Open iToim app
Зочин | 10 мин уншина

Б.Нямтайшир: Монголд экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 20
Бямбаагийн Нямтайшир
 “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга
Монгол Улсын Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга
Нүүрс гүн боловсруулах дэд хорооны дарга
Өнөөдрөөс 30 жилийн өмнө буюу 1993 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Монголын Алт” (МАК) компани анх үүсгэн байгуулагдаж байлаа. Төв аймгийн Заамар сумын нутагт орших Их Галтын шороон ордод алтны анхны олборлолтоо эхлүүлж, 01 дугаартай алтан гулдмайгаа Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байв. Түүнээс хойш харван одсон 30 жилийн уртад МАК-ийн үйл ажиллагаа Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн цар хүрээ, далайцыг илтгэх болов.
Өнгөрсөн 2022 онд л гэхэд “Монголын Алт” (МАК) ХХК 78.4 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна. Зүйрлэж хэлбэл, зөвхөн нэг жилийн хугацаанд төвлөрүүлсэн энэхүү мөнгөн дүн нь 640 хүүхдийн суудал бүхий 15 сургууль, 120 хүүхдийн багтаамж бүхий 7 цэцэрлэг, 100 ортой хүүхдийн 7 эмнэлэг барих хөрөнгө оруулалттай дүйж байна. Бямбаагийн Нямтайширын 30 жилийн өмнө байгуулсан “Монголын Алт” (МАК) өнгөрсөн хугацаанд Монголын нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь хэрхэн тэлж өргөжсөнийг та энэ үзүүлэлтээс харж болно. Нийт 4000 гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэж, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын материал үйлдвэрлэл, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуйн салбарт бизнесээ тэлж буй МАК дараагийн 30 жилийн хөгжлийн зураглалаа дэлхий дахины ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн өргөн цар хүрээгээр тодорхойлж байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан юм. Энэ бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Тэдгээр нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт юм. Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулахыг эрмэлзэж буй Аж үйлдвэржилтийн сэргэлт бодлогын хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөх үүрэг бүхий энэхүү Үндэсний хорооны дэд дарга, Нүүрс гүн боловсруулах дэд хорооны даргаар “Монголын Алт” (МАК)-ийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайшир ажиллаж байна. 
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ: УСТӨРӨГЧ
undefined
Монгол Улс нийт 173 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, энэ үзүүлэлтээр дэлхийд эхний аравт багтдаг. Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, дэлхийн дулаарлыг сааруулахыг эрмэлзэж, тогтвортой хөгжлийн суурь зарчмуудыг баталж, улс орнууд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх чиглэлд анхаарч буй. Тэр хэрээр дэлхий дахинаа нүүрсний хэрэглээ хурдацтай буурч байна. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ 2035 он гэхэд нүүрсний хэрэглээгээ 30 хувиар, 2050 он гэхэд 78 хувиар бууруулж 60 сая тоннд хүргэх, улмаар 2060 он гэхэд Хятад орон даяар нүүрсний хэрэглээгээ тэглэх бодлогыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нь зарлаад буй. “Монголын нүүрсний баялаг нөөц үндсэндээ шороо болж хувирах гэж байна. Тиймээс нүүрснээс устөрөгч гарган авах, улмаар устөрөгчөөс эрчим хүч үйлдвэрлэх дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагаас хоцрохгүй, нүүрснээс устөрөгч үйлдвэрлэх чиглэлд хамтран судалгаа хийхийг Монгол Улсын Ерөнхий сайд Японд айлчлах үеэрээ хөндсөн. Товчхондоо, “Нүүрсийг гүн боловсруулах, ирээдүйн чиг хандлага бүхий устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр яригдаж байгаа” хэмээн МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Нүүрс гүн боловсруулах дэд хорооны дарга Б.Нямтайшир тодруулж байна.
“Дэлхий нийт тэр аяараа устөрөгчийг эрчим хүчний ирээдүй хэмээн тодорхойлж, улс орнууд өөр өөрийн Устөрөгчийн стратеги буюу бодлогын баримт бичгийг баталж эхэлсэн. Дэлхий даяар нийт 36 улс өөрийн Устөрөгчийн стратегийг баталснаас Япон улс 2017 онд анхлан баталсан байдаг. Өнөөдөр дэлхий дээр устөрөгчийн хэрэглээ хараахан хөгжөөгүй байна. 2020 оны байдлаар нийт 90 сая тонн устөрөгч үйлдвэрлэж байсан бол 2030 онд 200 сая тонн, улмаар 2050 он гэхэд үйлдвэрлэл нь 500 сая тонноор хэмжигдэх хүлээлттэй байна. Тиймээс устөрөгч дэлхийн эрчим хүчний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Устөрөгч 29000 ккал илчлэгтэй. Маш бага шатахуунаар их хэмжээний энерги, дулаан үйлдвэрлэх бололцоотой гэсэн үг. Бүх автомашин устөрөгчийн технологид шилжинэ. Цаашилбал, Францын үндэстэн дамнасан “Airbus” компани 2035 он гэхэд устөрөгчөөр хангагдах эхний нисэх онгоцоо бүтээнэ гэдгээ дэлхий нийтэд зарлачихлаа. Тэгэхээр устөрөгч бол алс ирээдүйг харсан том төсөл. Монгол Улс энэ хөгжлийн араас нэхэх биш, хөгжүүлэлтийн шатанд дундаас нь орох шаардлагатай байна” хэмээн тэрбээр ярилаа.
 Монголын алт” (МАК) энэ оны наймдугаар сард японы “Unico International” компанитай устөрөгч ба түүний дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт хийх төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
“Монголын Алт” (МАК) энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр Японы “Unico International” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Устөрөгчийн үйлдвэрлэл ба түүний дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт хийх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллах энэхүү гэрээний ач холбогдол нь Монгол Улс ирээдүйг тосож, хөгжингүй орнуудтай зэрэгцэн устөрөгчийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх алсын хараагаар илэрхийлэгдэж байна. “Устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл нь хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах мега төсөл. Нөгөө талаас, өмнө хэлсэнчлэн устөрөгчийн хэрэглээ, түүнийг ашиглах технологи дэлхий даяар хараахан хөгжөөгүй байгаа учраас эхний ээлжинд нүүрснээс диметилийн эфирийг гарган авахаар ажиллаж байна. Зарим улсад дизелийн түлшний оронд ашиглаж буй диметилийн эфирийг Монголд үйлдвэрлэснээр Монгол Улс агаарын бохирдлоос ангижрах боломжтой. Тиймээс энэ чиглэлээр япончуудтай санал нэгдэж, устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх угтвар болгож, диметилийн эфир үйлдвэрлэх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан. Зургаан сарын хугацаатай энэхүү гэрээний хүрээнд судалгаа хийж, Монгол Улсад диметилийн эфир үйлдвэрлэх нь эдийн засгийн ашигтай гэж үзвэл туршилтын үйлдвэрийг байгуулна. Улмаар Улаанбаатар хотын дулааныг нүүрсээр бус, харин нийлэг хийгээр хангах бололцоо бүрдэнэ” гэлээ.
undefined
Одоогоор Монгол орны төвийн болон говийн бүсийн нүүрсэнд анхан шатны судалгаа хийснээс Монгол Улсын ирээдүйн чиг хандлагад нийцсэн нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Дорнодын хүрэн нүүрс хамгийн оновчтой гэсэн дүгнэлт гарчээ. Залуу нүүрс, задрахад хялбараас гадна устөрөгчийн гарц илүү болох нь судалгааны үр дүнгээр батлагдсан байна. Сонирхолтой нь, МАК Дорнод аймгийн Адуунчулууны уурхайгаас метанол гарган авах, улмаар түүнээс АИ92 бензин үйлдвэрлэх чиглэлээр 2000-аад оны эхэн үед нэлээд судалгаа хийсэн ба харамсалтай нь, дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ огцом унаж, 2011 оны санхүү, эдийн засгийн хямрал дэлхий дахиныг нөмөрснөөр энэхүү төслийг зогсоож байв. “Монгол Улс нүүрсээ гүн боловсруулах хэрэгцээ, шаардлага гарна, нүүрсний нөөцөө оновчтой боловсруулах бодлогын сорилт тулгарна гэдэгт бид 2000 оноос бэлтгэлтэй байсан” хэмээн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир тэмдэглэсэн юм.
Монгол Улсад устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Мөн дэлхий дахинд галт тэрэг, онгоц болон бусад тээвэрт шинэ эрчим хүч болох устөрөгчийг ашиглах шийдэл нэвтэрч эхлээд байна. Тиймээс устөрөгчийн үйлдвэрлэлд анхаарч, ахиц гаргах нь Монгол Улсын ирээдүйтэй холбоотой чухал алхам юм. Мөн цаашлаад химийн үйлдвэр байгуулснаар хуванцар бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үр дүнд нь маш олон ажлын байр шинээр бий болж, эдийн засагт эерэг нөлөө бий болох билээ. 
Ийнхүү түүний алсын хараа, удирдлага дор МАК төдийгүй Монгол Улс нүүрсэнд түшиглэн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ногоон ирээдүйг бүтээх ач холбогдол бүхий ажил хэргээ эхлүүлж байна.
Монгол Улсад аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Аж үйлдвэржилтийн үндэсний хороо дөрвөн салбарт анхаарч буйн эхнийх нь энэхүү нүүрс-химийн үйлдвэрлэл бол, удаах нь зэс болон гангийн үйлдвэрлэл, мөн хөдөө аж ахуйн салбар багтаж байна.
ЦАХИЛГААН ТЕХНОЛОГИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ ТЭЛНЭ 
undefined
Ийнхүү нүүрсний хэрэглээ ирээдүйд буурч, зах зээлгүй болох учраас Монголын эдийн засгийг тэтгэх гол ашигт малтмал бол зэс гэж тэрбээр харж байна. Монгол оронд өдгөө зэсийн арвин нөөц илэрсэн ч бүрэн судалгаа хараахан хийгдээгүй учраас нөөц нь цаашид нэмэгдэх боломжтой хэмээн үзэж буй. Тэгвэл эх нутгаас олборлосон зэсийн хүдэрт анхан шатны боловсруулалт хийж, зэсийн баяжмал экспортлох бус, харин түүнийг хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар Аж үйлдвэржилтийн үндэсний хороо хэлэлцэж байна. Монгол орны умард хэсэгт байрших уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Аж үйлдвэрийн парк байгуулах төслийнхөө хүрээнд жилд 600 мянга гаруй тонн зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл эх нутгийн өмнөд хэсэгт дэлхийн хэмжээний Оюутолгой, үнэ цэн нь улам бүр өсөж буй Хармагтай, мөн МАК-ийн бие даан хэрэгжүүлж буй Цагаансуваргын орд гэхчлэн зэсийн арвин нөөц илрээд буй. “Эдгээр ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах, зэсээ цэвэршүүлж, цаашид нэмүү өртөг шингэсэн электроникийн чип, цахилгаан утас үйлдвэрлэх чиглэлийг хөгжүүлэх санаачилга идэвхтэй яригдаж байгаа. Монгол орны өмнөд дэх төслийг хэрэгжүүлэгч компаниуд нэгдэж, ажлын хэсэг байгуулан  ямар хүчин чадалтай үйлдвэр хаана байгуулах, ямар технологи ашиглахыг тодорхойлон, хамтарсан охин компани байгуулж, улмаар түүгээрээ дамжуулан зэс хайлуулах үйлдвэр болон түүнтэй холбоотой дэд бүтцийг байгуулах бэлтгэл ажлыг хангахаар хэлэлцэж байна. Хэрэв байгуулж чадвал энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, валютын орох урсгалыг сайжруулах маш чухал төсөл. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахтай холбоотойгоор дэлхий нийтийн чиг хандлага цахилгаан технологид шилжиж байна. Цахилгаан технологийн эрэлт нэмэгдэхийн хэрээр зэсийн хэрэглээ тэлнэ. Хятад улс 2030 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины 50 хувийг үйлдвэрлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, бидний хаяанд маш том зах зээл бий. Тийм учраас түүнийг угтуулж, төрийн бодлогоор эдгээр үйлдвэрүүдээ барих нь хамгийн чухал”.
“Нөгөө талаас, Үндэсний хорооны дэргэд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх дэд хороо, мөн ган үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хороо үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлогыг хэлэлцэж байна. Эдгээр төслийг ирэх таван жилийн хугацаанд амжилттай хөгжүүлж чадвал Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал, голлох салбар тодорхой болж ирнэ. Гэхдээ эдгээр төсөлтэй уялдан эрчим хүчний асуудал хөндөгдөж байна” гэлээ.
 МОНГОЛД ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
“Аливаа аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд эрчим хүчний хангалтын асуудал чухал. Өнөөдөр Монгол Улсын суурилагдсан болон сэргээгдэх, импортоор авдаг эрчим хүч нийт 1550 МВт. Ирээдүйн хэрэгцээг хангахад энэ суурилагдсан хүчин чадал хангалтгүй. “Энэ дутагдлыг арилган, хөгжүүлэхэд дэлхийн чиг хандлагыг дагаж, Монгол Улс эрчим хүчний бодлогын хувьд хоцрохгүй байх хэрэгтэй” хэмээн тэрбээр чухалчилж байна. Аж үйлдвэр эрчим хүчгүйгээр урагшлахгүй. Цахилгаан станц байгуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдана. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. Ялангуяа, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг саармагжуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгууд эдгээртэй нийцэж буй. Нөгөө талаас, аж үйлдвэржилтийн салбарыг хөгжүүлэхдээ газрын хөрсөн доорх усны хэрэгцээг ашиглах бус, харин урсац усаар хангах шаардлагатай хэмээн тэрбээр онцолж байна. “Энэ газар нутагт хүн, амьтан хэдэн мянган жилээрээ нутаглаж, үеийн үед ундаална. Тиймээс газрын гүний усыг тэдэнд зориулж нөөцлөх ёстой” гэлээ. Тиймээс урсац усыг нөөцлөх, улмаар хоолой татан аж үйлдвэрийн төслүүдийг хангах алс ирээдүйг харсан бодлогыг дэвшүүлж байна.
undefined
Тэрчлэн төмрийн хүдрийн нөөцдөө тулгуурлан ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэмэлт хөрөнгө оруулан технологийн шинэчлэл хийх замаар ирээдүйд өөрсдийн хэрэглэх өндөр чанарын ганг үйлдвэрлэх, аж үйлдвэрийн болон барилгын материал үйлдвэрлэлийг эх орныхоо эрдэс, түүхий эдэд түшиглэж, Европын хамгийн шилдэг техник, технологийг нутагшуулах байдлаар хөгжүүлэхийг тэрбээр эрмэлзэж байна. Ерөөс Орос, Хятадын технологиос давсан, хөгжингүй улсын техник, технологийг Монголдоо нутагшуулбал Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн тэлнэ гэж тэрбээр үзэж байна. “Дэлхий даяар Европ стандартыг мөрдөж байна. Үүнийг нутагшуулснаар тэдгээр улсад экспорт хийх бололцоотой болно. Монголд экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал. Стандарт бол экспортыг хөгжүүлэх гол хүчин зүйл. Өргөн хүрээгээр авч үзвэл, валютын нөөц бүрдүүлэх, амьжиргааны түвшин дээшлэх ач холбогдолтой. Нөгөө талаас, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүний нөөцийн асуудал чухал. Эхний жилүүдэд гаднын мэргэжилтнүүдийг сургагч, зөвлөх байдлаар ажиллуулж болох ч үйлдвэрийн төсөлтэй зэрэгцэн боловсон хүчний бодлого хамтдаа явах ёстой. Монгол Улсад хүний нөөцийн бодлогуудыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын аж үйлдвэрийн төслүүдтэй “1000 инженерийн хөтөлбөр”-ийг уялдуулах ёстой юм. Аймгийн МСҮТ-үүд мөн тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулах нь оновчтой” гэлээ.
Ийнхүү Монгол Улсын хүнд үйлдвэрлэл, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт өөрийн байр суурийг бэхжүүлж, “Бүтээгч Монголын төлөө” 30 жил зүтгэсэн Б.Нямтайширын ажил хэрэг зөвхөн “Монголын Алт” (МАК) ХХК-аар хязгаарлагдах бус, өдгөө Монгол Улсын хөгжлийн бодлогод өөрийн хувь нэмрийг оруулж байна. Анх байгуулагдсан цагаасаа дэлхийд тэргүүлэх технологи, техникийг Монголдоо нэвтрүүлж, дэлхийн хөгжлийг Монголд нутагшуулах чиглэлээр зоримог ажиллаж буй тэрбээр ажил хэргийн энэхүү арга барилаа төрөөс томьёолж буй хөгжлийн бодлогоор дамжуулан давтан бататгаж байна.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн