Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Гаднын томоохон хэвлэлүүд Монголын циркчид болон балгас болсон барилгын асуудлыг хөнджээ

Гаднын томоохон хэвлэлүүд Монголын циркчид болон балгас болсон барилгын асуудлыг хөнджээ
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 17
Асашёрюү Д.Дагвадорж дэлхийн цирк байгуулна гэж хэлээд 2008 онд циркийг хувьчилж авч байв. Гэвч АСА аварга циркийг хувьчилсан цагаасаа хойш өөр зориулалтаар ашиглаж, паб цэнгээний газар ажиллуулж байгаад 2020 оны долдугаар сард засвар эхлүүлж, циркчдийг “гудамжинд гаргасан”.
Циркийн барилга балгас болж, циркийн урлагынхан стандарт бус эрсдэлтэй нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа талаар бид өмнө нь хэд хэдэн удаа сурвалжилж байв. Манай редакц 2022 оны долдугаар сард циркийн барилгын ажлын талаар сурвалжлага бэлдэх үед АСА циркийн зүгээс 2023 оны хавар гэхэд засварын ажил дуусна гэх мэдээллийг өгч байсан юм. Гэвч 2023 оны намар болоход циркийн засвар дуусаагүй хэвээрэй, циркчид гудамжинд, барилга нь балгас болов.
Тэгвэл хувьчилсан эзэн нь хаяж, салбарын сайд нь хүртэл анхаарахгүй орхисон Монголын циркийн нөхцөл байдлын талаар Францын “Agence France-Presse”, Английн “The Telegraph”, Германы “Deutsche Welle”, Хонконгийн “South China Morning Post” зэрэг дэлхийн нэр хүндтэй, томоохон хэвлэлүүд сурвалжилсан байна. Тэд Монголын циркийг аврах асуудлыг хөндөж, гол нь хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг харуулжээ.
Гаднын хэвлэлүүд мэдээлэхдээ "Монголын циркчид 100 жилийн настай хуучин циркийн барилгыг түрээсэлж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тэдэнд орчин үеийн өөрийн гэсэн байр байхгүй. Стандартын шаардлага хангахгүй балгас болчихсон хуучин циркийн энэхүү бэлтгэлийн заалнаас дэлхийн хамгийн алдартай “Cirque Du Soleil” циркийн олон уран бүтээлч төрөн гарсан. Монголдоо ганц гэгдэж байсан циркийн барилга үгүй болсноор Монголын залуу үеийн циркчид өнөөдөр мэргэжлийн хяналтын дүгнэлтээр нурах эрсдэлтэй гэж тогтоосон байранд бэлтгэл сургуулилт хийж байна.
Ирээдүйд олон улсын циркчин болж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргах мөрөөдөлтэй өсвөр насны олон хүүхэд хана таазны будаг нь хуурсан, хэзээ мөдгүй нурах дөхсөн аюултай орчин нөхцөлд бэлтгэл сургуулилт хийж байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчиж байна" зэргээр асуудлыг хөндсөн байна.
Ганц стандартын зориулалтаар баригдсан циркийн барилгаа Монголын эрх баригчид 2008 онд зарсан ч өнөөдрийг хүртэл зориулалтаар нь ашиглаж чадахгүй, циркчид эрүүл мэнд, амь насанд нь эрсдэлтэй орчинд бэлтгэл сургуулилт хийж байгааг онцолжээ.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн