Засгийн газраас авлигатай тэмцэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлигын хэргийг хянан хэлэлцдэг тусгай шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болоод байна. Өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байгаа бөгөөд АН-аас уг асуудлаар завсарлага аваад байна.
Тэгвэл авлигын хэргийн тусгай шүүх байгуулах эрх баригчдын бодлогын цаана хуулийн засаглалд маш том эрсдэл үүснэ гэдгийг хуульч, АН-ын гишүүн Х.Тэмүүжин анхааруулжээ.
Тэрээр "Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гаргаж байна. Үүн дээр АН гурван байр суурийг маш тодорхой илэрхийлсэн шийдэл хэлж байгаа юм.
Нэгд, Монгол Улсад авлига хавтгайрч, ужгирчихсан. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс бараг сүргээрээ/бүдүүлгээр хэлбэл/ хулгай хийж байгаа нөхцөлд авлигатай тэмцэх ажиллагааны ямар ч санаачилгыг эсэргүүцэх, улалдан зогсоох сонирхол АН-д байхгүй. Гэхдээ нэг асуудал байна. Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, ямар нэгэн байдлаар өөрсдийн авлигаа өөр аль нэг намын авлигач гэдэг нэр зүүсэн хүмүүсийг шийтгэх, онилох байдлаар бүдгэрүүлэх оролдлого хийх нь шударга зүйл биш.
Энэ Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж байгаа хонгил гэдэг зүйлийг маш богинохон, хурдан хугацаанд байгуулж, шинэ, супер хонгилын системийг л санаачилж байна. Авлигатай тэмцэх даганасан шүүх байгуултал Дээд шүүх давж заалдах шатны журмаар асуудлыг шийднэ гэдэг нь сонгуулиас өмнөх онилсон, чиглэсэн тодорхой хэргүүдийг нэн даруй шийд гэдэг шүүхийн тогтолцоог албан ёсоор хийх дүр зураг харагдаж байна. Шууд хэлбэл, улс төрийн захиалгаар хүссэн пиарынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох тийм улс төрийн шийдлийг Засгийн газар гаргаж байна.
Хоёрт, авлигатай тэмцэх даганасан шүүхийн асуудлыг 2015 онд судалж үзэж байсан. Тухайн үед дэлхийн 17 улсад авлигын хэргээр даганасан шүүх байсан. 2022 оны байдлаар 9 улс нэмэгдсэн байна.
Авлигын шүүх байгуулсан улсуудын үр нөлөөний судалгааг харахад, авлига буурсан гэдэг судалгаа гараагүй. Харин ч эсрэгээрээ үр дүн гарсан. Улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан богино хугацаанд буюу сонгуулийн цикль дотор улстөрчид нэг нэгнээ намнадаг гар хөл нь болдог шүүхийн тогтолцоо болж хувирсан гэдэг үнэлгээ гарсан.
2015 онд Монгол Улсад энэ чиглэлийн шүүхийг байгуулах судалгааг хийхэд хоёр дүгнэлт гарсан. Нэгд, Үндсэн хууль талаасаа сөрөг үнэлгээ гарсан. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48-р зүйл дээр “Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болно” гэж заасан. Шүүн таслах ажиллагааны төрөл гэдэгт нь, иргэний маргаан шийдвэрлэх төрөл байна. Энэ нь талууд өөрөө өөрсдийнхөө үндэслэлийг нотолно. Эрүүгийн маргааныг шийдвэрлэх шүүн таслах ажиллагааны төрөл байна. Хэн нэгнийг гэм буруутай гэдгийг төр буюу прокурор нотолно. Захиргааны маргааны шүүн таслах ажиллагааны төрөл байна. Захиргааны албан тушаалтан буруутай ажилласан эсэхийг шүүх нотолно гэдэг гурван ялгаатай төрөл байна. Энэ гурван ялгаатай төрлөөс гадна даганасан шүүх байгуулахыг Үндсэн хуулиар яг одоо хорьсон буюу боломжгүй. Үүнийг эрх баригчид мэдэж байгаа учраас “Авлигын даганасан шүү байгуултал” гэж оруулж ирж байгаад сонгууль хүртэл авлигын хэргийг Эрүүгийн давж заалдах шүүх шийднэ гэдэг байдлаар оруулж ирж байна. Ирэх онд болох сонгуулийг угтаж, тодорхой төрлийн онилсон хүмүүсээ шоронд явуулахын тулд ийм санаачилга гаргаж байна. Тэр дундаа сөрөг хүчний дургүйг нь хүргэж байгаа хүмүүсийг авлигын хэргээр амыг нь хааж, далд хийх боломж нь давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг шилжүүлж өгөөд, Дээд шүүх дээр эрх мэдлийг төвлөрүүлэх замаар маш богино хугацаанд хэргүүдийг шийдэх юм байна. Энэ сонголтоо зарлалаа. Энэ хэрэг үр дүнтэй байх дээр маргаан мэтгэлцээн гарах байха.
Хамгийн аюултай нь, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ санаа явж байсан. Үе үеийн Ерөнхийлөгч нар авлигатай тэмцэх нэрийдлээр Улсын дээд шүүх дээр эрх мэдлийг төвлөрүүлье гэдэг байсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгаж байгаа хэргүүдийг Дээд шүүх анхан шатны журмаар шийддэг болбол яасан юм бэ гэдэг санааг хөшигний ард байнга гаргадаг байсан. Харин "Ингэж болохгүй ээ, болгоомжтой хандах ёстой" гэдэг байр суурийг үе үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байнга гаргадаг байсан. Харамсалтай нь, энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн яам энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дээр байгаа алдаатай заалтыг амилуулах саналыг энэ Хууль зүйн яам гаргаснаараа өмнө нь бүх Ерөнхийлөгчийг хонгил угсардаг гэж шүүмжилдэг байсан бол одоо байгаа Ерөнхийлөгчид маш хурдтай супер хонгил угсрах боломжийг бий болгож өглөө.
Ийм хонгил Монгол Улсад бий болбол юу болох вэ гэдгийг маш энгийн хэлбэл, АТГ-ыг санаачилж байгуулсан хүн нь Н.Энхбаяр гэж хүн байсан. Санаачилж байгуулсан энэ механизмдаа хамгийн түрүүнд өртсөн том улстөрч нь Н.Энхбаяр өөрөө байсан. Тэгвэл хувь заяаны зохиолоор энэ удаа Б.Энхбаяр гэдэг хүн шүүх дээрх маш хүчтэй супер хонгилыг санаачлагч болж хувирлаа. Махчин тэжээж дарангуйлагчийг бүтээх болгонд тэр дарангуйлагч махчин хамгийн ойрхон байгаа хүмүүсээсээ эхэлж махчилдаг гэдэг үг байдаг. Магадгүй энэ хонгилоороо хамгийн түрүүнд орох хүмүүс нь энэ санаачлагчид өөрсдөө байж магадгүй шүү.
Энэ улс оронд шүүх систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос биш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үтэр түргэн там руу нь илгээх, дууг нь хаах хонгил байж болохгүй. Монгол бол хуулийн засаглал тогтоох гэж байгаа улс. Энэ хуулийн засаглалын хамгийн чухал үзүүлэлт нь улстөрчдөөс ангид, бие даасан, хараат бус шүүхийн тухай яриа. Ийм шүүхтэй байгаа цагт хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийгөө хаан гэж зарлаад, бусдыг хадаас гэж харахгүй байх боломжийг олгох гэж Монгол Улс явж байгаа. Харамсалтай нь, энэ хил хязгаарыг өнөөдрийн эрх баригчид, Засгийн газар задалж байна" гэлээ.