPO хийнэ гээд байна. Энэ явахгүй, явах ямар ч бололцоо байхгүй.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн