Статистик: Боловсролын түвшин дээшлэх тусам хүчирхийллийн харилцаагаа илүү нуун дарагдуулдаг
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 12
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг долоо дахь жилдээ зохион байгууллаа. Уг чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх чиг үүргийн байгууллагууд оролцож, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, тодорхой чиглэл тус бүрийн судалгаа, шинжилгээ, статистик дээр тулгуурлан илтгэлийг тавьсан билээ. Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд түшиглэн байгуулсан нэг цэгийн үйлчилгээний төвөөс тусламж, үйлчилгээ авч буй хохирогчдыг нөхцөл байдал, статистикийг танилцуулсан илтгэлийг тоймлон хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төвийг 2009 онд анх удаа эмнэлэгт түшиглэн байгуулсан байдаг. Тэр нь Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, ГССҮТ-д түшиглэсэн нэг цэгийн төв. ГССҮТ-ийн хувьд хохирогчийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, баримтжуулах, нөхөн сэргээх ажлыг сүүлийн 14 жилийн хугацаанд хийж, 9000 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Товчхондоо, эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төв нь нийтдээ зургаан төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ,
-Аюулгүй байдлыг хамгаалалт,
-Нийгмийн халамжийн үйлчилгээ,
-Хүүхэд хамгааллын үйлчилгээ юм.
Манай улсын тухайд жил ирэх тусам хүчирхийллийн тоо нэмэгдэж буй. Тэр нь ч статистик судалгаагаар батлагддаг. Тухайлбал, ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс тусламж, үйлчилгээ авсан хүчирхийлэлд өртөгсдийн тоо гэхэд л сүүлийн 13 жилийн хугацаанд дөрөв дахин өсжээ. Тэр тусмаа 2014 оноос хүчирхийллээс үүдэн тусламж авагчдын тоо эрчимтэй нэмэгдсэн байна. Зөвхөн энэ он буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар нийт 1195 үйлчлүүлэгч ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн байна. Үүнээс насанд хүрсэн эмэгтэй 907, эрэгтэй 128, хүүхэд 160 тус тус үйлчлүүлснээс амь нас аюулгүй байдлаа хамгаалуулж, хамгаалах байранд байрласан нь 478 байна. Энэ нь өнгөрсөн жилээс 0.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Иргэдийн тухайд хүчирхийлэгчийг гаднын болон танихгүй хэн нэгэн хэмээн хүлээн авдаг ч үнэн хэрэгтээ хамгийн ойрын бөгөөд хамгийн дотны хүн хүчирхийллийг үйлддэг гэдэг нь статистик мэдээгээр гарсан байна. Тэр дундаа хамгийн өндөр хувийг хамтран амьдрагч болон албан бичиг баримтаар баталгаажсан нөхөр нь үйлддэг аж.
Мөн хүчирхийлэгчид нь боловсрол тааруу, амьдралын боломж бололцоо сул нэгэн гэх ойлголт нь өрөөсгөл юм. Статистик мэдээллийг харвал нийт хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 46 хувь нь бүрэн дунд, 41.3 хувь нь дээд боловсролтой. Харин эсрэгээрээ хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн боловсролгүй нь 0.2 хувь байна. Үүнийг боловсролын байдал дээшлэх тусам хүчирхийлэгч хүчирхийллийн харилцаагаа олон нийтэд илүү сайн болоод мэдэгдэхгүйгээр нуун далдалдаг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй.
Хүчирхийллийн эрүүл мэндэд учруулах хор уршиг
Хүчирхийлэлд өртөгсөд нь олон төрлийн хор хохирлыг амсдаг. Ингэхдээ бие махбод болон сэтгэлзүйн гэмтэл авах нь бий. ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний төвийнхний гаргаснаар хүчирхийлэлд өртөгсдийн 45 хувь нь мөчдийн буюу хөл, гар хугарах гэмтэлтэй ирдэг аж. Энэ бол хохирогчийн түгээмэл гэмтэл. Үүнээс гадна дөрвөн өөр хор уршиг бий.
• Гэмтэл: Дотоод гэмтэл, толгойн гэмтэл, яс хугарах цуурах, түлэгдэх
• Халдварт бус өвчин болон эрсдэлтэй зан үйлүүд: Харвалт, чихрийн шижин, уушигны хүнд өвчлөлт, зүрх судасны өвчин, хавдар, хэт таргалалт, архи, биеийн хөдөлгөөнгүй байх байдал, тамхи татах
• Халдварт өвчин болон эрсдэлтэй зан үйлүүд: Архи болон мансууруулах бодисын хэрэглээ, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, ДОХ/ХДХВ, БЗХӨ, олон хамтрагчтай байх
• Эх болон хүүхдийн эрүүл мэнд: Үхэл ,ураг зулбах, хүсээгүй болон өсвөр насныхны жирэмслэлт, жирэмсний хүндрэлүүд,
• Амиа хорлох: Хүний амь насанд халдах, сэтгэл гутрал, хямрал, цочрол, гэмтлийн дараах стрессийн эмгэгийн хор уршиг багтана.
Түүнчлэн, хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь хүүхэд. Тэдний тухайд сэтгэл санааны, бие махбодийн, үл хайхрах гэсэн үндсэн гурван хүчирхийлэлд өртдөг. Харин насны байдлаар нь авч үзвэл 11-17 насны хүүхдүүд хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байна. Тэр дундаа сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл. Насанд хүрэгчдийн тухайд хамтран амьдрагч, нөхөр нь хамгийн их хүчирхийлэл үйлдэж байсан бол хүүхдүүдийн дийлэнх нь үе тэнгийн болон үл таних хүний зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Тодруулбал, хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлсэн байдлаар дийлэнх нь үл таних хүн болон үе тэнгийн хүүхдийнхээ зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар гэхэд 1,482 хүүхдэд 108 дуудлагын утсаар тусламж мэдээлэл өгч ажиллажээ.
Иймд бид ямар арга хэмжээ авч, юуг засаж сайжруулах нь зүйтэй вэ

Д.Одгэрэл
ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл: Цаашид анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. Нэгд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төвийг санхүүжүүлэх журам 2017 онд батлагдсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байгаатай холбоотой нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламжийн багцад оруулах саналыг дэвшүүлж байгаа. ЭМДЕГ санхүүжилтийн өртөг, зардлыг тооцох нь нэн шаардлагатай байна. Хоёрт, бид хүчирхийлэлд өртчихсөн хойно нь гал унтраах төдий үйлчилгээ үзүүлээд байна. Тэгэхээр бид сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-аас нь эрэгтэйчүүдийн дунд байгаа эрсдэлт зан үйлийг өөрчлөх, хариу арга хэмжээ авахгүй тал руу явахгүй бол хүчирхийллийн хохирогч дахин хохирох, дахин ирэх нь нэлээд их байна. Ялангуяа эрчүүд, хөвгүүд, бэлгийн цөөнх архидан согтуурах, мансуурах зэрэг хорт зуршлуудтай холбоотой нөлөөллийн ажлыг хийх нь илүү үр дүнтэй. Гуравт, манай нэг цэгийн төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дата нь дээр судалгаа хийхэд 82 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдэж байгаа учраас архины хэрэглээтэй тэмцэх зайлшгүй хэрэгцээ байна. Ялангуяа өндөр градустай архи хэрэглэх, нэгнийгээ шахах , хүчээр согтоохоо болих хэрэгтэй. Дөрөвт, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал нь гэмт хэргийн хохирогч болсон хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлдэггүй иргэд хохирч байна. Тэдний тухайд ЭМД байдаггүй учраас нарийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж чаддаггүй. Хүүхэд, ахмад настныг төрөөс хариуцдаг тул энэ насны эдгээр хүмүүсийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгох талаар дээд байгууллагадаа хүсэлт тавих хэрэгцээтэй гэлээ.