УИХ-ын хянан шалгах түр хорооны гурав дахь өдрийн сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах долоон сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална.
1. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилт
2. Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил
3. Тавантолгой дулааны цахилгаан станц
4. Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл
5. Кокс эрчим хүчний үйлдвэр
Хамгийн эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилттэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тус асуудлаар нийт есөн гэрчийг дууджээ.
Шинжээчийн дүгнэлт: “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. “Тавантолгой түлш” ХХК гурван үйлдвэртэй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар тус компани 2700 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. “Тавантолгой түлш” ХХК 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай үйл ажиллагаа явуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 15 гэрээний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой түлш” ХХК-д олгоод байна.
ҮАБЗ-ийн 2017 оны агаарын бохирдлын бууруулах зөвлөмж, ТЕГ-ын албан бичиг, ЗГХЭГ-ын 2019 оны албан бичгийг үндэслэн 2019-2022 онуудад худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж, бараа ажил үйлчилгээг нууцын зэрэгт хамруулж, шууд худалдан авах гэрээ хийсэн.
“Тавантолгой түлш” ХХК ТУЗ-ийн гишүүд нь их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас цалин болон бусад зардал их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. “Тавантолгой түлш” ХХК-аас "Зсрован" компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөг шилжүүлсэн.
Шинжээчийн дүгнэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Зарим материал бас устчихсан, алга болчихсон юм байна. Яагаад баримтаа устгачихдаг юм бэ. Үйлдвэрийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ. Актлахаар 160 тонн буюу 129 сая гаруй төгрөгийн гурил байна. Үүнийг барьцалдуулагчаар ашиглахаар авсан ч гурван жил хадгалаад устгах гэж байгаа юм байна. Түлш технологийн дагуу хийгдэж байгаа юу?
“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Алтансүх: 2019 онд утаа эрс багассан. Энэ бол үйлдвэрлэлийн хэмжээ, хэрэглээтэй шууд холбоотой. 2019-2020 оны өвөл 350 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэсэн. Үүнээс хойш хэрэглээ байнгын өсөлттэй явж байна. Энэ жил 550-600 мянган тонныг хэрэглэж байна. Чанарын хувьд шахмал түлшинд нарийн технологи байхгүй. Чанар анх ямар байсан тэр хэмжээндээ байгаа.
2020-2021 оны өвөл хил гааль хаалттай, барьцалдуулагч авахад хүндэр үүссэн. Тиймээс техникийн гурилыг туршилтаар хэрэглэж үзээд үр дүн гараагүй. Ингээд 2-3 жил агуулахад хадгалагдаад муудсан учраас актлахаас өөр аргагүй болсон.
Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: П.Амарцэцэг хэдэн жил “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан бэ. “Тавантолгой түлш” ХХК-аас Зсрован компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд тус компанийн захирал бэлэн мөнгөөр зарлагадаж Ө.Ууганбаярын Төрийн банкны хадгаламжийн данс руу хийсэн. Энэ хүн таны нөхөр байна?
“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг: Би 2018-2021 он хүртэл ажилласан. Тухайн үед санхүүгийн программын тендер сонгон шалгаруулахад үнэлгээ өндөр байсан. Тиймээс санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд программ авахаар болсон.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: “Тавантолгой түлш” ХХК 997 тэрбум төгрөгийн өртэй байна. “Эрдэнэс Тавантолгой”-оос нэг их наяд гаруй төгрөг авчихсан байна. Маш их үрэлгэн, бичиг баримт алга болдог зүйл асар их байна. 2022 оны гуравдугаар сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авах гэрээ хийсэн байна. 2022 оны наймдугаар сард 6.6 тэрбумаар нүүрс худалдаж авах гэрээ хийсэн байна. Энэ ямар учиртай гэрээ вэ. Хятадын компаниудаас баахан барьцалдуулагчууд авсан байна. Эдний тендерийн материалыг шинжээч үзсэн үү. Тендерээр явдаг юм байна уу. Компани нь алдагдалтай байхад ТУЗ нь 1.1 тэрбумаар нь цалин, урамшуулал аваад явж байдаг. Хамгийн дээд тал нь 125 сая төгрөг авсан байна.
Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: CBM Хангай компани 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн байна. Энэ компани нь “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани. Л.Одхүүгийн эхнэр Оюунзул банк бус санхүүгийн байгууллагатай, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байж. Үүсгэн байгуулагч нь Ж.Батбаясгалан, Т.Бадамжунайгийн охин Оюунбилэг Сарантуяа, Цэрэндулам нар үүсгэн байгуулж байж. Т.Бадамжунайгаар бүгд холбогдож байгаа юм байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Алтансүх: Нүүрс худалдаж авах гэрээ биш “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байгуулсан нүүрсээр угаах баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авах оффтейк гэрээ юм. Гүйцэтгэл дутуу, маргаантай асуудал байгаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар: Анх 150 мянган төгрөгийн өртөгтэй сайжруулсан шахмал түлшийг өртгөөр нь иргэдэд борлуулах шийдвэр гаргасан. Төсөл эдийн засгийн үр өгөөж гэхээсээ илүү орчны бохирдлыг бууруулах байсан. Ковидын хүнд үед хоёр жил 75 хувийн хямдруулсан түлшээр хангасан. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-оос 400 гаруй төрбум төгрөгийн санхүүжил авсан. Үүний 50 орчим хувийг үнийн хямдралд зарцуулсан байдаг.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн дарга А.Батзориг: Нэг шуудай шахмал түлшээ 3750 төгрөгөөр борлуулж байгаа. Харин зах зээлийнх нь үнэ 12500-13000 төгрөгөөр зарвал компани алдагдалгүй ажиллана. Жилдээ 80-100 тэрбум төгрөгийн хэмнэлтийг айл өрхүүдэд өгч байгаа. Манай компани үндсэн гурван түүхий эд, материал хэрэглэдэг. Шуудай, медлинг, барьцалдуулагч. Дээрээс нь цалин хөлсний зардал байдаг. Энэ дөрвөн зардал нийт зардлын 90 орчим хувийг эзэлдэг.