Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Золжаргалтай ярилцлаа.
-Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ хичээл, даалгаврыг хийлгэхийн тулд олон арга хэрэглэдэг шүү дээ. Хичээлээ хийж чадахгүй байхад нь зарим тохиолдолд загнах, гар хүрэх тохиолдол ч гардаг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл, даалгаврыг хийлгэхдээ юунд анхаарах вэ?
-Юуны өмнө гэрийн даалгавар бол хүүхдийн хувьд ихээхэн тэвчээр, хүч шаардах маш чухал хариуцлагатай хөдөлмөр бөгөөд хүүхдийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх, бие даан суралцах чадвар, хариуцлагатай байдлыг бий болгох боломжийг олгодог. Зарим эцэг эх гэрийн даалгаврыг хийлгэхийн тулд өөрсдөө хийж өгөх тохиолдол гардаг. Энэ нь хэмжээнээс хэтэрвэл хүүхдийг бие даан бодож сэтгэхэд нь саад болох магадлалтай. Гэрийн даалгавраа анхнаасаа системтэй хийж эхэлбэл хүүхдэд хэвшил болж, өөрөө бие даан гэрийн даалгавраа хийх болно. Тиймээс эцэг эхчүүд гэрийн даалгаврыг нь хийлгэхдээ дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна.
Хүүхдийн гэрийн даалгавраа хийх тайван, тогтвортой орчинг бүрдүүлэх буюу өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байх нөхцлийг бий болгох,
Гэрийн даалгаврыг нь хийлгэхдээ аль болох хүүхдийг амарсан, хоолоо идсэн байх үед, анхаарал төвлөрөхөд саад болохгүй орчинд хийлгэх
Хичээлийн эхний жил хүүхэд эцэг эхийн тусламжтайгаар гэрийн даалгавар хийхийг эрмэлзэх ба тухайн үед нь хамтдаа сууж, хүүхдийг аль болох өөрөөр нь бичүүлэх, зуруулахыг хичээх
“Мэдэхгүй, чадахгүй зүйл байвал асуугаарай, чамд туслахад бэлэн шүү” гэдгээ хүүхдэдээ хэлэх, түүнийг нь тайлбарлаж, зааж, хамтдаа хийж үзэх
Гэрийн даалгавраа тогтмол хийдэг цагтай байх /15-17 цаг, 19-20 цаг гэх мэт/
-Ер нь эцэг эхчүүд хүүхдээ сайн сургахын тулд хичээлээр их шахдаг шүү дээ. Энэ зөв үү?
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг бий болгох нь чухал. Тухайлбал, хамтдаа хичээл хийхэд нь туслах, айдасгүй тайван орчинг бий болгох, өөрийгөө хүүхдэдээ туслахад бэлэн гэдгээ харуулах зэргээр тайван байдлыг хангах нь чухал. Мөн хүүхдийн насны онцлогоос хамаарч хичээл хийх цаг нь янз бүр байдаг. Жишээлбэл, бага ангийн хүүхдүүд гэрийн даалгавар хийхэд 1-2,5 цагийг зарцуулах нь зүйтэй. Түүнээс илүү цагийг зарцуулах нь хүүхдийн бие махбод, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хүүхэд хэт их ядрах, анхаарал нь хангалттай төвлөрөхгүй байх, хичээлээс үүдсэн айдас бий болох, сургуульдаа явах сонирхолгүй болох гэх мэт. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой орчныг бий болгох, хичээл хийж байх үед нь хангалттай сайн амраах, хэт ядраахгүй байх, хичээлээ хийж дууссаныг нь урамшуулж, магтах зэргийг зөвлөж байна.
-Ихэнх хүүхэд хичээл хийх сонирхолгүй байдаг шүү дээ. Яагаад юм бол?
-Хүүхэд хичээл хийх сонирхолгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Үүнээс дурдвал, хүүхдийн өөрийнх нь хүсэл зорилгыг ойлгохгүй байх, тэднийг сонсохгүй байх, хичээлээ хэт их хийхийг шаардах, сүрдүүлэх, өөрөө бие даан хийж байх үед нь шүүмжлэх, загнах, сэтгэл зүйн хувьд тогтвортой байдлыг хангаж чадахгүй байх, хүүхэд хичээл хийхээс айдаг байх, “Юу ч хийж чадахгүй”, “Чи муу хүн болно” гэх мэтээр хэлж, өөрийн үнэлэмжийг буурахад нөлөө үзүүлэх зэрэг хүчин зүйлс бий.
-Хүүхдийг хичээлээ хийхэд нь дуртай болгоход ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдийг хичээлээ хийлгэхэд нь дуртай болгох нь сургуульдаа дуртай байх, цаашид суралцах хүсэл эрмэлзлийг бий болгох чухал зүйл. Нэн түрүүнд, хичээлээ хийх дургүй байх шалтгааныг асууж, ярилцах, өмнө нь юунаас болж дургүй болсныг тодруулах, хүүхдэдээ хичээл сургуульд нь анхаарч байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлэх буюу сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлыг хангах, өөрийнх нь хүсэл эрмэлзэл, сонирхлыг сонсож, ялангуяа энэ насны хүүхдийн онцлог нь тоглох хүсэлтэй байдаг учраас хамтдаа тоглох, найзуудтай нь тоглуулах, сонирхолтой үлгэр хамтдаа унших, хүүхэлдэйн кино хамтдаа үзэх, ярилцах, хичээл хийхийг хэт их шаардахгүй байх, хичээл хийх үед нь аль болох амраах зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.
-Энэ жил нэгдүгээр ангид 70 гаруй мянган хүүхэд элсэж байна. Сургууль гэдэг бол хүүхдийн хувьд шинэ орчин учир дасан зохицоход сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй байх. Хүүхдийнхээ энэ цаг үед эцэг эхчүүд юунд анхаарах вэ?
-Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь аливаа шинэ орчинд дасан зохицох явцад үүсч болох түгшүүрийг багасгахын тулд мэдээллээр хангаж буй явдал юм. Ингэхдээ гурван төрлийн мэдээллээр хангахыг зөвлөдөг. Нэгд, үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах буюу сургуулийн орчны талаар тайлбарлаж өгөх, боломжтой бол сургуулийн орчинд дагуулж явж, үзүүлэх, багшийн зааварчилгааны дагуу хичээлээ хийх талаар хэлж өгөх. Хоёрт, гарч болох эрсдэлийг хэлэх буюу найзтайгаа муудалцах, бие засах талаараа хэлэх гэсэн боловч багш нь сонсохгүй байх зэрэг. Гуравт, үүнийг яаж шийдвэрлэж болох талаар хэлж өгөх буюу багшийгаа чам руу харж байх үед нь хэлэх гэж буй зүйлээ хэлэх, найзад нь тусламж хэрэгтэй бол багшдаа очиж хэлэх гэх мэт мэдээллээр хангах хэрэгтэй. Мөн нийгмийн харилцаанд хүүхдээ аль болох их оролцуулах буюу гадаа тоглуулах, найзуудтай нь хамт тоглуулах зэргээр нийгэмшүүлэх нь хүүхдийг сургуульд ороход хийж буй сэтгэл зүйн бэлтгэлийн нэг хэсэг болно. Цаашлаад хоёр болон гуравдугаар ангид нь мөн адил сэтгэл зүйн хувьд үргэлжлүүлэн бэлтгэх хэрэгтэй. Нэг зүйлийг сануулахад, сургууль бол гоё гэсэн хүлээлтийг үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь хэт өндөр хүлээлт хүүхдэд үүсгэх нь хожим төсөөллөөс өөр орчин угтсан үед хүүхдэд хямрал бий болох эрсдэлтэй. Сүүлд хэлэхэд, хүүхдийнхээ сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал хийх зүйл юм шүү.