Монголчууд “Өөдлөх айл үүднээсээ” гэж ярьдаг. Манай улсыг зорин ирсэн гаднын жуулчдын хувьд Монголыг таньж, мэдэх эхлэл, анхны сэтгэгдэл нь шинэ нисэх буудал билээ. Мөн далайд гарцгүй манай улсын эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалд агаарын тээврийн салбар нэн чухал ач холбогдолтой.
Тиймээс Монгол Улсын угтах хаалга болсон "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг зорилоо. Хурдны зам хөдөлгөөн ихтэй, шинэ нисэхийн гадаах зогсоол дүүрэн, хүлээх танхим ирж буцах гадаадын жуулчид, зорчигчдын хөлд дарагджээ.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал оргил ачааллын үед өдөрт 8200 зорчигч хүлээн авч байна
“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 19 агаарын тээвэрлэгч компаниуд 20 гаруй чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа аж. Сүүлд, “МИАТ” компани орон нутгийн 8 чиглэлд нислэгээ сэргээсэн.
Зураг төслийн дагуу шинэ нисэх буудал олон улсын нислэгээр жилд 1.4 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Тэгвэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар олон улс, орон нутгийн 55-60 гаруй хөөрч буух нислэг хийж, 6000-6500 зорчигч хүлээн авч байгаа аж.
Наадмын өдрүүдийн оргил ачааллын үед өдөрт олон улс, орон нутгийн 72 хөөрч, буух нислэг үйлдэж, 8291 зорчигч хүлээн авчээ. Хэрэв оргил ачааллыг жилээр тооцвол шинэ нисэх буудал жилд 3 сая буюу Монгол Улсын хүн амтай тэнцэх хэмжээний зорчигч хүлээн авах нөөц бололцоотой гэж тооцож болох юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага(UNWTO) дэлхийн хэмжээнд 2023 оны эхний улиралд гадаад улс руу зорчих жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад 80 хувьд хүрсэн гэж мэдээлжээ. Гадаадад аялах жуулчдын тоо 2022 оны эхний улиралтай харьцуулахад хоёр дахин өссөн гэх тооцоог гаргасан. “Economist Intelligence”-ийн тооцоогоор 2023 онд дэлхийн аялал жуулчлал 30 хувиар өсөх хүлээлттэй байгаа юм.
Харин Монгол Улсын хилээр 2023 оны эхний хагаж жилийн байдлаар 247 мянган гадаадын зорчигч нэвтэрсэн аж. Энэ нь 2022 оны хагас жилтэй харьцуулахад жуулчдын тоо 3 дахин өсөж, ковидын өмнөх 2019 оны аялал жуулчлалын үзүүлэлтийг давсан таатай дүр зураг юм.
"Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны дарга С.Баянмөнхийн мэдээлснээр шинэ нисэх буудлын зорчигчийн урсгал өмнөх онтой харьцуулахад 40 хувиар өссөн байна. Жуулчид хамгийн их ирдэг долдугаар сарын тоон үзүүлэлтийг нэгтгэвэл, манай аялал жуулчлал цар тахлын өмнөх үеийн түвшинг давж, цаашид ч нэмэгдэх хүлээлт бий.
Аялал жуулчлал ирэх жилүүдэд улам нэмэгдэх энэхүү хүлээлттэй зэрэгцэн агаарын тээврийн эрэлт, нисэх буудлын ачааллын асуудал зайлшгүй яригдана. Энэ утгаараа нисэх буудлыг өргөжүүлж, ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах асуудлыг иргэд хөнддөг.
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такефүми энэ талаар "Шинэ нисэх буудал эхний жилүүдэд цар тахлын хүнд үеийг туулсан. Ирэх жилүүдэд нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, тогтвортой болгох асуудалд түлхүү анхаарч байна" гэх байр суурь илэрхийлсэн юм.
Гэтэл нисэхээс гараад жуулчдад үйлчлэх хөтөч, жолооч олдохгүй, хот, хөдөөгүй зочид буудлууд дүүрч ирсэн зочдоо багтаах шингээх боломжгүйд хүрч байгаа талаар аялал жуулчлалын салбарынхан ярьж буй. Тиймээс “сайлаа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн аялал жуулчлалын салбарын хүчин чадал, хүний нөөцтэй уялдуулж нисэхийн салбарыг өргөтгөх асуудлыг хөндөх нь зүйтэй мэт.
Монгол Улсад ирсэн 6 жуулчин тутмын нэг нь Өмнөд Солонгосын жуулчин байна
Манай сурвалжлах баг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд очиход нислэгийн самбарт өнөөдөр 40 гаруй нислэг зай завсаргүй шахуу хөөрч, буух тухай мэдээлэл урсаж байв. Нийт нислэгийн талаас илүү нь Өмнөд Солонгосын чиглэлд хийгдэж байгаа нислэг байв.
2023 оны эхний зургаан сард БНСУ-ын 37 мянган жуулчин Монгол Улсад аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Солонгосоос ирэх жуулчдын тоо 4 дахин, ковидын өмнөх 2019 онтой харьцуулахад 23.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үнэхээр ч нисэхийн хүлээх танхимд холхих зорчигчдын лавтай талаас илүү нь олон хүнтэй групп аяллаар яваа солонгос жуулчид байв. Монголыг зорин аялах Өмнөд Солонгосын одод, олны танилуудын нөлөөгөөр Сөүлээс манайхыг зорих жуулчдын тоо ирэх жилүүдэд улам ихсэх нь гарцаагүй.
БНСУ-ын чиглэлд хийх нислэг болон жуулчдын тоо улам бүр өсөж байгаагаас шалтгаалж “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шинээр солонгос хэлтэй мэдээллийн ажилтнуудтай болжээ.
Цахим гарц нэвтрүүлснээр нэг зорчигч 20-30 секундэд хилийн шалганаар нэвтэрнэ
Дэлхийн бүх нисэх буудлуудад ачаалал, ачаа тээш хүлээгдэх, гээгдэх асуудал тулгамддаг. Шинэ нисэх буудлын тухайд мөн л ачаалал, ачаа тээшний асуудал хэл ам дагуулж, иргэдийг бухимдуулж, чирэгдүүлдэг гэх асуудал үе үе яригддаг.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал орох, гарах чиглэлд тус бүр зорчигчдыг шалган нэврүүлэх 11 кабинтай. Хилийн байгууллага гарах чиглэлд Монгол Улсын иргэдийг дунджаар 2-3 минут, гадаадын иргэдийг 8-10 минутын хугацаанд шалган нэврүүлдэг бол орох чиглэлд Монгол Улсын иргэдийг 2-5 минут, гадаадын зорчигчийг 5-8 минутад шалган нэвтрүүлдэг байна. Үүнийг тооцвол нисэхийн шалган нэвтрүүлэх боомт орох, гарах чиглэлд цагт ойролцоогоор 500-700 зорчигчид үйлчилдэг байна. Энэ нь оргил ачааллын үед заримдаа зорчигчдыг удаан хүлээлгэх, уур бухимдлыг хүргэхэд нөлөөлдөг тал бий.
Тэгвэл шинэ нисэх буудал наймдугаар сарын 1-ээс орох, гарах чиглэлд тус бүр 4 цахим гарц буюу “E-Gate” нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улсын иргэд болон манай улсад визгүй зорчдог орны иргэд шалган нэвтрүүлэх боомтоор хүнтэй харьцахгүйгээр тусгай төхөөрөмжид цахим паспортоо уншуулж, хилийн шалганаар шууд нэвтрэх боломж бүрдэх юм.
Дэлхийн бусад нисэх буудлуудын туршлагаас харахад “E-Gate”-р нэг зорчигч нэвтрэхэд 20-30 секундын хугацаа шаардагддаг.
Тиймээс цахим гарц ашиглалтад орсноор нисэхийн шалган нэвтрүүлэх хүчин чадал хэд дахин сайжирч, нэвтрэх урсгал эрс нэмэгдэх тооцоог хийжээ. Мөн ирэх зорчигчийн паспорт шалгах хэсэг, ачаа авах хэсгийн зарим өрөө тасалгааг буулгаж, зорчигчдод зориулсан зай талбайг 188м2-аар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн энэ онд нисэх буудлын үйлчилгээг сайжруулж, зорчигчийн бөөгнөрлийг сааруулахын тулд 36 метрийн урт ачаа тээш хүлээн авах 3 туузан дамжуургын хоёрыг нь тус бүр 60 метр болгон сунгасан байна. Ингэснээр өмнө нь ачаалал ихтэй үед туузан дамжуургаар явах ачаа, тээшний даац хэтэрхэд төхөөрөмж зогсож иргэдийг чиргэдүүлдэг байсан байдал засагдсан аж.