Сүүлийн үед цахим сүлжээнд үсчдийн болон иргэдийн өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсээр контент бүтээж буй Jonnys Barber shop Mongolia-ийн барбер С.Баатарзул, Б.Энхболд нартой ярилцлаа. -Хэзээ, хаана, яаж үс засахыг сурсан бэ?
-С.Баатарзул: Би 2019 онд цэрэгт явж ирээд энэ салбарт орсон. Манай нэг эгч үсчинд ажилладаг байсан юм. Тэр үед намайг "ирж ажилла" гэхээр нь очиж угаагч хийгээд, тэрнээс хойш суралцаж явсаар энэ хүрсэн байна.
-Б.Энхболд: Миний хувьд 2015 онд арван жилээ төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу МСҮТ-ийн үсчний насанд хүрэгчдийн ангид суралцсан. Тэнд сурч төгсөхдөө сертификат олгодог учраас шалгалт дээр нь энд тэндэхийн салоноос хөндлөнгийн шүүгчээр ажиллахаар хүмүүс ирдэг. Тэр үед нэгдүгээр хороололд байдаг нэг салоноос урилга авч, үсчний гараагаа эхэлж байсан даа.
-Одоо хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Б.Энхболд: 2016 оноос хойш гэхээр долоон жил ажиллаж байна.
-С.Баатарзул: Би 2019 онд цэргээс халагдсанаас хойш гэхээр дөрөв, таван жил ажиллаж байгаа гэсэн үг.
-Эрэгтэй үсчин эмэгтэй үсчнээс илүү мэдрэмжтэй гэдэг шүү дээ. Ер нь, эрэгтэй үсчний давуу болон сул тал нь юу байх уу?
-С.Баатарзул: Эрэгтэй хүүхэд бүр багадаа үсээрээ тоглуулж байсан байх. Биднийг жоохон байхад мэргэжлийн үсчин гэж бараг байхгүй байсан. Сандал дээр суугаад л сурагч халимаг гэдэг ч юм уу. Тийм засалт хийлгэдэг байсан. Харин одоо үе арай өөр болчихсон. Ер нь, тоглуулаад үзчихсэн болоод ч тэр үү үсийг нь гоё засаж өгье гэсэн бодол байдаг даа. Нөгөө хүнээ сэгсийгээд орж ирэхэд нь гоё болгоод гаргахдаа л кайф авдаг.
-Б.Энхболд: Би арван жилдээ үсээ засуулахдаа байнга суугаад л босчихдог байсан. Гоё засуулна гэсэн ойлголт байхгүй хайрцаглагдсан нэг засалттай байлаа. Харин үсчнээр ажиллаж, барууны барбер урсгалын түүхийг нь судалсан л даа. Өөрөө тогоонд нь орсон учраас судлах нь зүй ёсных байх. Жишээлбэл, хүмүүс барбер шоп болон салоныг юугаараа ялгаатайг нь тэр бүр мэддэггүй. Нэгд, барбер шоп бол салоныг бодвол арай өөр. Салонуудын тухайд сам тавьж, нэг машинаар засдаг шүү дээ. Харин барберуудын хувьд илүү олон багажаар уусгалтыг нарийн түвшинд хийж, зураасыг хэрхэн яаж уусгах тал дээр сайн анхаардаг. Үүний үүх түүх нь гэвэл дээр үед барберууд нь эмч байсан юм. Дайны үед шархадсан цэргүүдийн шархыг бинтээр дарж, цусыг нь тогтоодог хүмүүс нь барбер гэсэн үг. Гэхдээ улс улсын түүхэнд өөр өөр онцлогтой байдаг. Цаг хугацаа өнгөрч одоогийн нийгэмд зөвхөн эрэгтэйчүүдийн үйлчлүүлдэг газрыг л барбер шоп гэж нэрлээд байгаа л даа. Миний хувьд анхнаасаа мэргэжилдээ дурлаж, ажиллаад одоо найм дахь жил рүүгээ орж байна.

С.Баатарзул
-Тоглуулж байсан гэсэн дээ. Өөрөө тоглож байв уу, үсчин болсноос хойш?
-С.Баатарзул: Эхний нэг жил бол тоглосон. Хусаж л явлаа. Ялангуяа эрэгтэй хүнд үс гэдэг чинь нарийн зүйл шүү дээ. Үсээ засуулах нь эрэгтэй хүний хувьд нүүр будах л ижил зүйл. Үсээ засуулсны дараа арай өнгө ордог, охидууд хөөрхөн хардаг гэдэг ч юм уу. Ер нь, эхний нэг жил сурж, “нүдэж” байгаад хоёр дахь жилээсээ ойлгож, гайгүй болсон байх. Одоо Jonnys Barber shop Mongolia-д ороод хоёр, гурав дахь жилдээ болж байна. Манай хүн тоглож байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. -Б.Энхболд: Би нэг удаа үйлчлүүлэгчдээ нэлээд загнуулж байсан юм. Тэр үйлчлүүлэгч нь жоохон хүүхэд байсан. Юу болсон гэхээр нэг бичлэг үзээд үсний машиныхаа улыг салгаж авч байгаад урд талын улыг нь урагшлуулж байсан юм. Тэгж урагшлуулж, уусгалтаа дуусгаад “За ахын дүү хоёулаа угаагаадахъя” гэсэн чинь хоёр тал нь зүсэгдчихсэн байсан. Гэхдээ сандлаас буухдаа зүгээр байсан хэр нь аавыгаа хараад уйлаад эхэлсэн. Тэгээд аав нь яасан, юу болсон гээд хоёр талын зүсэгдсэн байсныг нь хараад уурлаад бөөн юм болсон. Угаасаа ямар ч аав уурлана шүү дээ. Тэгж хүчтэй хоёр алгадуулж билээ. Тэрнээс хойш ер нь өөрийгөө шинэчилж, сайжрахгүй бол болохгүй байгаа юм байна гэж бодож байсан.
-Та хоёр өөрсдийнхөө чанар чансааг шалгаж тэмцээн уралдаанд орж байв уу?
-С.Баатарзул: Үзэж байгаагүй. Монголын барбер шоп, үсчний холбоо хоёр тусдаа байдаг л гэж боддог. Mongolian barber shop-с нэг тэмцээн зохиодог. Гэхдээ тэр тэмцээнд нь хараахан орж амжаагүй, өөр өөрсдийнхөө юмыг хийгээд явж байна.
-Сүүлийн үед контент хийгээд байгаа шүү дээ. Тэр талаараа яривал?
-С.Баатарзул: Манайх тусдаа "Urban nomad media" гээд бичлэг хийдэг студи, багтай. Манай пэйж рүү ороод ухаад үзвэл чанартай бичлэг их байгаа. Чанартай гэдэг нь стандартын дагуу бичлэг. Гэтэл тэр бичлэгийн хандалт огт явдаггүй. Аль дээр хийсэн бичлэг гэхэд л 10 мянган хүн үзсэн байдаг. Тийм болохоор сүүлийн нэг жил хэрийн хугацаанд иргэд чанартай зүйлд дуртай биш юм байна гээд хөгжилтэй, тэнэг зүйл хийж үзье гэсэн санаа орж ирсэн. Тэгээд л найзынхаа үсийг хусаад эхэлсэн дээ. Ер нь, бичлэг дээр үсээ хусаж байгаа хүн бүр, үсээ “эвдүүлж” байгаа хүн бүр өөрөө тийм болгох гэж байгаа хүн байдаг шүү. Жишээлбэл, манай найз үсээ хусуулмаар байна гэвэл зүгээр хусахгүй шүү гээд нэг контент болгож байгаа хэрэг. Тэгж хийснээсээ хойш барбер шопт болдог хажуугаас нь бага авчихаарай гэхээр их авдаг гэдэг ч юм уу. Ийм зүйлээс жишээ татаад видео хийгээд байгаа юм.

Б.Энхболд
-Түүх соёлыг нь хүртэл судлаад явж байгаа хүний хувьд цахим орчинд тархсан “Ажилгүй байснаас үсний машин авч өгөөд орлоготой болгоно” гэдэг үгийг хараад юу бодсон бэ?
-Б.Энхболд: Надад бол онцгүй санагдсан. Барбер шоп, салон гээд хоёр урсгал гарч ирчихээд байна шүү дээ. Бид өөрсдийнхөө жишээ нь дээр авч үзвэл барбер шоп бол зөвхөн эрчүүдэд чиглэсэн, үйлчилдэг газар. Гэтэл эрчүүд стресс бухимдалтай, утаатай, түгжрэлтэй Монголын нөхцөлд яаж ажиллаж амьдарч байгаа билээ. Янз бүрийн ажил, амьдарлтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн орж ирээд тайвширдаг, өнгө зүс ордог, хэнд ч ярьж чаддаггүй зүйлээ орж ирж ярьдаг газар бол барбер шоп. Ямар сайндаа манай нэг үйлчлүүлэгч “Хөгшөөн чам дээр ирж үсээ засуулчихаар сайхан давс, хужир нь таарсан цуйван идсэн юм шиг болдог” гэж хэлж байсан. Их нарийн зүйл байгаа биз дээ. Гэтэл биднийг жоохон муухай хэлчихсэн тэр сайд. Бидний мэргэжилдээ дуртай байх мэдрэмжийг унагаасан гэсэн үг. Зүгээр нэг машин аваад үс засчихдаг гэдэг ойлголттой байх шиг байна. Үгүй, энэ бол маш их цагийн оролдлого, нухалт. Олон хүний үсийг засаж алдаж оносны үр дүн. Надад анх үс засахыг зааж сургасан хүн “Эрэгтэй хүний тэргүүнд хүрч байна гэдэг хамгийн хүндтэй зүйл шүү” гэж байсан юм. Ямар ч эр хүн тэргүүндээ хамаагүй хүн хүргэдэггүй. Тиймээс бид гоо зүйн талаас нь үйлчилж байгаа учраас өөрсдийгөө сайн бэлтгэх хэрэгтэй. Зарим хүн "Хөгшөөн чи сард мөнгө сайн олж байгаа биз дээ. Та хоёрын бичлэгийг олон хүн үзээд сайн явж байна” гээд амархнаар бодоод байдаг. Үүний ард маш олон хүний заавар зөвлөгөө, тусламж, он цаг хугацаа байгаа. Тийм болохоор сайдын хэлсэнчлэн үсний машин авч өгөөд хүн болгоныг орлоготой болгоно гэдэг бүтэхгүй зүйл.
С.Баатарзул: : Амархан үсчин болно гэж бодоод, үсчин болчихсон байгаа хүмүүс баахан хүний толгойгоор тоглоод л явж байна. Тэгэхээр ялгах л хэрэгтэй. Гэхдээ бидний хувьд өөрийнхөө үнэ цэнийг бүтээх ёстой юм болов уу гэж боддог. Миний хүн үнэ цэн бол тухайн үйлчлүүлэгчийн үсийг цаг, хоёр цаг, арван минут засах нь хамаагүй. Гол нь сэтгэлээ шингээж, тултал нь үйлчлэх юм бол дараа дараагийн үйлчлүүлэгчид зорьж ирнэ байх. Ер нь, дуртай зүйлээ хийж байгаа болохоор нэг их хэцүү санагддаггүй.
Б.Энхболд: Монголд одоо л барбер урсгал хөгжиж байна. Миний ажиглаж байгаагаар иргэд мэдлэг дутуу байгаа юм шиг санагдсан. Юун дээр мэдэгдэж байна вэ гэхээр гадаадад аялж, амьдарч байгаад ирсэн, Монголд дөрвөн уулын дунд байдаг хүмүүсийн ялгаа нь өндөр байдаг. Монголд байдаг хүн бол гурван талаа нимгэлж засуулаад болчихно. Харин АНУ-д арван жил амьдарч байгаад ирсэн хүн байлаа гэхэд өөр оронд контент, бичлэг үздэг учраас засуулах уусгалт, соёл нь хүртэл өөр харагддаг. Адаглаад гарахдаа үнэхээр гоё боллоо гээд 10 мянган төгрөг өгөөд сайхан кофе аваад уугаарай гээд нээлттэй байдаг. Ядаж засуулах гэж байгаа засалтаа мэддэг. Энэ талаараа ялгаатай байдаг учраас үүнийг мэдүүлэх зорилготойгоор бид контент хийж байгаа.