Монголын бурхан шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн XXX дахь тэргүүн их хамбыг сэнтийд нь залах ёслол боллоо. Төв-Гандантэгчэнлин хийдийн XXX их хамбаар гэвш, лхаарамба Д.Жавзандоржийг сонгосон билээ.
Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар 31 жил ажилласан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц болон лам хуврагууд шинээр сонгогдсон их хамбадаа хүндэтгэл үзүүлж, Мандал өргөсний дараа XXX дахь тэргүүн их хамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд хандан айлдвар өргөлөө.
Тэргүүн их хамба Д.Жавзандорж: Авралт багш гурван эрдэнэ дор гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе, болгоон соёрхоно уу.
Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, бурхан шашинтны хутагт хувилгаад, гэвш, лхаарамба, гавж, хийдүүдийн хамба, лам хуврагууд, гадаад орнуудын Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч сүсэгтэн олон та бүхэндээ 17-р жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билигт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын бурхан шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба Номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхан шашны соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна.
Энэхүү албанд итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, XXVIV Хамба Номун хан, хансүр гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас ерөөж, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.
Их монгол орноо бурханы шашны соёл хэдэнтэй дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ.
Бурхан багш бээр “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ” хэмээн бошиглон зарлигсны дагуу бурханы шашин Энэтхэгээс Төвд, Төвдөөс Монголд дэлгэрэхэд ажил, зүдгэрлийг умартан хичээн зүтгэсэн Монголын анхдугаар богд, өндөр гэгээн Занабазар тэргүүтэй исэх дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирмой.
Өнөө цагийн Монголын бурхан шашны тэргүүн, дээрхийн гэгээн оройн дээд Очирдарь, 10-р Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчиг дээдэс, хутагт хувилгаад, хамба, гэвш, гавж тэргүүтэй лам хуваргуудын бурханы шашны төлөө зохиож буй үйл бүхэнд даган баясая.
Бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон асуудал, бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.
Тэргүүн их хамба Д.Жавзандорж:
Бурхан багш дөрвөн үнэний сургаал айлдахдаа “Бидний хүсдэггүй зовлон өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлонг хүсдэггүй хэн бүхэн муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад, түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн билгэ ухаан, бусдыг энэрэн нигүүлсэн сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болох ёстой шүү, өөрөө сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй” хэмээн айлдсан. Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон асуудал, бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.
Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин цагийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талд үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурханы сургаал номлолыг эх хэлээрээ унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлыг та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая.
Болгооч багшийн өлмий батжин, билгүүнт хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж зовлонгоос хагацуулагч бурханы шашин дэлгэрэх болтугай” гэлээ.