Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Монголд аялах дараагийн дэлхийн хүн 'Nas Daily'

Монголд аялах дараагийн дэлхийн хүн 'Nas Daily'
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 24
Улаанбаатарын гудамж, орон нутгийн үзвэр үйлчилгээ, замын цайны газрын хаана ч орсон гаднаас ирсэн айлчин, гийчин холхиж, жуулчдын хөлд дарагдсан нь анзаарагдана. Нисэх буудал зай завсаргүй, тур компаниуд аяллаас, аяллын хооронд, хөтөч, жолооч олдохгүй, зочид буудал, амралтын газруудад захиалга дүүрсэн гээд бидний хүчин чадлаас давсан их жуулчин Монголыг зорин иржээ.
Нэг жуулчин манай улсад дунджаар 9 хоног аялдаг. Олон улсын нислэгийн үнийг оруулахгүйгээр Монголд аялж байгаа нэг жуулчин манай эдийн засагт ойролцоогоор 1600 ам.доллар оруулдаг гэх тоо бий.
Тэгвэл ам дамжсан аялал жуулчлал хамгийн сайн сурталчилгаа болдог. Өөрөөр хэлбэл, биднийг зорин ирсэн нэг жуулчин Монгол Улсын талаар эерэг сэтгэгдэлтэй буцахад тэдний гэр бүл, найз нөхдийн хэн нэг нь заавал манайхыг зорин ирдэг. Угаас зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, замаг сайтай нууранд загас бүхэн сэлдэг жамтай. Өнөөдөр Монголыг зорин ирсэн гийчэд дунд дэлхийн урлаг соёлын одод, сошиалд хэдэн сая дагагчтай олны танил инфлүэнсэрүүд цөөнгүй.
Хамгийн сүүлд, дэлхийг тойрон аялагч, “аяллын влог” хийдэг хамгийн алдартай хүмүүсийн нэг болох “Nas Daily” буюу Нусейр Ясин өөрийн хуудсуудаар дамжуулан ирэх долоо хоногт Монгол Улсад ирэх болсноо зарлажээ. Тэрээр “YouTube”, “Facebook”, “Instagram” болон “TikTok” дээр нийт 64 сая дагагчтай. Нусейр Ясин дэлхийг тойрон аялж, очсон улс бүрийнхээ хамгийн өвөрмөц ёс заншил, соёл уламжлал, онцгой хүн, сайн сайхныг нь нэг минутад багтаан сурталчлан таниулдаг нэгэн юм.
Монгол Улсад хийх аяллынхаа үеэр тэрээр наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулах аж. Интернэтэд олон сая дагагчтай контент бүтээгчид шинэ үеийн залууст өөрсдийн туршлагаа хуваалцдаг уг арга хэмжээг жил бүр дэлхийн 10 хотод зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд манай нийслэл “Nas Summit”-г хүлээн авах тав дахь хот болж байгаа бөгөөд өмнө нь Индонезийн Жакарта, АНЭУ-ын Дубай, Израйлийн Тел-Авив, Английн Лондон хотуудад зохион байгуулдагсан.
Арга хэмжээнд 64 сая дагагчтай Нусейр Ясинаас гадна 21 сая дагагчтай Энэтхэгийн “YouTuber” Друв Рати, 3.8 сая дагагчтай АНУ-ын аяллын “vlogger” Алина Тамир зэрэг 10 гаруй аялагч хүрэлцэн ирж, Монгол Улсаар аялан манай улсын талаар контент бүтээж, залуустай туршлагаа хуваалцах аж.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн