Хүүхэд хамгааллын тухай хуульд хүчирхийллийн дөрвөн хэлбэр байдаг. Үүнд бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах гэсэн. Нийтээрээ өнөөдрийг хүртэл зөвхөн ил харагдаж байгаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд анхаарлаа хандуулсаар ирсэн. Тэгвэл үүний цаана хүүхдэд насан туршид нь хор хохирол учруулдаг, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл газар авсаар байна. Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хүүхдийн эрх хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасантай ярилцлаа.
-Үл хайхрах хүчирхийлэл гэж юу болох, ямар үйлдлээр илэрхийлэгддэг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл нийгэмд нийтлэг байдаг. Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийг санаатай болон санаандгүйгээр хоол хүнсээр гачигдуулах, хараа хяналтгүй удаан хугацаагаар гадуур явуулах болон олон цагаар тоглуулах зэрэг багтдаг. Үл хайхрах хүчирхийлэл харьцангуй амьдралын боломжтой гэр бүлд явагддаг. Аав, ээж ар гэрийнхэн нь хүүхдэдээ анхаарал бага тавьж, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг асуудал байдаг. Эцэг эхийн хараа хяналт сулрах, завгүй олон цагаар ажиллах зэрэг нөхцөл байдал хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэл буюу түүнийг дагасан эрсдэлүүдэд хүргэж байдаг. Завгүй гэх нэрийн дор хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг. Том хүүхдээрээ бага хүүхдүүдээ харуулах, хэт өндөр настай хүмүүст хүүхдээ харуулж орхидог. Хэдийгээр ийм нөхцөл байдлын дуудлага 108 төвд бага ирдэг ч энэ нь цаашдаа даймжирвал хүүхэд эрсдэлд орох нөхцөлүүдийг бүрдүүлж байдаг.
-Үл хайхрах хүчирхийлэл нь эдгээр хүчирхийллийн хэлбэрүүдээс хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Үл хайхрах хүчирхийлэл нийлээд өндөр хувийг эзэлдэг. Өнгөрсөн оны байдлаар хүүхэд хүчирхийллийн 9200 гаруй дуудлага ирсэнээс, 3000 гаруй нь үл хайхрах хүчирхийллийн дуудлага байсан.
-Эцэг эхчүүд ямар шалтгаанаас болж хүүхдээ үл хайхрах тохиолдол их байдаг вэ?
-Дуудлагаар ирж байгаа хүүхдүүдийн хувьд нэгд, архидалтаас болж хүүхдийг олон цагаар хоол ундгүй орхих, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд орхих тохиолдлууд их байна. Бид дуудлага мэдээллийг хүлээж аваад аюулын зэрэг өндөр гэж үзвэл хүүхдийг тусгаарлах байранд байрлуулдаг. Тодорхой хугацаанд ар гэрийхэнтэй нь ажиллаж, эцэг эхийг нь цагдаагийн байгууллагад эрүүлжүүлдэг. Хоёрт, хүүхдийг удаан хугацаагаар гадагшаа дотогшоо орхиж явах, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг орхиж явах тохиолдол их байдаг. Удаан хугацаагаар хүүхдийг орхиж явсан үед тухайн хүүхдийн хараа хяналт сулраад ирэхээр цахим гэмт хэрэгт орох эрсдэл өндөрсдөг, цахимаар таниж мэдэхгүй хүмүүстэй холбогдож тоглох, гадуур удаан хугацаагаар тэнэх, тоглоомын талбайд удаан тоглох зэрэг тэр хэмжээгээр хүүхдэд үүсэх эрсдэл өндөр болж байдаг. Энэ зүйлүүдийг эцэг эхчүүд тэр болгон мэддэггүй. Ер нь бол тодорхой хугацаанд хүүхдээ эргэж, хяналт тавьж, ярилцаж хаана байгааг нь мэдэж, тодорхой хугацаанд үүрэг даалгавар өгч байх шардлагатай. Хүүхдийг өглөө боссон цагаас орой амрах хүртэл тодорхой цагийн дарааллаар дэглэмд оруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Гуравдугаарт ажлын шаардлагаар хүүхдээ олон цагаар үлдээх нь нийтлэг байдаг. Залуу эцэг эхчүүд тодорхой шаардлагаар уул уурхайд ажиллах, урт цагаар ажиллах, 24 цагаар ажилладаг зэрэг ажлууд байдаг. Өглөө гараад орой ирээд л унтчихдаг ийм тохиолдлууд байна. Иймд ялангуяа бага насны хүүхдүүд хоол унд, тодорхой дулаан байр, хувцас зэрэг зүйлсээр гачигдах нь элбэг. Өсвөр үе буюу дунд насны хүүхдүүд хараа хяналт сулрахаар олон цаг гадуур тэнэх, олон цагаар тоглоомын талбайд тоглох, утас компьютерийн тоглоом тоглох. Ахлах насны хүүхдүүдийн хувьд аливаа гаж муу зуршилтай хүмүүст уруу татагдах, сургуулиасаа хөндийрөх асуудлууд тулгардаг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ цагийн үечлэлтэйгээр, цагийн хуваариар байлгах хяналт тавьж байх хэрэгтэй. Тодорхой найз нөхөд, ямар хүрээлэлд байна, цахим орчинд ямар хүрээлэлтэй байна, ямар хүмүүстэй уулзаж байна гэх зэрэг хүүхдийнхээ талаар мэдээлэлтэй байх нь чухал.
-Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд 108 төвд л хандах уу?
-Хүүхдийн тусламж 108 төвд хандах эрхтэй. Дээр нь тодорхой асуудлууд байвал хөршийн дуудлага мэдээлэл, цагдаагийн 102 утсанд мэдээлэл өгч болно.
-108 төвд хандсан хүүхдэд тус төв ямар арга хэмжээ авдаг вэ?
-108 төв дуудлага мэдээллийг хүлээн авч тэр даруйд нь арга хэмжээ авдаг. Хэрвээ шуурхай тусламж хэрэгтэй гэвэл цагдаад хандаж, цагдаа болон 108 машин очиж хүүхдүүдийг авч, тусгаарлах байранд авчирдаг. Дуудлага мэдээллийг хүлээн аваад аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл залуучуудын хөгжлийн газар руу шилжүүлдэг. Тэндээс хамтарсан баг руу шилжүүлж хамтарсан баг яаралтайгаар тухайн айлд очиж нөхцөл байдлын үнэлгээ хийдэг.
-Энэ төрлийн хүчирхийлэл үйлдсэн эцэг эхчүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Зөрчлийн хуулиар тодорхой арга хэмжээг авдаг. Архины хамааралтай эцэг эхчүүд байвал эрүүлжүүлэх, архины эмчилгээнд явуулах, урьдчилан сэргийлэх зэрэг. Тодорхой хариуцлага тооцож, торгууль тавидаг. Хамгийн гол асуудал нь гэр бүл ахуйн хүрээний архидалттай холбоотой хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг.
-Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ямар бэрхшээл тулгардаг вэ. Хүүхэд сэтгэл санаагаар унах тохиолдол их байдаг уу?
-Өөрийгөө хэн ч биш гэж бодох, тоогдохгүй байх, өөртөө итгэлгүй болох, бусдын нөлөөнд хурдан өртөх тохиолдлууд байдаг. Тухайн хүүхдийг асран хамгаалагч харгалзан дэмжигч нь хайрлаж, хамгаалж, хооллож ундалж хэрэгцээг нь хангахгүй, ярилцахгүй, сургуульд явуулахгүй болохоор өөрийг нь наашаа гэж сайн хандаж байгаа хүмүүсийн хамааралд орох эрсдэл үүсдэг. Мөн удаан хугацаагаар үл хайхрах хүчирхийлэлд байвал сэтгэл санааны хямралд орох, буруу зүйлд донтох утас дэлгэцний хамааралтай болох, хичээл сургуулиас хөндийрөх, хичээлийн хоцрогдолд орох, хоол ундаар дутмаг удаан хугацаагаар явахаар бие бялдрын өсөлтийн дутагдалд орох зэрэг асуудлууд үүсдэг.
-Эцэг, эхчүүд энэ төрлийн хүчирхийлэл үйлдэж байгаагаа тэр бүр мэддэг болов уу?
-Ихэнхдээ мэдэж байдаг. Амьдралын түвшин гайгүй эцэг, эхчүүд хүүхдүүддээ хоол өгч, хувцаслаж, хэрэглээг нь хангалттай өгч байна, тэгээд болоо гэж боддог. Хүн бол сэтгэлийн амьтан. Тархи нь үргэлж хөгжиж байгаа учраас харилцаанд орох, ярих ёстой, сэтгэл санаа бүх зүйлээ хуваалцаж байх хэрэгтэй. Ингээгүйн улмаас сэтгэлийн дарамтад орох, сэтгэлээр унах, хүнтэй таарахгүй байх зэрэг шинж чанарууд илэрдэг.
-Хүүхдийг сургууль цэцэрлэг болон гэр бүлийн орчинд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгааг энгийнээр мэдэх боломжтой юу?
-Бага насны хүүхдүүдийн хувьд илүү мэдрэгддэг. Гэр бүл бүтэн биш, хоол ундгүй, хайр халамжаар дутуу байгаа зэрэг нүдэнд нь илт харагдаж байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд тэр нь харагддаггүй. Иймд сургуулийн сэтгэлзүйч, 108 төвд ирсэн дуудлага мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Дуудлага мэдээлэл дотор зөвлөгөө мэдээлэл гэсэн зүйл нэлээд хувийг эзэлдэг. Энэ насны хүүхдүүд мэдээлэл, зөвлөгөө, ярилцахыг хүсэж байдаг.
-Энэ төрлийн хүчирхийлэл үйлдсэн эцэг эхчүүд болон хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Эцэг эхчүүдийн сэтгэлзүйд нөлөөлөх, эцэг эхчүүдэд ойлгуулах, хүүхэддээ анхаарал хандуулах, үеийн найзууд шиг байх зэрэг нөлөөлийн ажил ихээр зохион байгуулдаг. Эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгож өсгөх үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Дуудлага мэдээлэл ирсэнд нь бид нар ажиллаад явчиж байгаа. Дуудлага өгөхгүй байгаа ч гэсэн тодорхой энэ талын мэдээлэл хүрэхгүй байгаа хэсэгт нөлөөлөл, сурталчилгаа, сургуулиар дамжуулж хүргэхийг зорин ажиллаж байна.
-Энэ төрлийн хүчирхийлэлд аль насны хүүхдүүд илүү өртдөг вэ?
-Насны хувьд янз бүр байдаг. Бага насны хүүхдүүд дуудлагаар ирсэн тохиолдолд эрсдэлийн зэрэг тогтоогоод шууд түр хамгаалах байранд авчихдаг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд мэдээлэл хүсдэг, нэрээ нууцалж ийм асуудал байна энийгээ яаж даван туулах уу гэдэг дээр мэдээлэл хүсдэг. Бага насны хүүхдэд дутагдаж гачигдаж байгаа зүйлийг тодорхойлоод өгдөг. Өсвөр насны хүүхдүүдэд зөвөлгөө мэдээлэл, сэтгэл засал, хамтран ажиллах тал дээр анхаардаг.
-Үл хайхрах хүчирхийллийг дан ганц эцэг эхчүүд үйлддэг үү. Багш, хамаатан садан, найз нөхөд гэх мэт тохиолдлууд байх уу?
-Асран хамгаалагч, харгалзан дэмжигчид л гэж байдаг. Багш нарын үндсэн ажил үүрэгт, тэгш харьцаж боловсролыг тэнцүү хүртээх үүргийг тусгасан байдаг.