Open iToim app
Ерөнхийлөгч | 3 мин уншина

Уур амьсгалын өөрчлөлт ба МОНГОЛ

Уур амьсгалын өөрчлөлт ба МОНГОЛ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 5
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо дэлхийн улс орнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 12 хоног хуралдана. Энэ сарын 1-нд эхэлсэн COP28-ын эхний гурвөн өдөр дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж өндөрлөсөн бөгөөд Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоод ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон жилээсээ эхлэн тус хуралд ач холбогдол өгч, гурван жил өөрийн биеэр оролцож байгаа юм. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй 10 орны нэг нь Монгол Улс ажээ. Тиймдээ ч сүүлийн  жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй  сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэт халалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт нэмэгджээ. Тодруулбал, Монгол орны газар нутгийн 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөд өртсөн байна. Хөрсний, биологийн олон янз байдлын доройтлын улмаас манай улс хоёр их наяд төгрөгийн үнэ бүхий хөрсөө алдсан судалгааны дүн гарчээ.
Манай орны агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй  жилд 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас 2.5 дахин  нэмэгдэж, хур тунадасны хэмжээ  жил бүр найман хувиар багассан байна. Аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, ой хээрийн түймэр гэх  мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн манай долоон аймаг мөнх цэвдгээ бүрэн алдсан байна. Цэвдгийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Энэ хэвээр явбал бид 2050 он гэхэд нийт цэвдгийнхээ 30-60 хувийг алдах эрсдэл бий.
Уур амьсгалын өөрчлөлт юунаас үүдэлтэй вэ? 
Уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх  шалтгаануудын нэг нь агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж буй хүний  үйл ажиллагаа юм. Газрын  тос, байгалийн хий, нүүрсийг шатаах үед хүлэмжийн хий ялгардаг. Хүлэмжийн хий  нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын  исэл, азон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Гэвч хүний буруутай үйл  ажиллагааны улмаас хүлэмжийн хийн  агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа нь манай гаригийн  температурыг нэмэгдүүлж, улмаар уур  амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байна.  
Хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг салбарууд
·         Аж үйлдвэрийн салбар  
·         Цахилгаан, дулааны  үйлдвэрлэл 
·         Тээврийн салбар  
·         Хог хаягдал  
·         Мал аж ахуй  
·         Хөдөө аж ахуй 
·         Шатахуун олборлох,  боловсруулах 
·         Ойн нөөцийн хомсдол
quote photo
Манай улсын долоон аймаг мөнх цэвдгээ бүрэн алдсан байна. Цэвдгийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Энэ хэвээр явбал бид 2050 он гэхэд нийт цэвдгийнхээ 30-60 хувийг алдах эрсдэл бий.
Улс орон бүхэнд хүлэмжийн хий ялгаруулдаг салбар бий. Манай улсын хувьд олон тооны мал нь хүлэмжийн хий ялгаруулж байна. Малын тоо толгой сүүлийн 30  жилд гурав дахин нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нүүрлэж байна. Тиймээс малын тоо толгойг бууруулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарчээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлт иргэн бүрийн амьдралд нөлөөлж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2009-2019 оны хооронд 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохиролтой учирсан талаарх мэдээллийг ОБЕГ-аас танилцуулсан.  2050 он гэхэд манай улсын агаарын хэм 2.6 градусаар дулаарна. Мөн хүйтний улирал 8-36 хоногоор багасаж, хуурайшилт ихэснэ. Хуурайшилт ихэссэнээр аадар борооны давтамж нэмэгдэнэ. Энэ нь байгалийн гамшгийн давтамжийг нэмэгдүүлэх эрсдэл бий.
Энэ жилийн COP28-ын онцлог нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг ярьж боллоо одоо хийцгээе гэсэн зарчмыг барьж буй. Энэ утгаараа хурал эхэлсэн эхний өдөр “Алдагдал ба хохирол”-ын санд 420 сая ам.доллар цугласан. Нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй, хөгжин буй орнуудад тус сангаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилт олгоно. Манай улс ч тус сангаас санхүүжилт авах боломжтой.
undefined
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн