Open iToim app
Анализ | 4 мин уншина

“Оюу толгой”-н хамаарал

“Оюу толгой”-н хамаарал
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 15
Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтайг бүгд мэднэ. Баялгийн эзэн нэрээр жил бүрийн төсвөө нүүрс, зэсэндээ найдаж тэлнэ, орлогыг нь урьдчилж авна, барьцаалж өр тавина. Ялангуяа төрийн тодотголтой үйлдвэр, уурхайгаас олсон орлого ёроолгүй саванд ус хийхтэй адил замхрах нь олонтаа. Уг нь Монгол Улсын хөгжлийн тулгуур нь уул уурхай гэдэг ч үе үеийн эрх баригчид улсынхаа хөгжилд биш, өөрсдийгөө угжих хэрэгсэл болгож байгаад иргэд ундуйцаж, уул уурхайг эсэргүүцэх нь нэмэгдсэн. Үнэндээ, үе, үеийн Засгийн газрын мөнгөний машин нь Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой болдог. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө улсаа хөгжүүлснээрээ уралдах ёстой байтал хэн нь их, бага идсэнээрээ л уралддаг боллоо.
Одоо Монголчуудад уул уурхай бол хөгжлийн тулгуур гэдгийг батлах төсөл Оюу толгой л байна.  Уг төслийг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл олны дунд бий. Гэхдээ саараасаа сайн нь илүү. Оюу толгойн хөрөнгө оруулагчид өмнийн говьд 14 жил тасралтгүй бүтээн байгуулалт өрнүүлж, Монголд шинэ технологи, шилдэг инновацыг нэвтрүүлж буй нь гарцаагүй үнэн. Өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор 1300 метрийн гүнээс хүдрийн тасралтгүй олборлолтыг эхлүүлж, Монголчуудыг ирэх 50, 100 жил тэжээх үүцээ задлаад буй.
Хүнээр зүйрлэвэл, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол хийдгээ хийсэн, гавьяаны амралт руугаа дөхөж яваа хижээл насны хүн. Харин Оюу толгой бол дөнгөж өсвөр насныхаа дунд үед яваа нэгэн. Оюу толгойн залуу нас, ид үе 2028 оноос эхэлнэ. Тодруулбал, Оюу толгойн уурхай бүрэн хүчин чадлаараа 2028 оноос ажиллаж, дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болох зам руу орно.
2009 оноос өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийг дагаж 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улс руу орж, эдийн засагт дараах хамаарлыг үүсгэжээ.
20 мянган ажилчны хамаарал
 -Хамгийн сүүлийн статистикаар Оюу толгойд ажиллаж байгаа ажилчдын тоо 20 мянга давжээ. Нэг ажилчны цаана 2-3 ам бүлтэй нэг өрх бий гэж тооцвол 50-60 мянган иргэний амьдрал ахуй энэ төслөөс хамааралтай болсон байна. Нийт ажилчдын 97.2 хувь нь монгол ажилчид байгаагаас 23.4 хувь эмэгтэй ажилчид байгаа юм. Тус компани эмэгтэй ажилчдын тоогоо 50 хувьд хүргэх зорилттой ажиллаж буй.
 812 мянган ханган нийлүүлэгчийн хамаарал
-Өнөөгийн үнэ цэнээр тооцвол 15 тэрбум ам.доллар 51.6 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Үүний 75 хувь нь аж ахуйн нэгж байгууллагуудад, 19 хувь улсын төсөвт төлсөн татвар хураамж, 6 хувь цалинд хуваарилагджээ. Оюу толгой өнгөрсөн 14 жилд дотоодын ханган нийлүүлэгч компаниудаас 27 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан байна. 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 812 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаагаас 704 дотоодын худалдан авагчид байна. Эдгээр ханган нийлүүлэгчдээр дамжуулан олон мянган дам ажлын байр, татварын нөлөөг болгосон гэсэн үг.
 Орон нутгийн хамаарал
-Өмнөговь, Ханбогд сумын төсөв, хөгжлийн тулгуур нь Оюу толгойтой шууд хамааралтай байна. Татвар хураамжаас гадна Оюу толгойгоос зөвхөн орон нутгийн хөгжлийг дэмжиж 26.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Үүний 43 хувь дэд бүтцийг дэмжихэд, 39 хувь нь боловсролыг дэмжихэд зарцуулагдсан байна. Энэ хугацаанд зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс 3.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн тооцоо гарчээ.
Хэрвээ Оюу толгой төсөл хэрэгжээгүй бол Өмнөговь аймгийн ДНБ, төсвийн орлого 50 хувийн бууралттай байх байсныг МУИС-ийн Эдийн засгийн тэнхмээс гаргасан судалгаанд дурдсан байна.
 Эдийн засгийн өсөлт болон татварын хамаарал
-Монголын эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ий 12 хувь, нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 хувийг Оюу толгой төслөөс бүрдүүлж байгааг Монголбанкнаас мэдээлж байсан. Энэ нөлөөлөл цаашид улам л өснө.
Оюу толгой 2009 оноос хойш 9.9 их наяд төгрөг буюу 2.8 тэрбум ам.долларын татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 2023 оны эхний гурван улиралд татвар хураамжинд 1 их наяд төгрөг төлсөн байна. Оюу толгой Эрдэнэтээс бага татварын орлого төвлөрүүлж байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл удахгүй Оюу толгой татвар төлөлтөөрөө улсдаа тэргүүлнэ гэдгийг Рио Тинто Монгол ХХК-ийн захирал Х.Амаржаргал мэдэгдсэн байна.
 Дэлхийн зэсийн хамаарал
-Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан тасралтгүй өсч байна. Энэ хэрэглээг дагаж дэлхий дэх Оюу толгойн хамаарал нэмэгдэнэ. Оюу толгой 2028 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээг хангах дөрөв дэх том тоглогч болох юм.
Дээрхийг дүгнэхэд, Оюу толгойн үндэсний эдийн засагт оруулж буй хувь нэмэр улам бүр нэмэгдэж байна. Гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах 2028 оноос Монголын эдийн засаг дахь Оюу толгойн хамаарал бүр “томорно”. Иймд  Оюу толгойг Монголын хөгжлийн тулгуур бөгөөд эдийн засагт үзүүлж хувь нэмрийг нь бусад салбаруудыг хөгжүүлэх хөдөлгүүр болгон ашиглах нь чухал юм.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн