“Global Firepower” дэлхийн улс орнуудыг цэрэг армийнх нь хүчин чадлаар жагсаажээ. Ингэхдээ 145 улсын арми, техник хэрэгслийн боловсронгуй байдал, санхүү, газарзүйн байршил, нөөц зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. “Global Firepower”-оос гаргасан хамгийн хүчирхэг армитай таван улсын жагсаалтыг хүргэж байна.
АНУ-ын арми жагсаалтын тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Тус улс технологийн хувьд дэлхийд тэргүүлдэг. АНУ 92 устгагч, 11 нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой “Global Firepower”-ийн чансааны олон салбарт нэгд ордог. Агаарын хүчинд 2023 оны долдугаар сарын байдлаар 13,300 нисэх онгоц, 983 довтолгооны нисдэг тэрэг багтсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн 750 тэрбум ам.доллароос давсан хамгийн том батлан хамгаалахын төсөвтэй гүрэн аж.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш армийнх нь нэр хүнд унасан ч Орос “Global Firepower”-ийн чансааны хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Гэхдээ БНХАУ дэд байрт ороход ойртож ирээд байгаа аж.
“Global Firepower” нь нисэх онгоцны нийт флотын хүчин чадал, тээврийн флотын хүчин чадлаар нь Оросыг жагсаалтын хоёрт оруулсан байна. 2023 оны аравдугаар сарын байдлаар Орос 4100 гаруй цэргийн нисэх онгоцтой гэж мэдээлжээ. Орос Украин руу халдан түрэмгийлснээс хойш ихээхэн хэмжээний техник хэрэгслээ, ялангуяа танкаа алдсан. Украиныг богино хугацаанд эзлэн түрэмгийлж чадахгүй байгаа нь тус улсын цэргийн чадавхад эргэлзэхэд хүргэж байгааг зарим шинжээч илэрхийлсэн. Харин ОХУ цөмийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа аж.
Хятад улс сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, цэргийн хүчээ хурдацтай өсгөж байна. "Global Firepower" Хятадыг хүн хүч, усан флотын хүч чадлаар нь нэгд жагсаасан. "Хятад улс эдийн засгийн хувьд, хүн хүчний хувьд давуу талтай бөгөөд тэнгис, агаарын болон хуурай замын байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна" гэж “Global Firepower” хамгийн сүүлд гаргасан тайландаа дурджээ.
Тайваний эргэн тойронд хурцадмал байдал үүсээд байгаа бөгөөд Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаж, олон жижиг арлууддаа цэргийн хүчээ байршуулснаар бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж буй. “Global Firepower”-ийн мэдээлснээр, Хятад улс 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 50 устгагч байлдааны хөлөг онгоц, 78 шумбагч онгоцтой байна.
Энэтхэгийн ажиллах хүчний нөөц 653 сая гаруй буюу тус улсын хүн амын 47 хувь байна. Мөн Энэтхэгт бараг 1.5 сая идэвхтэй цэргийн албан хаагч байгаа аж. Энэтхэг Хятадтай хилийн асуудлаар үе үе мөргөлддөг. Хятад Энэтхэгийн зүүн хойд хэсэгт 90 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэмшдэг гэж БНЭУ мэдэгддэг бол Хятад улс Аксай Чинийн өндөрлөгт 38 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлдэг гэж мэдэгддэг.
Их Британийн хүн хүч, агаарын хүчний давуу тал, мөн санхүүгийн хүчирхэг байдал нь Их Британийн байр суурийг нэмэгдүүлсэн талаар “Global Firepower” онцолжээ. Тус улсын нисэх онгоц тээвэрлэгчид болох “HMS Queen Elizabeth” болон “HMS Prince of Wales” нар дэлхийн хамгийн сүүлийн үеийнх юм. Мөн шумбагч хөлөгт байрлуулсан цөмийн зэвсэгтэй. Их Британи Украины дайн эхэлснээс хойш 4.6 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн бөгөөд АНУ-ын дараа орж буй хоёр дахь том хандивлагч юм. Мөн НАТО-д томоохон хувь нэмэр оруулсаар байгаа бөгөөд ДНБ-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах амлалтаа биелүүлж, 2030 он гэхэд 2.5 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.