УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ.
Зургадугаар сарын 26-ны лхагва гариг гэж тооцсоны учир нь баасан гаригт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.
Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцжээ.
Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгоно гэж заасан.
Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаан, нийт 13 байхаар тусгажээ.
· Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
· Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
· Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
· Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
· Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
· Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
· Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
· Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
· Баянгол дүүрэг 9-р тойрог;
· Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
· Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
· Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
· Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.