Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар түгжрэл, утааны асуудлыг хуулиар зохицуулахаар Засгийн газраар дамжуулан УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. УИХ Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Уг хуулийн төсөлд Улаанбаатар хотын тодорхой бүсийг төлбөртэй болгох, тус бүсээр өдөрт нэгээс олон удаа зорчвол 0-27,500 төгрөгөөр торгох заалт оруулсан нь нийгмийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан учраас Хотын дарга төлбөртэй бүсийн заалтаа эргүүлэн татаад байна.
Тэгвэл уг хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль төсөл нь такси үйлчилгээ эрхэлдэг олон мянган иргэний амьжиргааг тасалдуулах эрсдэлийг дагуулж байна.
Такси үйлчилгээг заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхлэхээр Авто тээврийн тухай хуульд оруулж байгаа аж. Тухайлбал,
Авто тээврийн тухай хуульд дараах заалтыг нэмэхээр тусгажээ.
2/15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсэг:
“15.9.Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно:
15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн боловсон хүчин, санхүүгийн чадавхитай байх;
15.9.3.техникийн оношлогоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;
15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;
15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;
15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.
15.10.Такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй, нэг өнгийн автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно” гэжээ.
Монгол Улсад бүртгэлтэй такси үйлчилгээний соёлыг технологиор дамжуулан нэвтрүүлж буй Юбикаб ХХК-д өнөөдөр 40 мянган жолооч бүртгэлтэй бөгөөд ихэнх нь өөрсдийн автомашинаараа үйлчилгээнд гардаг байна. Тэднийг нэгтгэдэг зүйл нь технологи юм. Тэгвэл дээрх хууль батлагдвал Юбикаб ХХК жолооч нараа нэг өнгийн тээврийн хэрэгслээр хангах шаардлагатай болох нь. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй 40 мянган жолооч нэг өнгөөр машинаа будах уу, нэг өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авах уу гэдэг сонголттой нүүр тулна гэсэн үг.
Харин хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг ирдэг зөвшөөрөлгүй бол таксинд явах боломжгүй болно. Хэрвээ иргэн зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хатуу заалтыг оруулж байгаа аж.
Хотын шинэ удирдлагуудын стандарт нэртэй нөгөө л хуучны арга болох "заавал нэг өнгийн тээврийн хэрэгслээр таксинд явна, хувийн машинаараа халтуур хийвэл торгоно" гэж байгаа шаардлагад жолооч нар эгдүүцэж байна.
Нөгөө талд “такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нэг өнгийн тээврийн хэрэгсэлтэй хуулийн этгээдэд олгоно” гэдгийн цаана хэн нэгний шахааны бизнес л цэцэглэнэ. Олон нийт өнөөдөр дөнгөж хуулийн төсөлтэй танилцаад ярьж байхад цаана чинь такси үйлчилгээний тусгай зөвшөөрлөө авч, нэг өнгийн тээврийн хэрэгсэл оруулж ирэх компаниуд бэлтгэлээ хангаад эхэлсэн сурагтай. Эхний ээлжид нэг өнгийн 5000 такси оруулж ирэх асуудал ч яригдаад амжиж. Тэгэхээр такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн цаана нөгөө ногоон автобусны хэрэг шиг эрх мэдэлтнүүдийн шахааны бизнес явж байх магадлалтай.
Өнөөдөр таски үйлчилгээ эрхэлж амьжиргаа, амьдралаа залгуулдаг олон хүн бий. Зарим төрийн албан хаагчид ч ажлаа тараад таксинд явж ипотекийн зээлээ төлж, хүүхдээ дугуйлан секцэнд явах төлбөрийг олдгоо хэлж байна.
Тэгэхээр дээрх хууль батлагдвал иргэн та халтуур хийх эрхгүй болно. Хүсвэл 5-10 сая төгрөгөөр такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах боломжийг нээнэ. Мэдээж такси үйлчилгээг бүртгэлтэй, камертай болгох нь иргэний аюулгүй байдлаа бодсон ч зөв. Уг нь таксиг бүртгэх, хяналтыг цахимжуулахад тийм их зардал, мөнгө гарахгүйгээр шийдэж болмоор. Үүнийг нэвтрүүлсэн Юбикабынхнаас зөвлөх үйлчилгээ аваад хувийн такси үйлчилгээ эрхлэгчдээ бүртгээд, стандартыг нь мөрдүүлэх боломж ч бий.
Гэтэл таксинд явж байгаа машиныг нь солино, нэг өнгийн тээврийн хэрэгсэлтэй хуулийн этгээд л такси үйлчилгээ эрхэлнэ гэдэг нь эсрэгээрээ нөгөө л автомашины тоог нэмэх бизнес бус уу.