Open iToim app
Төсөв | 2 мин уншина

Төсөв 2024: Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ

Төсөв 2024: Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 3
Өмнөх жилийн хуучин зургийг ашиглав:
Сангийн яамнаас өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг мягмар гаригт "d.parliament.mn" цахим хуудаст байршууллаа.
Засгийн газар төсвийн төсөлд төсвийн орлого 25.3 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд ирэх оны буюу сонгуулийн жилийн төсвийн зарлагыг 2023 оны баталсан төсвөөс 22 хувиар нэмэгдүүлж, 27.4 их наяд төгрөг байхаар оруулж иржээ. Ингэснээр төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон байна.
Тиймээс сонгуулийн жил төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас анхаарал татсан зүйлсийг цувралаар хүргэж байна.
Хөрөнгө оруулалтын зардал 9.1 их наяд төгрөг
Засгийн газраас 2024 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардалд 9.1 их наяд төгрөг тусгажээ. Үүнээс 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нь шинэ төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бол 5.1 их наяд төгрөг нь өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгахад хуваарилсан байна.
Төсвийн хөрөнгө оруулалтыг чиглэлээр авч үзвэл барилга байгууламжид 8.09 их наяд төгрөг, тоног төхөөрөмжийн худалдан авалтад 826.8 тэрбум төгрөг, их засварын ажилд 126.9 тэрбум төгрөг, ТЭЗҮ болон зөвлөх үйлчилгээний зардалд 76.1 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөсөн байна.
Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөв
Хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 2.18 их наяд төгрөг төсөвлөсөн байна.
Харин аймгуудад нийт 5.73 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан аж. Үүнээс, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нутаг болох Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөг буюу нийт 21 аймагт төсөвлөсөн хөрөнгө оруулалтын тавны нэгийг төсөвлөжээ.
Нөгөө талд, уул уурхайн салбарын гол орлогыг төвлөрүүлдэг Өмнөговь аймагт хамгийн бага буюу 39.5 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийхээр хуваарилжээ.

О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн