Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

Монгол Улсад 11 эмэгтэй тутмын найм нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг

Монгол Улсад 11 эмэгтэй тутмын найм нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 9
Хэн нэгэн таныг сонсохыг хүсээгүй байхад онигоо ярих нь хүртэл бэлгийн дарамт болдог гэдгийг та мэдэх үү.
Бидний өдөр тутмын амьдралд хэвийн мэтээр ойлгогдож дасал болсон зүйлүүд ч бэлгийн дарамтын нэг хэлбэр байдаг. Олон нийтийн хувьд бэлгийн дарамтыг эмзэг эрхтэн болон биед хүрэх, хүчирхийлэх үйлдэл хийж байж л жинхэнэ утгаараа бэлгийн дарамт болно хэмээн ойлгож, хүлцэнгүй байх нь элбэг. Тэгвэл бэлгийн агуулгатай хошигнол, онигоо ярих, таагүй санаархлаар ширтэх, дургүй байсан ч дахин дахин болзоонд урих зэрэг нь хүртэл бэлгийн дарамт болдог аж. Тэр дундаа манай улсад ажлын байрны бэлгийн дарамт их байдаг гэсэн судалгаа бий.
Хуулийн томъёолол: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” хэмээн тусгасан байдаг.
Иймээс Монголын эмэгтэйчүүдийн сан, Ажлын байран дахь бэлгийн дарамттай/Цаашид АББД гэж товчилно/ тэмцэх ТББ-ын эвслээс хийсэн цахим судалгаагаар Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ. Түүнчлэн, судалгаанд оролцогч 1120 хүний 805 нь буюу 82.1 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх хариултыг өгсөн байна. 11 эмэгтэй тутмын найм нь өртсөн гэсэн үг л дээ.
Тэгвэл бэлгийн дарамтыг хэн, хэрхэн үйлдэж байна вэ. Тухайлбал, үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд. Тэр дундаа удирдах албан тушаалтан аж. Тэдний 87.4 хувь нь дээд боловсролтой атлаа дээд боловсролоо бэлгийн дарамтыг бий болгохдоо л "дээд" хэмжээнд ашиглаж байна. АББД-ыг үзүүлэхдээ хүсэл мөрөөдөлд нь тулгуурлах, барьцаалах, амлалт өгөх, тулган шаардах, айлган сүрдүүлэх байдлаар эрхшээлдээ оруулах нь түгээмэл. Яг энэ нөхцөлтэй тулгарч, бэлгийн дарамтад орж байсан, байгаа олон жишээ бий. Тэдгээрийн нэгээс хүргэвэл,
Кейс: Манай хэлтсийн дарга нурууг минь илэх, "чиний талд шүү, "янз бүрийн асуудал гарвал хэлээрэй", "ажил хүнд байвал сольж өгнө" гэх мэтээр бэлгийн дарамтын сэдэлтэй үйлдлүүд үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөхгүй болохоор "чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү" гэж утсаар ярьж, мессеж бичдэг. Нэг удаа даргыг дуудахад би хамт ажилладаг найз эмэгтэйдээ бүх үнэнийг хэлээд дагуулаад очсон бөгөөд дараа тэр эмэгтэйг ажлаас халсан. Түүнээс хойш дарга надад "Энэ галзуу солиотой эмэгтэй намайг гүтгэсэн" гэдэг нэр зүүж, ажлаа хийх нөхцөлгүй болгож, хамт олонд намайг буруугаар ойлгуулсан. Намайг манай ажлынхан сонин харцаар харж, буруутгасан тул даргаас ирсэн мессежийг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. ..дугаарын утаснаас "даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Чи даргатайгаа хэзээ уулзах юм? Чамайг дөрвөн жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй. Чи халагдсан, муу новш, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй." гэх зэргээр 48 мессежийг дарга надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан.
Энэ бол хүний эрхийн том зөрчил. Зөрчлийг судалж, сургалт, сурталчилгаа хийж, хууль эрхзүйн орчинг бий болгож байж л арилах учиртай.
Х.Мөнхзул
Х.Мөнхзул
АББД-ын эсрэг нарийн зохицуулалтыг тусгаагүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ
Х.Мөнхзул
ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул: ХЭҮК-оос төрийн захиргааны алба хаагч 3000 эмэгтэйг хамруулан ажлын байрны бэлгийн дарамтын ойлголт, мэдлэг, хандлагын судалгааг явуулсан. Энэ судалгааны үр дүнгээс харвал долоон эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ойлголт, мэдлэг муу байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, юуг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэх вэ гэдэг ойлголт муу байна. Жишээлбэл, АББД-ын үндсэн шинж нь хохирогчийг хүсээгүй байхад үйлдэгддэг гэдгээрээ онцлог. Хүсээгүй байхад нь бэлгийн сэдлийг амаар болон биеэр илэрхийлж байгаа үйлдлийн асуудал гэсэн үг. Мөн судалгаагаар эмэгтэйчүүд өөрсдөө АББД-ын зарим хүлээн зөвшөөрч болохгүй үйлдлийг байдаг л зүйл, байх ёстой зүйл гэж хүлээн зөвшөөрсөн хандлагууд байна. Тухайлбал, хүсээгүй байхад нь хэн нэгэн болзоонд урих нь байдаг л зүйл гэж хүлээж авдаг. Гэтэл тийм биш. Тэгэхээр судалгаагаар АББД-ын ойлголт, мэдлэг төр хувийн хэвшлийн байгууллагад хангалтгүй байна.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байран дээр дарамт, хүчирхийлэл байхгүй ёсгүй, хүний эрхийн ноцтой зөрчил болохыг хүлээн зөвшөөрч тусгайлсан зохицуулалтыг бий болгосон. Үүний хүрээнд ажил олгогч АББД-аас урьдчилан сэргийлэх, АББД гарсан бол таслан зогсоох арга хэмжээ авах, дарамтгүй орчин нөхцөлийг бий болгох үүргийг хүлээсэн байгаа. Харамсалтай нь, ХЭҮК-ын хяналт шалгалтаас харахад ажил олгогчийн мэдлэг дутмаг, үүргээ гүйцэтгэхгүй байна. Жишээлбэл, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа АББД-ыг хориглож, байгууллага дотроо яаж, хэн шийдвэрлэхийг тусгах ёстой. Ёс зүйн хороо шийдвэрлэх юм уу, удирдлагууд шийдвэрлэх юм уу. Иймэрхүү нарийн зохицуулалтыг тусгаагүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр байгаа хэр нь хөдөлмөр хяналтын байгууллагууд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан ААН, байгууллага байхгүй байна.  
АББД даамжрах шалтгаан нь юу вэ?
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ажлын байрны бэлгийн дарамт даамжрах болсон хэд хэдэн шалтгаантай.
Нэгд, ажлын байран дахь бэлгийн дарамтын ойлголт мэдээлэлгүй, зарим үйлдлийг нь хүлээн, зөвшөөрсөнтэй холбоотой даамжирч байна. Тухайлбал,
Таалагдсан эмэгтэйгээ дургүй байсан ч удаа дараа болзоонд урих, халамж анхаарал тавихыг хайр дурлалын хэрэг гэж зөвшөөрсөн. /нийт эмэгтэйчүүдийн 62 хувь/ Гэхдээ хот хөдөө, яам, ТГ ялгаатай
Ажлын газрынхан инээж наргихдаа бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих байдаг л зүйл гэх хандлага. /нийт эмэгтэйчүүдийн 70 хувь/
Бэлгийн шинжтэй байнга асуулт асуух

Таагүй санаархлаар удаан ширтэх
Хоёрт, хууль тогтоомж, хаана, хэнд хандах талаар мэдээлэлгүй байдлаас үүдэлтэй. Тухайлбал, ажлын байран дахь бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн судалгаагаар Төрийн захиргааны алба хаагчдын дунд бэлгийн дарамтын үйлдлүүдийн талаар мэдлэг ойлголт дутмаг гэх дүн гарсан. Мөн судалгаанд оролцогчдын зургаан хүн тутмын нэг нь бэлгийн дарамтыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэлгүй, бэлгийн дарамтын тохиодол гарах үед хаана, хэнд гомдол гаргахаа мэддэггүй аж.
Энэ нь ч ХЭҮК-т ирсэн 2016-2023 оны гомдол саналын тоогоор батлагдаж буй. ХЭҮК-т хандаж ирсэн нь л цөөн болохоос далдуур үйлдэгдэж байгаа нь зах замбараагаа алдсан. Арга ч үгүй. Ердөө, АББД-д өртсөн эмэгтэйчүүдийн 10 хувь нь асуудлыг шийдүүлэхээр гомдол гаргасан байдаг.
ХЭҮК-т ирсэн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн тоон мэдээ
Эрхийн төрөл
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
Нийт
Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох
7
7
10
15
29
44
37
16
165
Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах
17
21
12
45
19
25
27
12
178
Цалин хөлс авах
15
7
5
15
24
34
5
20
178
Амрах
3
0
0
0
4
0
0
0
7
Хувийн аж ахуй эрхлэх
3
6
2
5
6
1
0
0
23
Албадан хөдөлмөрөөс ангид байх
1
0
0
0
1
4
1
1
8
Ажлын байрны дарамт
30
19
55
38
43
126
98
82
491
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ
5
1
4
9
5
12
3
8
47
Гуравт, хууль эрхзүйн орчин. Хэдийгээр хууль эрхзүйн орчинд дэвшилт гарч байгаа ч алдаа оноо бий. Тухайлбал, 2015 оны Эрүүгийн хуульд "Бэлгийн дарамт учруулах" үйлдлийг гэм хэрэгт тооцож байсныг 2017 оны хуулиар хүчингүй болгосон. Тиймээс мэргэжилтнүүд үүнийг эргүүлэн Эрүүгийн хуульд тусгахыг шаардаж буй. Үгүй бол бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд оноож буй торгуулийн ял нь тухайн эрх мэдэлтэнд ял биш "ашиг" болж байна.
М.Болормаа
М.Болормаа
Цагдаагийн байгууллага хохирогчоос мэдүүлэг авахдаа даапаалж, илүү доромжлох хандлага гаргаж байгаа нь нотлогдсон
М.Болормаа
Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа: Эмэгтэй удирдагч сан ажлын байран дахь бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр 2002 оноос хойш ажиллаж байна. Бид эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар кейсүүдэд дүн шинжилгээ хийсэн. Яагаад гэвэл хууль эрхзүйн орчин байхгүй байна гээд байгаа шүү дээ. Тэгвэл Жендерийн тэгш байдлын тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Зөрчлийн тухай хуульд шийтгэх гэдэг ч юм уу, хууль эрхзүйн нөхцөл нь бүрдэж байгаа хэр нь эмэгтэйчүүд яагаад хохирч байна вэ. Ялангуяа хөдөлмөр эрхлэх явцдаа хохирч байгааг кейсээр гаргаж ирэхийн тулд олон талын оролцоотой гурван багаар гурван кейс дээр ажилласан. Энэ гурвын тухайд хоёр нь МУИС-д багш нь оюутандаа бэлгийн дарамт учруулахыг завдсан буюу заналхийлсэн. Үлдсэн нэг кейс нь Говьсүмбэр аймгийн уурхайд гарсан. Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан охиныг захирал нь буюу гадаадын иргэн бэлгийн дарамт учруулсан. Энэ гурван кейсийн хувьд гурвуулаа шүүхээр шийдвэрлэгдсэн. Ер нь, АББД-д ил гаргасан асуудал бүгд давхар хохирогч болоод байна. Иймд давхар хохирогч болж байгаа шалтгааныг гаргахын тулд мөрдөн байцаагч, өмгөөлөгч, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд ажилласан. Ингэж дүн шинжилгээ хийхэд хохирогч нэр төрөө золиосолж, ажилгүй, эдийн засгийн дарамтад орсон ч хэрэг нь шийдэгдэхгүй байна. Түүнчлэн, мөрдөн байцаах газарт өргөдлөө өгч байгаа. Гэтэл анхан шатанд өргөдөл, гомдол хүлээн авч байгаа цагдаагийн байгууллагууд энэ талын мэдлэг байхгүй. Ирсэн хохирогчоос мэдүүлэг авахдаа даапаалах, илүү доромжлох хандлага гаргаж байгаа нь нотлогдсон.
Дараагийн нэг зүйл нь прокурор болон хэргийн хянан шийдвэрлэх шүүхээр орж байгаа. Гэтэл анхан шатны шүүгчид энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл сул, хэрэг дээр анхаарал хандуулахгүй шүүгчийн өөрийн үзэмжээр шийдэж байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Цаашид бид гэрч хохирогчийг анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, гэр хохирогчийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үгүй бол гэрч болсон хүн, АББД-д өртсөн иргэн хохирч байгаа. Мөн мэргэшсэн шүүх, цагдаа, прокурорыг бэлтгэх хэрэгтэй.
Ял шийтгэлийн тухайд Зөрчлийн хуульд зааснаар 5000 нэгжээр торгуулдаг. Тэгэхээр үйлдсэн этгээд сая төгрөгөөр торгуулиад өнгөрч байгаа юм. Сая төгрөгөөр торгуулсан эрх мэдэлтэй хүн цаашаа өш хонзонгийн сэдлээр хохирогчийг ажлаас нь халах, дарамтлах, олон нийтийн дунд доромжлох асуудал гарч байна хэмээлээ.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн