Open iToim app
Парламент | 11 мин уншина

ТОЙМ: Нүүрсний сонсголын дөрөв дэх өдрөөс онцлох нь

ТОЙМ: Нүүрсний сонсголын дөрөв дэх өдрөөс онцлох нь
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 7
16.00 цаг
Таван Толгой Оператор Түншлэлд холбогдох шинжээчийн дүгнэлтийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үнэлгээний хороо болон компани хоёрын санал зөрсөөр байгаад эрх ашиг нь нэгдээд түншлэл сонгосон болж харагдаж байна. Дотоод аудитын хороо нь үнэлгээний хороогоо хянадаг гэдэг юм гараад ирлээ. Үүнийг хэн баталсан юм.
Ажлын хэсгийн ахлагч Цолмон: Миний бие сүүлийн ажлын хэсгийн ахлагч. Тендерийн хуульд шууд гэрээ байгуулах 10-аад арга бий. Үүний нэг нь нээлттэй тендер сонгон шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болвол захиалагч шууд гэрээ байгуулах эрхтэй. Ингээд шууд гэрээ байгуулэх эрх үүсдэг. Манай ажлын хэсэг гурван тендер шалгаруулалтын дараа байгуулагдсан. Шинжээч журмаараа ажилласныг хэлсэн. Өмнөхийг бид мэдэхгүй.
•     •     •
15.30 цаг
Таван Толгой Оператор Түншлэлд холбогдох шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
Түншлэлд Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК зэрэг компани хамаарч байна.
  • 2020 онд гэрээ шууд байгуулах аргаар 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулснаас 151.7 тэрбумыг санхүүжүүлсэн. Тус компанийн ажлын гүйцэтгэлийн хувь 67 хувь.
  • Тендерийг гурван удаа зохион байгуулсан ба шалгарсан компаниас татгалзсан. Иймд шүүхийн маргаан болсон ч эвлэрээд хамтран ажилласан байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Яг яагаад шалгарсан компаниас татгалзсан, шүүхээр явсныг мэдэхийн тулд хамаарлыг нь авч үзье.
Эрдэс майнинг оператор ХХК
Уг компанийг Р.Батхишиг, Б.Даваадулам нар эзэмшдэг. Р.Батхишиг нь Зандаахүүгийн Хишигтогтохтой Эм Жэй Ти ХХК-ийг хамтран байгуулсан, нэгдмэл сонирхолтой. Зандаахүүгийн Энхболд нь энэ үед ЕТГ-ын дарга байсан.
З.Хишигтогтох нь Амаржаргалын Гансүхтэй хамт Кэй Эйч Кэй ХХК-ийг эзэмшдэг. А.Гансүх нь тухайн үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан улстөрд нөлөө бүхий этгээд байна.
Б.Даваадулам нь Ширнэнбандийн Болдхуягтай Тив транс ГХОХХК-ийг эзэмшдэг. Ш.Болдхуяг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү.
Овоот толгой ресурсес ХХК
Уг компанийг Беларусь улсын иргэн Slobodskiy Leonid байгуулсан. Энэ хүн бол Хөгжлийн банкны сонсгол дээр Х.Баттулгатай нэгдмэл сонирхолтой хэмээн танилцуулагдаж байсан.
Монгол майнинг энд эксплорэйшн ХХК
Уг компанийг Д.Отгонлхагва эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Г.Батболд ажилладаг. Компанийн 50 хувийг М. Чингүн эзэмшиж байсан. Тэрээр Хөгжлийн банкны сонсгол дээр мөн яригдаж байсан. Д.Чингүн нь Хөхдэй хайрхан ХХК-ийн эзэмшигч. Уг компанийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн төрсөн дүү Д.Амартай хамтран эзэмшдэг.
14.30 цаг
Үдээс хойшхи сонсгол Моннис интэрнейшнл ХХК-д холбогдох шинжээчийн дүгнэлтийг танилцуулснаар эхэллээ.
  • 2011 онд 49.6 тэрбум төгрөгийн хоёр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад дараах зөрчил гарсан байна.
  • Уг компани нь 634.2 сая төгрөгийн татварын өртэй байсан нь хууль зөрчсөн.
  • Тендер шалгаруулалтад ирүүлсэн баримт бичиг нь хуульд нийцээгүй.
Түүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авав.
Түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Яагаад гэрч дуудаагүй вэ?
Шинжээч: Моннис интэрнейшнл ХХК-тай холбоотой 3-4 компани яригдаж байгаа. Гэрчээр олон хүн дуудсан. Гэхдээ Яг Моннис интэрнейшнл ХХК дээр бол нэр давхардаж дуудагдаад ирээгүй. Моннис майнинг ХХК дээр бол гэрчүүд ирсэн байна. Майнс ап ХХК-ийн хүмүүс ирсэн байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Би олон хууль гээд гэрчүүд дээр анхаарал хандуулсангүй. Энэ гэрчүүдийг хоёр дахь сонсгол дээр нэгтгээд танилцуул.
•     •     •
13.00 цаг
Үүний дараа Майнс ап ХХК-ийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
  • Тус компани нь 14 тендерт шалгарч, 289.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Майнс ап ХХК-ийг Моннис интэрнейшнл ХХК 100 хувь эзэмшдэг. Шалгарсан 14 тендерээс хоёр нь хуульд нийцэхгүй байна. Үүнд,
  • 2021 онд гэрээ байгуулсан бульдозер нийлүүлэгчийг сонгох ажил нь 2.1 тэрбум төгрөг. Тус компани нь Liebherr брэндийн албан ёсны борлуулагч хэмээх баримт ирүүлээгүй. Мөн засвар үйлчилгээний төвгүй харин Моннис интэрнейшнл ХХК-аас баталгаа гаргасан нь захиалагчийн талаас тавьсан шаардлагыг зөрчжээ.
  • 2022 онд нийт 4 багцад 257.3 тэрбум төгрөгийн техник нийлүүлэх гэрээ байгуулсан. Үүнээс 100.2 тэрбумыг нь санхүүжүүлсэн. Гарсан зөрчил нь гүйцэтгэлийн баталгаа бөгөөд Майнс ап ХХК-ийн байршуулсан мөнгөн дүн нь шалгуурыг хангахгүй байна.
Түр хорооны гишүүд асуулт асууж хариулт авав.
Түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Моннис интэрнейшнл ХХК нь Майнс ап ХХК-ийн 100 хувь эзэмшдэг юм байна. Моннис интэрнейшнл ХХК-ийн талаас өөрийн эзэмшдэг засварын төвтэй гэсэн баталгааг ирүүлсэн байна. Үүнийг яагаад хууль зөрчсөн гэж үзсэн бэ?
Шинжээч: Итгэмлжлэлийг дамжуулан олгох ёсгүй. Тиймээс зөрчсөн гэж үзсэн.
Үүний дараа Спейшл майнинг сервис ХХК-д холбогдох шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
  • Тус компани 2019-2023 онд 706.8 тэрбум төгрөгийн гурван гэрээ байгуулсан байна. Үүнээс 272.4 тэрбумыг нь санхүүжүүлсэн.
"Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулга нь ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндоржтой Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг аж.
•     •     •
12.30 цаг
"Алс групп" ХХК-ийн дараа "Хуа Еэ Интернэшнл" ХХК-ийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
  • Уг компани нь Өвөрмонголын "Хуа Еэ холдинг" ХХК-ийн охин компани юм байна. Ингээд 2022 онд машин механизм нийлүүлэхээр тендерт оролцож, зургаан багцад 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тендерийн гэрээг шалгаж үзэхэд хууль зөрчсөн дараах зөрчил илэрчээ.
  • Тендерийн гэрээ байгуулах эрхийг Сангийн яамнаас хязгаарласан байхад тендерийн гэрээ байгуулсан
  • Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө шинэчлэн хүргүүлэгүй
Шинжээч дүгнэлтээ танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авав.
Түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тендерийг 10.00 цагт нээх ёстой байдал 9.59 цагт тендерийн хорооны нарийн бичгийн дарга руу утасдаж, гомдол гарсан тул нээх хугацааг хойшлуулсан гэж байна. Хэн залгасан болоод хойшлуулсан юм бэ. Хойшлуулж байгаад техникийн тодорхойлолтуудыг өөрчилсөн гэж байна. Уг нь хуультай шүү дээ.
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Баярцэцэг: Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ тендер дээр гомдол гарч, ШӨХТГ-аас бичиг ирэх гэж байна, ямар бичиг юм бол гэсэн. Үүнийг тодруулах гээд өрөө рүү нь ороход утсаар ярьж байсан. Буцаад өрөөндөө ороход тендерийн нээх хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд мэйлээ харахад ШӨХТГ-ын байцаагч Даваажаргал гэдэг хүнээс 9.58 цагт албан бичиг ирсэн байсан. Үүнийг эхлээд Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ рүү явуулсан байсныг Бат-Эрдэнэ дарга над руу явуулсан байсан. Ингээд бичгийг судлахын тулд өөрчлөлтийн хүсэлт гаргаж зогсоосон. Тендерийн хуульд тендер нээх өглөө ШӨХТГ-аас албан бичиг явуулсан. Тус албан бичиг нь 2022 оны зургадугаар сарын 3-ны огноотой байсан. Энэ бичиг нь ЭТТ ХК-ийн бичиг хэргийн ажилтанд зургадугаар сарын 6-нд бүртгэгдсэн байдаг юм билээ. Энэ талаар үнэлгээний хороог хуралдуулах зар тавьж, ШӨХТГ-аас тайлбар авахаар болсон. Зургадугаар сарын 6-нд тендер нээх байхад зургадугаар сарын 3-ны өдрийн огноотой бичгээ 6-ны өдөр явуулсныг асуухад 9-ний өдөр ШӨХТГ-аас гомдол гарсан учир баримт бичгийг хянана, тиймээс түр түдгэлзүүлж байна гэсэн албан бичиг ирсэн. Ингээд бид бүх бичиг баримтаа хүргэж өгсөн.
Түр хорооны гишүүн Г.Ганболд: Энэ бол юун ногоон автобусын асуудал. Маш их мөнгө бараг их наяд юм байна. Техникүүдийг үзэхэд шаардага хангахгүй байна. Үүнийг ЭТТ ХК хүлээн авсан уу. Танайх хэр хохирч байгаа вэ. Мөнгөний хэдийг шилжүүлсэн бэ.
ЭТТ ХК-ийн Цогтцэций дэх салбарын захирал Л.Доржсүрэн: Гэрээний дагуу 80 техник нийлүүлэх ёстой. 2023 оны хоёрдугаар сард орж ирсэн 12 ачааны машин, нэг экскаватор, хоёр авто грейдер дээр үзлэг хийсэн шаардлага хангааүй. Ингээд шаардлага хангахгүй байна гэсэн мэдэгдлийг гуравдугаар сард хүргүүлсэн. Есдүгээр сард дахин үзлэг хийсэн, нийлүүлэгч талаас зөрчлийг арилгасан гэсэн байсан. Үзлэг хийхэд зөрчил арилсан байсан. Үүнээс хойш ажил хийгдээгүй. Үлдсэн нийлүүлэлтийг хэзээ хийх талаар ярилцаж байна. Тус компани руу мөнгө шилжүүлээгүй байна.
•     •     •
11.30 цаг
"Элгэ"н ХХК-тай холбоотой асуудлын дараа "Алс групп" ХХК-ийн уурхайн нүүрсэд шинжилгээ хийхтэй холбоотой тендер шалгаруулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
  • Уг компани ЭТТ ХК-ийн тендерт нийт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнийг хянан шалгахад дараах зөрчлүүд гарчээ.
  • 2012 онд 424 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед ижил төстэй гэрээ, гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй. Баримт бичгийг англи хэл дээр ирүүлсэн
  • 2013 онд 98.8 сая төгрөгийн болон 894.6 сая төгрөгийн гэрээг тус тус байгуулсан. Уг тендерийг эхлээд зарлахад тус компани материалын шаардлага хангаагүй учир татгалзсан. Хоёр дахь удаа зарлахад яг адилхан материал явуулсан байхад тендерийн гэрээ байгуулсан.
  • 2018 онд 3.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед татварын өртэй байхад нь тендерт шалгаруулсан.
Танилцуулгын дараа түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Компанийг татварын өртэй байхад нь тендерт шалгаруулж байна гэдэг бол тендерийн хороо улаан цайм хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Мөн баримт бичгийг англи хэл дээр ирүүлсэн байна.
Үнэлгээний хорооны гишүүн Билгүүн: Би 2019 оны тендерт үнэлгээний хороонд багтсан. Эдгээр гэрээний үед би үнэлгээний хороонд байгаагүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хамаг юмыг нь мэдэж байгаа Б.Ганхуяг оролцохгүй байгаа учир асуултад хариулах хүн олдохгүй байна. Түүнийг онлайнаар ч болтугай оруулах арга байхгүй юу?
Түр хорооны дарга Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Б.Ганхуягийн ар гэрийг Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Сонсголыг зогсоох санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид ийм ажлыг эрчимтэй хийж байна. Ш.Адьшааг хоёр дахь сонсгол дээр дуудна.
•     •     •
УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна. Мөн дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019
2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019
3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 2022
4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020
5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022
6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК
7. Моннис-Интернэшнл ХХК
8. Таван Толгой Оператор Түншлэл (Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК)
9. “Голден Лайт Групп” ХХК
10. “Ханзол” ХХК
11. “Түм арвижих” ХХК
12. “Анверса” ХХК
10.30 цаг
Эхлээд Элгэн ХХК-ийн 2011-2023 оны тендер сонгон шалгаруулалтад хэрхэн оролцсон талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
  • Өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад 14 удаа шалгарч, 28.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Энэхүү 14 тендерийг шалгаж үзэхэд дараах зөрчил гарчээ.
  • Тендерийн материал иж бүрдэл дутуу байна. Тодруулбал, нэг тендер хуульд нийцсэн. Бусад нь Тендерийн тухай хууль, журмыг хангахгүй байжээ.
  • Бортээгийн хайгуулын өрөмдлөгийн ажилд 5.9 тэрбум төгрөгийн гэрээ багйуулсан. 2014, 2015, 2016 онд 6.5 тэрбум төгрөгөөс доошгүй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх гэсэн шалгуурыг тус компани даваагүй байна. Мөн төслийн удирдагч нь шалгуур хангаагүй.
  • Цанхийн хайгуулын өрөмдлөг хийхэд 7.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Гэвч төслийн удирдагч нь мэргэжлээрээ 10 жил ажилласан эсэхэд баримт ирүүлээгүй. ШУТИС-ийг төгссөн гэх дипломын хуулбар ирүүлсэн ч харагдац муу байсан.
  • Тавантолгой ордын бусад хэсгийн хайгуулын өрөмдлөг хийхэд 9.2 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Төслийн удирдагч Ц.Ганхуяг нь гурван жилийн ажлын туршлагатай гэх материал илгээсэн нь журамд заасан таван жилийн шаардлагыг хангаагүй.
  • Нийтэд нь дүгнэж үзвэл, тендер шалгаруулалтыг хийхдээ баримт бичиг дутуу байхад, шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, гэрээ байгуулсан байна.
Үүний дараа түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав.
Түр хорооны гишүүн Г.Ганболд: Шинжээчид хэлэхэд, их сургуулийн диплом нь надад харагдахгүй байгаа учир хууль, журам зөрчсөн гэж хэлж болохгүй. Хүнийг нь дуудаад тодруулах бүрэн эрх нь та нарт байгаа. Шинжээч нарт дахин, дахин сануулъя. Энд компаниудын нэр хүнд яригдаж байна. Дүгнэлттэй холбогдуулан гарсан зөрчлийн талаар асууя. Гүйцэтгэлийн баталгаа хийгээгүй байхад урьдчилж гэрээ хийсэн асуудал удаа дараа гарлаа. Үүнд, тендерийн хороо тайлбар өг.
Мөн шинжээчээс асуухад, Элгэн ХХК хамгийн сүүлд 70 гаруй тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Тэр яагаад ороогүй вэ.
Одоогийн удирдлагуудаас асуухад, сүүлийн 70 тэрбумын тендер баталгаажсан уу?
Шинжээч: Сүүлийн 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх гэрээ нь Тендерийн хуулийн дагуу зохион байгуулаагүй. Төрийн нууцад хамруулаад зохион байгуулсан. Гэрээг цуцалж, ЭТТ ХК-аас АТГ-т хандсан юм байна лээ.
ЭТТ ХК-ийн Уул уурхай хэлтсийн дарга асан Анхбаяр: Компанийн дотоод журмын дагуу тус гэрээнүүд хэлтсүүдээр тойрдог. Хэлтэс бүр шалгах ёстой зүйлээ шалгадаг. Өнөөдөр худалдан авах газар болон хуулийн газраас гэрчээр ирээгүй байна. Миний хувьд 2019 оны тендерийн хорооны даргаар би ажилласан. Уг тендерийн дагуу би АТГ-т шалгагдсан. Шинжээч заавал нэг асуудал гаргаж ирэх гээд зүтгээд байгаа мэт харагдаж байна. Яагаад гэхээр тухайн үед АТГ намайг мэргэшсэн инженергүй газрыг шалгаруулсан байна гэж шалгасан. Тухайн үед би холбогдох материалаа АТГ-ын мөрдөгчид гаргаж өгсөн. Энэ асуудлыг шинжээч ярих байх гэтэл диплом нь харагдахгүй байна гэх мэт зүйл ярьж байна.
Түр хорооны гишүүн Г.Ганболд: Тэр гэрээг яагаад нууцад авсан бэ?
ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: Уг гэрээг 2022 оны аравдугаар сард байгуулсан байсан. Ямар нэг урьдчилгаа шилжүүлээгүй. Харин урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлэх оролдлого хийснийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллага шилжүүлсэн. Уг сонгон шалгаруулалтыг тендерийн хуулийг мөрдөлгүй зохион байгуулсан байсан. Уг хэргийг АТГ-т шилжүүлсэн. Одоо нууцаас гарсан. Энэ тендер нь далд уурхайн ажилтай холбоотой юм.
Түр хорооны гишүүн Г.Ганболд: Энэхүү гэрээний талаар мэдээлэл өгнө үү.
Элгэн ХХК-ийн үүсгэн байгуулагч Хүрэлбаатар: Нууцын зэрэглэлд авсан уг гэрээний урилгыг 2022 оны есдүгээр сарын 28-нд манай компанид мэдэгдсэн. Та нар оролцох уу, оролцоно гэвэл сонгон шалгаруулалтын бичиг баримтыг 20 сая төгрөгөөр буцаах нөхцөлгүйгээр өгөх зэрэг бусад зүйлсийг шаардсан. Үүний дагуу бид 20 сая төгрөгөө өгөө материалаа аравдугаар сарын 4-нд өгсөн. Тухайн үед нууцын зэрэглэлтэй сонгон шалгаруулалт юм байна гэдгийг мэдсэн. Бид хийдэг ажлаа хийхийг л зорьсон, хууль зөрчсөн зүйл байхгүй гэж боддог. Гэрээнд урьдчилгаа төлбөр олгоно гэсэн байсан. Мөн баталгаа шаардаагүй байсан. Гэхдээ бид банкнаас 28 тэрбум төгрөгийн зээл авах эрхтэй байсан. Бид зохих журмын дагуу орсон. Тагнуулд шалгуулж аюулгүй байдлын гэрчилгээ авсан. Гэрээнд 10 хоногт урьдчилгаа төлбөр өгнө гэж заасан тул нэхэмжлэхээ өгсөн. Гэхдээ үүнийг шилжүүлэх шилжүүлэхгүйг ЭТТ ХХК шийдэх ёстой. Үүнээс болоод компани хохирсон зүйл байхгүй. Гэрээг энэ оны нэгдүгээр сард цуцалсан.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн